Баабар: Монгол бол хэвлэлийн эрх чөлөөтэй орон

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

“Дори идэр дүү” нарын хувьд Баабар гуай хэзээд сонирхолтой фигур байсаар ирсэн билээ. Тийм ч учраас түүний ажлын орчинг дүрслэх гээд үзье. Баабар гуайн өрөөнд дөрвөн зураг бий. Нэг хананд нь дэлхийн газрын зураг, чанх урдаас нь харсан ханан дээр Монголын газрын зураг. Ард талд нь Кубаас 140 доллароор авсан гэх хотын хэмнэлийн тухай өгүүлэмжтэй, хүрэн суурьтай хийсвэр зураг, харин зүүн хананд нь Монголын нэгэн залуу зураачийн бүтээсэн маршал Хорлоогийн Чойбалсангийн хөрөг. Амьд юм шиг өнгөний бичилттэй маршалын хөргийг дагуулан доош харвал Ардчилсан нам байрлах цамхаг тэр дор сүндэрлэнэ. Ахиулаад харвал жанжны талбай, тэгээд хойд дэнжийн гэр хороолол багширч үзэгдэнэ.

ТОЙМ эхнээсээ том амбиц байсан

-Үндэстний ТОЙМ сэтгүүл 400 дахь дугаараа гаргаж байна. 1944 оноос хойш хэвлэгдсэн ЦОГ сэтгүүл л гэхэд 329 дугаар хэвлэгдсэн гэхээр ТОЙМ энэ салбартаа бараг рекорд тогтоочихоод байж магадгүй юм. Энэ сэтгүүлийг үүсгэн байгуулсан дурсамжаас яриагаа эхэлье.

-“ТОЙМ”-ыг манай компани дээр анх эхлүүлсэн. Голомт хотхоны нэг өрөө түрээслээд гаргаж эхэлсэн санагдаж байна. ТОЙМ-ын анхны эрхлэгч нь Д.Батбаяр байсан. Артаньян, Гамп, Энхболдбаатар, Жавхлан, Содбаатар тэргүүтэй залуус түүн дээр тал талаас нэмэгдээд нэг баг бүрдсэн. Бид хамгийн гол нь TIME, The Newsweeк сэтгүүлийн форматаар дотооддоо сэтгүүл гаргах амбицтай байсан л даа. Давтамжийг нь ч энэ сэтгүүлүүдийн адил 7 хоног тутмынх байлгахаар төлөвлөсөн. Ийм жижигхэн зах зээл дээр ийм форматын сэтгүүлийг 7 хоног тутам гаргана гэдэг эрсдэл л дээ. 

Сэтгүүлийн дизайныг нь хүртэл томоохон сэтгүүлүүдийн форматтай адилхан хийсэн. “National geographic”-ийн шар хүрээ, TIME-ийн улаан хүрээнээс үлгэрлээд хавтасны донжийг шийдэж байв. Гэтэл хэн нь матчихсан юм бүү мэд. Оюуны өмчийн газраас “Улаан хүрээгээ авч хая. Оюуны хулгай боллоо” гэж утасдсан. Тэгээд улаан хүрээгээ янзалж өөр болгосон. Мөн үсэгний шрифт адилхан байна гэсэн. “T” үсэгний хоёрталынх нь үзүүрийг авч хаях гэх мэтээр бас өөрчилсөн. Манай дизайн хийсэн улсууд TIME-руу арай хэтэрхий ойртуулчихсан юм байлгүй. Ер нь ном хийдэг улсууд мэднэ дээ. Үй түмэн үсэгний шрифт байдаг. Харин TIME мэтийн том газрууд бол шинээр зохиолгож, давтагдашгүй хийдэг. Манайд үсэгний шрифт цоо шинээр зохиочихсон хүн байхгүй байгаа юм. Голдуу олон нийтэд зориулаад тавьчихсан фонтоор ажил явуулдаг. Лексус машины “L” логоны загварыг 6 сая доллараар хийж өгсөн гэдэг. Уг нь харахад энгийн л лого. Гэтэл үнэтэй эд шүү дээ. Асуудал зохиохдоо байна. 

-ТОЙМ-ын нийтлэлийн бодлогыг анх хэрхэн боловсруулж байв. Нийтлэлийн хэлбэр, шийдэл нь тухайн үедээ их л өвөрмөц, шинэлэг байсан санагдаж байна?

-Мөн л нийтлэлийн бодлого нь Тайм сэтгүүлийг дуурайсан маягтай. Гадаад дотоод мэдээ, тухайн дугаарын голлох өгүүлэл, түүнийгээ тойрсон бичлэгүүд, спорт урлаг гэх мэт. Дараахан нь сэтгүүлийн эрхлэгчээр Мөнхцэцэг ирж Нью-Йорк таймс сонинтой Эргэлтийн цэг нэртэй асар том, зузаан сэтгүүл шинэ оны өмнө гаргах болсондоо жилийн тоймыг “тоймолдог” боллоо. 

Монголд өөрийн гэсэн сургууль, нам, төрийн бус байгууллага, зурагт, сонинтой байх л чухал

-Цаасан хэвлэлийн зах зээл, сэтгүүл яг сэтгүүл хэлбэрээрээ хэвлэгдэх боломж улам бүр л хумигдаж байна шүү...

-Интернет гарч ирснээр дэлхий даяар хэвэлмэл материалын зах зээл нэг хэсэг уналтанд орсон. Олон ч сонингууд хаагдсан. Дэлхий дээрхбүх хэвлэмэл материалууд нийлээд 100 тэрбум долларын эргэлттэй байдаг. Гэтэл Аmazon, Googleл гэхэд тус бүрнээ 300 тэрбумын эргэлттэй шүү дээ. Гэхдээ сүүлийн үед тэр шахалт саарах боллоо. Тэр байтугай хэвлэмэл сонин, сэтгүүлийн зах зээл тогтворжих хандлагатай болж ирж байна. Интернетээр л гарна гэж байсан The Newsweeк сэтгүүлийг л гэхэд эргүүлээд хэвлээд эхэлсэн. Бодит цаасан юмаа барьж унших соёл өөрөө алга болчихдоггүй л юм байна.

-Хэвлэл мэдээллийн салбарт тэсрэлт болоод байна уу? Хөөсрөл үүсээд байна уу?

-Манайд 400 мянга гаруй твиттер хаяг байх шиг байна. Фейсбүүк нь бол хэдэн сая хүрч байгаа байх. Гэтэл тэдний ихэнх эх сурвалж нь хэвлэмэл материал. Хэдэн сонингуудаа мөлжөөд л туугаад байгаа биз дээ. Манайд тэгтлээ бие даачихсан сайт байхгүй. Үнэндээ сайтуудын мэдээллийн гол эх үүсвэр чинь хэвлэмэл материал байхгүй юу. Бие даасан сайт гэвэл “baabar.mn” л байна. Бусад нь цөм сонингоос хусна. “baabar.mn”-ий юмнуудыг ч бас бүгдээрээ барьж аваад, хуулцгаана. 

Бид үнэндээ барууны сайтуудын хэмжээнд хүрээгүй байна. Барууны сайтууд өөрөө сурвалжилдаг, эх үүсвэрээ олдог. Түүнээс биш манайхан шиг хуулаад л тавиад байдаг газрууд биш шүү дээ. Энэ тал дээр бид маш хоцрогдолтой. Сэтгүүлзүйн мэргэжилтнүүдийнх нь тоо энэ салбарын хэрэгцээнээсээ хол давчихсан. Нэмээд хэвлэл мэдээллийн байгууллагын тоо нь хүн амынхаа хэрэгцээнээс хамаагүй давчихсан. 430 телевиз байна. Дэлхийд эхний 10-т орох тоо. Манай ард Германи, Бразил орж байна. Төр дэргэдээ мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хуулиар хориглосон. Бүгд хувийнх. Энэ жижигхэн зах зээлийг хуваалцаж байгаа болохоор бараг бүгд алдагдалтай. Сум болгон өөрийн телевизтэй байна. Том сумууд бүр 4-5 телевизтэй. Юнивишн, Дидиш рүү ороход л монгол суваг 100 гаруй байна шүү дээ. 

Хэдэн жилийн өмнө 23 өдөр тутмын сонинтой байсан. FM-ийн тоо 40 хүрч байгаа байх аа. Сингапур, Япон энэ тэрд бол FM-ийг хотын захиргаанаас зохицуулдаг. Тодорхой зайнд нэг л FM байх ёстой. Тэгэхээр шалгаруулалт гарч ирнэ ээ дээ. Хэрэв зөрчил гарвал тендер зарлаад дараагийн сонирхож байгаа хүн нь ороод явчихдаг. Манайд ийм зохицуулалт байхгүй. Байдаггүй учраас ийм олон FM радио би0ндээ саад болох ойр долгион дээр шөхцалдаад л. Шөнө өдөргүй дуу эргэлдүүлээд орхичихдог болохоор гэрбүлийн амархан ажиллагаа. 

-Манайд ер нь хэвлэл мэдээллийн энэ эх захгүй урсгалыг зохицуулдаг механизм хангалтгүй ажиллаж байгаа юм шиг санагддаг?

-Уг нь манайд 1996 оноос төрөөс хараат бус зохицуулах газруудыг байгуулж эхэлсэн. Тэр дагуу байгуулагдсан мэдээлэл холбооны зохицуулах газар, эрчим хүчний зохицуулах газар, усны зохицуулах газар гэж байна. Засгийн газрын харьяа биш бие даасан байгууллага байх ёстой юм. Гэхдээ анх байгуулахдаа одоохондоо хэнд хариуцуулах вэ гэж байснаа, Ерөнхий сайдад ерөнхийдөө хариуцуулчихъя гэж шийдсэн. Тэрийгээ 25 жил засахгүй яваад л байна. Тэгээд нэг хүн суваг авах хүсэлт гаргахаар Ерөнхий сайдаас очиж асуудаг. Өнөөх нь нэг их мундаг хүн. “Нөгөө намын хүнд суваг өгөхгүй” гэж ирээд солиороод сууж байдаг. Уг нь энэ чинь ерөөс засагт хамаагүй ажил байхгүй юу. Үндэсний олон нийтийн телевизийн Үндэсний зөвлөл шиг хараат бус байхаар анхнаасаа зорьсон зүйлийн үндсэн утгыг нь алдуулаад хаячихсан.

Өөр нэг гажиг байна. Олон нийтийн байгууллага гэдэгт сонин хэвлэл ч орно. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй юм. Түүнийг нь хууль зүйн яам зүгээр л бүртгэх ёстой. Хүүхэд төрчихөөр яасан муухай хүүхэд вэ бүртгэхгүй гэж хэлж болохгүй биз дээ. Нямдорж 2000 онд хууль зүйн сайд болсон доо. Тэр үед “Ерөнхий сайд Энхбаярыг доромжилсон учраас тэр сонин хаалаа” гэх мэт шийдвэр гаргаж байлаа шүү дээ. Бүр клип хүртэл хаасан. Клип хаасан нь эсрэгээрээ реклам болчихож билээ.

-Ер нь ийм олон хэвлэл мэдээллийн байгууллага үлгэн салган амьдраад байгаа нь яг эрүүл үзэгдэл мөн үү?

-Монгол маягийн индивидуализмын л нэг үр дүн юм даа. Нүүдэлчид чинь цөмөөрөө адилхан юм үйлдвэрлэдэг, мах, сүү, арьс, үс ноосноос өөр үйлдвэрлэл байхгүй хүмүүс. Би мах сүүгээ аваачаад танай мах сүүгээр солиод унахгүй шүү дээ. Ганцхан маргалддаг юм байдаг нь бэлчээр. Улсын архивт байгаа 1700-аад оны эхэн үеэс хадгалагдсан бичиг баримтууд ихэнхдээ бэлчээрийн маргаан л байдаг. 

Гэтэл бараа солилцоо гэдэг чинь маш чухал соёл. Хятад, Египет, Энэтхэг, Европ дээр үеэс хөгжсөн гол шалтгаан бол бараа солилцоо, худалдаа. Том том голтой, түүгээрээ худалдааны тээвэр хийдэг байсан. Ялгаагүй том гол мөрөнтэй мөртлөө олон том хүрхрээ, мөрөгцгөөр таслагдсан, хоорондоо холбоо муутай учраас Африк хөгжөөгүй. Хөгжил түрүүлэх, хоцрогдох шалтгаан өөрөө байгалтай холбоотой байдаг. 

Харин нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд асар том талбай хэрэг болно. Бэлчээр нь малынхаа тоог хязгаарлаж таарна. Энэ нутагт 20-30 сая мал л бэлчээрлэж ирсэн. Малынх нь тоо эргээд хүнийхээ тоог хязгаарлана. Энэ нутагт урьд саяас дээш хүн амьдарч байсангүй. Тийм ч учраас дайн дажин, дайжин нүүх миграци маш их гарсан. Хүннү, Жуажань, Түрэг, Монгол гээд асар олон их нүүдэл болсон. Хамгийн сүүлийн том миграци бол Халимагууд. Миграцийн гол шалтгаан нь бэлчээр л байсан. 

Хангай газар 20 километр, говь газар 50-60 километр бие биенээсээ алслан амьдарч байгаа айл гэр чинь бүх юмтай байх ёстой болно. Саяхан болтол хөдөө гутлын хэвтэй айл олон байлаа. Өөрөө гутлаа хийгээд авгай хүүхэддээ өмсгөчихнө. Бүх юмтай болоод ирэхээрээ биенээсээ гуйх юм байхгүй. Хамаарал, хүлцэл бараг үгүй болно. Ийм үед биенийхээ дээр гарах гэсэн нэг уралдаан гарч ирнэ ээ дээ. Тийм ч учраас монголчууд хүүхэддээ, “хүний дор оров” гэж захицгаадаг. Манай аав ээж ч хэлдэг байсан, танай аав ээж ч хэлдэг байсан байх. “Алалц” л гэсэн үг шүү дээ. 

Одоо энэ одонд оочирлож, цол хэргэмд шунадаг чинь тэр сэтгэлгээнээсээ салаагүй байгаагийн илрэл. Цөмөөрөө доктор болоод байгаа чинь үүний л илрэл. 10 мянган хүнд оногдох оюутан, доктор, профессорын тоогоор дандаа нэгд орж байгаа шүү дээ манайх. Доктор болохгүй бол нэг л хүний дор орчих гээд байгаа юм шиг... 

Үүнийг хөдөлмөрийн хуваарь дээр буулгаад харахаар бүр ч хэцүүхэн дүр зураг харагдана. 1937-1938 онд 6500 байшин нураасан. Тэнд монголчуудын барьсан нэг ч байшин байхгүй. Бүр дээр үеэсээ барилга байшин барих ажлыг боолын, олзлогдогсдын хөдөлмөр гэж үздэг байсан. Тийм учраас монголчууд биеийн хөдөлмөрийг “хар ажил” гэдэг. Мал маллавал цагаан ажил, байшин барьвал хар ажил. Ийм ийм шалтгаанаас болоод нүүдэлчдийн харилцаанд дээр үеэсээ эхлээд эдийн засгийн утга байгаагүй юм. Престиж, нэр хүндийн утга л байсан. Тийм ч учраас манайд улс төрийн нам 30 гараад явчихлаа. Төрийн бус байгууллага 24 мянга байдаг. Лавтай гол, ус, нуурыг хамгаалах төрийн бус байгууллага 600 гаруй бий. Монголын бүх гол, нуурууд нийлээд 600 хүрэхгүй. Дээд сургуулийн тоо 200 хүрч явсан, одоо 100 орчим болсон байх. 60 сая хүнтэй Англи 88 дээд сургуультай л даа. 

Эдийн засагт гол зүйл нь ашиг. Гэтэл ашиг хамаагүй нүүдлийн аж ахуй, ашгийг чухалчилдаггүй социалист эдийн засаг манайд ноёлж байлаа шүү дээ. Энэ л уламжлалт хандлагаараа ашгийг биш нэр олохыг урьтал болгоно. Бизнестээ ч ийм хандлагаар хандаж ирлээ. Энэ тухай би саяхан “Менежмент ба анти эдийн засаг” гэж нийтлэлдээ бичсэн байгаа. 450 телевиз бүгд ашиггүй. Цөөн хэдийг эс тооцвол энэ олон сонин ашиггүй. ФМ-үүд бүгд ашиггүй. Дээд сургуулиуд бол амиа л тэжээж, улсаас оюутны тоогоор татаас авч оршин тогтнож байна. Хамгийн гол нь Монголд өөрийн гэсэн дээд сургууль, улс төрийн нам, төрийн бус байгууллага, зурагт, сонинтой байх л чухал. Энэ бол бидний амьдралын хэв хэвшил. 

Зүй нь энэ байдал түрэгдэж, өөрчлөгдөх ёстой. Дэлхийн бүх үндэстнүүд 5-6 мянган жилийн өмнө бүгдээрээ л бөөстдөг байсан, бөх барилддаг байсан. Монгол тэр өөрчлөлтөнд өртөөгүй үндэстэн. Яагаад өртөөгүй вэ? Хүн ам цөөтэй, олон малтай сийрэг суурьшсан газар өлсгөлөн байхгүй, байгалийн гамшиг нэрвэхгүй, тахал цартай тархахгүй. Уулын цаана бүгд тахлаар үхчихсэн байхад жилийн дараа нүүж явахдаа олсон тухай яриа байдаг биз дээ. Том хотууд бол тахалд сүйрнэ биз дээ. Газар хөдлөлтөд нүүдэлчдээс нэг, хоёр айл л хохирно. Ийм болохоор өөрчлөх шаардлагагүй явж ирсэн. Өөрчлөх шаардлага XX зуунд л гарч ирсэн. Нэгдэлжих хөдөлгөөн үүсэх үеийн 1960-аад оны монгол айл, 500 жилийн өмнөх монгол айл хоёр үндсэндээ ялгаагүй байсан.

Эв нэгдэл хэрэг байдаггүй. Сайхан нэгдэж дайн хийж, хүний юм булааж аваад, 100 шаазан, зургаан толгой торготой болчихвол ойрд дайн хийх хэрэггүй болно. Тэр нь дуусахаар дахиад байлдана. Энэ бидний ахуйтай холбоотой. Хоёрдугаарт монгол хүний ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар байна. Өвөл зундаа 100 хэмийн ялгаатай,өдөр шөнөдөө 20 хэмийн ялгаатай, хуурай, маш өндөрлөгт амьдардаг эрс тэс уур амьсгалтай газар хүн зохицоно. Өөр газар бол хүйтнээс хамгаалаад байшин саваа дулаалдаг юм байгаа биз дээ. Монгол хүн болохоор намарт сайхан айраг цагаа уугаад өвөлд биеэ бэлдэнэ. Намрын хүйтэнд харзанд давхиж очиж толгойгоо угаагаад л, зүгээр л өөрийгөө улам чийрэгжүүлээд байна. Өвөл онд орох гээд байгаа юм л даа. Хавар нь мал хүн хоёр яг адилхан болно. Сэтгэл санаагаар унаад, тураад л. “Хүн малын зоо тэнийнэ” гэж ярьдаг биз дээ. Үлгэн салган олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн шалтгааныг ярих гэсэн биш монголчуудын гол ижилслийн нэгийг ярьчих шиг боллоо. Муу муухай гээд байгаа юм биш шүү, байгалиас бидэнд өгсөн өгөгдөхүүн. Хотжоод иргэншээд ирэхээр бид өнөөгийн ертөнцтэй зохицон өөрчлөгдөх болно. Гол нь сэтгэлгээний өөрчлөлт шүү дээ. Ингээд зогссон нь дээр байх. 

-Энэ хандлага өдгөө хөдөөд бараг хэвээрээ байна даа. Ялангуяа дундаж суурин, сумын төвүүдээр яваад харвал...?

-Би монголынхоо бүх сумаар орж үзсэн. Суманд залуус өвөө, эмээгийнхээ тэтгэврээр л амьдарч байгаа шүү дээ. Гол гудмандаа нэг ширээ тавьчихсан өдөржингөө билльярд цохиод л. Салбараад таниартай болчихсон хөзөр тоглоод суудаг. Улаанбаатарт 80 гаруй мянган өрх толгойлсон, ганц бие эмэгтэй байна. Мөн төдий тооны ганц бие залуу сумаар дүүрэн байна. Хэн тоодог юм тэднийг. Хүүхнүүд тэдэнтэй суусан дор орвол нохой тэжээсэн нь дээр гэж байна. Одоо тэдэнд төрийн алба хаах, эсвэл эх эцгийнхээ мөнгөөр амьдрахаас өөр ямар ч арга байхгүй. Хөдөө гараад мал маллахгүй, суман дээрээ шигдээд л суугаад байна. Хамгийн доод талын сум 100 сая, томоохон сум тэрбумыг зарцуулж байна. Тэр бүгд цалинд явж байгаа. Хэрэвзээ зах зээлийн зарчим үйлчилсэн бол сумууд аль хэдийн байхгүй болох байсан. Гэтэл эндээс, төрөөс тэжээгээд байгаа байхгүй юу. Тэжээгээд байгаа учраас л 80-90 мянган ажилгүй залуу тэндээ байж байх нь гоё гэж бодсоор өтөлж байна. Хэдэн зуун жилийн өмнө ядахнаа мал малладаг байсан. Одоо бүр мал ч маллахгүй байна. Сэлэнгэд явж байгаад хэдэн шуудай төмс машинд ачуулах гээд 20 мянган төгрөг өгье, ачаад өгөөч гэхэд хөдлөх хүн гарахгүй байсантай таарч байлаа. Тэрүүгээр дүүрэн ажилгүй залуучууд байсан. “Гай байгаа даа. Чиний зарц уу” гэх янзтай. Дөрвөн жил хоёр удаа сонгууль өгдөг, цагаан ажилтай улс. Ах эгч, хамаатан садныхаа өмнө хар ажил хийж доош орох гээд болдоггүй. 

Өнөөдөр Солонгост очиж ажиллах, Монголд барилга дээр ажиллах хоёрт цалин бараг адилхан болсон. Яагаад гэхээр Монголд хар ажил хийх хүн олдохгүй учир үнэлгээ өсчихсөн. Яг энэ сууж байгаа барилгыг барьсан компани 60-70 мянгыг өдөрт өгье гэхэд хүн олдохгүй, ирсэн улсууд нь хулгай хийгээд дуусдаг. Намар энэ байшинг барьж байсан улс бүгд алга болчихлоо гэнэ. Сураг сонсох нь ээ, Турк хямралд ороод цөмөөрөө тийшээ гараад нисчихэж. Тэндээс юм авч ирж наймаалах чинь цагаан ажил байхгүй юу. 

Энэ Улаанбаатарыг хэн босгосон юм ер нь? Хятадууд босгосон. Өнөөдөр Хятадад амьдралын түвшин сайжраад, энд ирж ажиллах хятад олдохоо больсон. Одоо энд хятад ажилчид байгаа бол цаанаасаа өөрийнхөө компанитайгаа гэрээ байгуулаад, тэндээсээ цалин авч ажиллаж байгаа. Урдаас вагоноор нь ачиж авчирдаг чинь байхгүй болсон. Манайхан өөрснөө Хятадад олнооро очиж ажиллах болсон. Оёдолчин, урлалчин бүгд орлогоо хараад урагшаа явж байна.

Өөрсдийгөө хэвлэлийн эрх чөлөө гээд нэрлэчихсэн нөхөд чинь хэрэг дээрээ улс төрийн тоглоом, эрх чөлөөний дайсан

-Нийгмийн сүлжээ хэвлэл мэдээллээс дутуугүй болж. Энэ хоёр хослохоороо бүр ч үр дүнтэй байна. Сайн талаараа ч, муу талаараа ч...

-Бид саяхан судалгаа хийсэн. Нийгмийн сүлжээ үнэндээ нийгэмд үзүүлэх нөлөө багатай юм байна. Жишээ нь твиттерийн нөлөө 3 хувь л байна. Фейсбүүк 29 хувьтай гарч байгаа юм. Гэхдээ фейсбүүк чинь хэдэн зуун мянга болж цааш задарна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дунд сургуулийг 1974 онд төгсөгчдийн фейсбүүк бүлэг гэх мэтээр задарчихна шүү дээ. Үүнд нь хуваачихаар хувь нь багасаад ирнэ. 

Твиттер бол ингэж олон хуваагдахгүй. 400 мянган хаягны дор хаяж тэн хагас нь давхар юм уу, хуурамч хаяг байгаа. Ажаад байхад твиттерт үнэндээ 200 хүн л идэвхтэй ажилладаг. Нийгэм дэх нөлөө нь бага мөртлөө эрх баригчдад нөлөөлөх нөлөө нь маш өндөр. Дарга нар нь хэд твиттердүүлээд л ухаан алдчихдаг. Тэгэхээр манайд мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ бол үнэхээр хүчтэй. Твиттер гуравхан хувь мөртлөө шийдвэр гаргах түвшиндээ их хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр тэр 200 хүнд баяр хүргэмээр.

Засаг твиттер харж байгаад л дагаж намираад байна. Энэ чинь муу юм биш шүү дээ. Төр хяналттай байх ёстой юм байгаа биз дээ. Хяналтын үүргийг олон нийтийн сүлжээ хамгийн сайн гүйцэтгэж байна. 2016 онд хотын шинэ дарга гарч ирээд 10 цагаас ресторануудыг хаана гэж хэсэг дөвчигнөв дөө. Твиттерээр сайхан гөвүүлж авсан. Сүүлдээ бүр шөнийн гудамж байгуулна, шөнөжингөө ажиллуулна гээд санаа нь 100 хувь эргэчихсэн. Энэ бол үнэхээр сайн хяналт л даа. Түүн дотор хуурамч хаягнаас хүн доромжлох зэрэг сөрөг үр дагаврууд бий нь бий. Аливаа юм чинь сүүдэртэй л байдаг шүү дээ. Хэчнээн сүүдэртэй байгаад энэ чинь нийгмийн том хяналтын механизм болчихлоо. 

-Хэвлэлийн мэдээллийн салбар эздийн гарт байна, дүр эсгэсэн чөлөөт хэвлэл гэх мэт шүүмжлэл сүүлийн үед их гарах болжээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол менежментийн асуудал шүү дээ. Мэргэжлийн асуудал биш. Ер нь хэвлэл мэдээлэл өөрийгөө үнэлдэггүй, хэрэглэгчид нь үнэлнэ. Ийм жижигхэн зах зээл дээр 400 телевиз орлогоо хуваагаад авчихна. Тэгэхээр алдагдалтай л ажиллаж таарна аа даа. Манайхан, “Мөнгөтэй улсууд хэвлэлийг их эзэмшиж байна” гэжирээд шүүмжилдэг. Тэгээд мөнгөгүй хүн яаж энэ хэвлэлийг чинь ажиллуулах юм. Хэн менежмент хийж чадаж байна, хэн хөрөнгө мөнгө босгож чадаж байна, хэн хэрэглэгчийнхээ тоог нэмж чадаж байна гэдэг нь чухал. Сургуулийнхаа гайгүй багшийг захирал болгочихдог. Тэгээд сургуулиа унагаана. Тэр хүн сайн багш болохоос сайн менежер биш. Би “мэргэжлийн засгийн газартай байгуулъя” гэж нэг удаа өгүүлэл бичсэн. Бүх сайд нараар менежерүүд тавья гэсэн санаа л даа. Тэгтэл манайхан багшийг боловсролын сайдаар, эмчийг эрүүл мэндийн сайдаар томилчихоод Засгийн газартаа “Мэргэжлийн Засгийн газар” гэдэг хоч өгч энэтэр. Менежмент гэдэг цаанаа авьяас шаарддаг мэргэшил. Түүнээс биш менежментийн анги төгсөөд сайн менежер болно гэж байхгүй. Сэтгүүлчийн анги төсгөөд сэтгүүлч болно гэж байхгүй. Манай сэтгүүлчид, “Энэ муусайн олигархууд л хэвлэл мэдээлэлтэй байгаад байна. Сэтгүүлч би дураараа бичиж чадахгүй байна” гэж ирээд гомдоллоцгоодог. Яаж дураараа бичих юм. Менежмент хийж байгаа хүн чинь мэднэ шүү дээ. Менежерүүд бодлогоо гаргаж тавина. Шар сонин дээр элдэв хов бичиж байгаа чинь ч бодлого биз дээ? Зөвхөн телевизийн мэдээ хэвлэдэг хэвлэл байна. Энэ чинь ч бас бодлого биз дээ? Сэтгүүлчид бас заавал бичиж байх албагүй. Сэтгүүлийн менежмент сайн хийдэг хүмүүс байна. Манай “шүд” Ганболд байна, “уруул” Ганболд байна. Тэд бичдэггүй, гэхдээ менежментээрээ сонингоо аваад явчихдаг улс. Заавал төр засгаа шүүмжилсэн аягүй гоё юм бичээд л, хажуу хавиргаар нь шүлэг бичихээр сэтгүүлч болчихдог юм уу? Ийм олон мэдээллийн хэрэгслэл байхад тэгвэл дураараа дургиж болох хэвлэл рүүгээ очино биз. Хязгааргүй сонголттой чөлөөт нийгмийн иргэд шүү дээ, бид.

-Гэхдээ Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр зугуухан хойшилж байгаа...

-Монгол бол хамгийн их хэвлэлийн эрх чөлөөтэй орон. Терроризмээс болоод интернетийн хэрэглээ ихэнх орнуудад хагас хяналтанд орчихсон. Америк, Европт бол интернэтээс үг хайгаад л, бүгдийг нь хянаад л сууж байгаа, шүүлтүүр ажиллаж байгаа. Манайд тийм хяналт байхгүй. Хятадад гүүглээс эхлээд бүгдийг нь хаагаад өөрийн системтэй болчихсон. Өнөөдөр оросууд мөнгөгүй мөртлөө тийм болно гээд л гүйгээд байна. Сая л гэхэд Орост Ерөнхийлөгч эсвэл төрийг доромжилсон тохиолдолд шийтгэл оногдуулдаг хууль гарчихлаа. Үүнээсөмнө Оросууд шийтгэлийг дандаа орон нутгуудад хувиарлачихдаг байлаа. Орон нутгийн жаахан хэнхэг өвчтэй удирдлага бол барьж яваад шоронд хийчихнэ, арай гайгүй нь торгоод өнгөрнө. Ийм аймшигтай хоёр орны дунд бид ямар сайхан эрх чөлөөтэй байна вэ. Нэг сулхан сэтгүүлч сонинд ажиллаж байгаад даргатайгаа муудалчихаад “манайд эрх чөлөө алга” гээд л орилоод эхэлдэг. Өөрийгөө хэвлэлийн эрх чөлөө гээд ойлгочихсон. Энэ олон зуун сайт, телевизүүд дунд өөрөө эрэн сурвалжлаад, контент бэлтгэх хүн тун ховор байна. Элдэв сонины юм хуулаад л туугаад байдаг. Эрх чөлөөтэй байж болно. Гэхдээ хүний юм хулгайлаад л туугаад, суугаад байж болохгүй. 

-Монголд сэтгүүлчдийн маш олон янзын холбоо байна. Учир тойм нь олдохоо больж байх шиг байна. Арай дөнгүүр нь гэвэл алинд нь орвол зохилтой вэ?

-Сэтгүүлчдийн эвлэлээ хар даа. Бүх сэтгүүлчдээ нэгтгэчихсэн ийм холбоо ер нь дэлхий дээр байдаг юм уу? Хойд Солонгос, Кубад л бий байх. Бас л хуучин нийгмийн инерци шүү дээ. Өөрийн сонирхол сонирхлоороо л холбоонд нэгддэг биз дээ уг нь. Жишээ нь Японд хайку бичигчдийн 3000 гаруй бие даасан холбоо байдаг. Өөр өөрийн сонирхол, стилээ дагаж нэгддэг. Миний бодлоор өнөөдөр Монголд жинхэнэ утгаараа сэтгүүлчдийн холбоо хоёрхон байна. Нэг нь Өдөр тутмын сонинуудын холбоо, нөгөөх нь baabar.mn. Энд яг өөрийнхөө сонирхол, өөрийнхөө шалгуураар орсон улс бий. Жишээ нь baabar.mn-д үзэл бодол хамаа байхгүй, ороход чөлөөтэй. Сайтын доод блокт орж ирээд хамгийн багаар гэхэд тогтмол 10 мянгаас дээш хандалт авчих хэрэгтэй. Тэгээд л гишүүнээр элсэж болно. Гишүүд нийлж цуглана, үзэл бодол өөр өөр хүмүүс мэдээллээ солилцоно, байр сууриудаа тандацгаана. Өөрсдийн сонирхол, менежментийн онцлогоор нийлсэн холбоо ч байж болж байна. Жишээлбэл, өдөр тутам гардаг сонингууд нэг холбоонд нийлсэн байна. 

Нийгэм олон өнгөтэй учраас олон төрлийн нэгдэл байх ёстой л доо. Гэхдээ улсынхаа бүх сэтгүүлчийг нэгтгэсэн эвлэлийн үйл ажиллагаа улс төр, бүлэг шантаажийн хэлбэрт хувирсаар байна. Эвлэлийн даргын төлөө намууд хүч хаяад л, хурал хийгээд л... Яг юун дээр нэгдээд байгаа юм бэ? Би тэр нэгдэж байгаа утгыг нь олоогүй. Социализмын үед бол ойлгомжтой. Бүгд үзэл суртлын “ган үзэг”. Зорилго ойлгомжтой. Намаа дэмжинэ. Юу ч ойлгохгүй хүүхэд хүртэл пионерт элсэхдээ МАХН-ыън үйл хэргийн төлөө гэж өөрийн огт ойлгохгүй бат илэрхийлэх хийнэ. Сэтгүүлч, зохиолч, хөгжмийн зохиолчдын холбоо хүртэл намаа дэмжих үүрэгтэй байсан. Энэ бол тухайн нийгмийн тогтолцооны асуудал. Одоо бидний энэ чөлөөт нийгэмд зааландаа багтахгүй хэдэн мянган сэтгүүлч юу сонирхоод, юун дээр овооролдож нэгдээд байгаа юм? Ингээд өөрсдийгөө хэвлэлийн эрх чөлөө гээд нэрлэчихсэн нөхөд чинь жинхэнэ улс төрийн тоглоом болж байна шүү дээ. 

-Хэвлэлийн үүрэг, дөрөв дэх засаглал гэдэг маань зүгээр л нэр төдий болж хувирч байгаа нь энэ дээ. Одоо сүүлдээ яллах хэрэгсэл ч болж хувирч байх шиг...

-Хэвлэлээр үүрэг гүйцэтгүүлж яах гээд байгаа юм. Хэн үүрэг оноочихоод байгаа юм? Социализмын үед намаас үүрэг оноодог байсан, одоо хэн үүрэг оноох юм? Үүрэг оноож ч яах гээд байгаа юм? Дөрөв дэх засаглал гэдэг чинь хоч шүү дээ. Чөлөөт ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал болж босож ирдэг гэсэн утгатай өргөмжлөл. Хэвлэл мэдээлэл хүмүүсийг шүүж байна, яллаж байна гэлцэж байна. Үүнийхээ эсрэг хэвлэлийнхэн л өөрсдөө тэмцэх ёстой шүү дээ. Монгол хүмүүс хувиа бодсон үзэлтэй. Яг үнэндээ аймхай. С.Зоригийн аллагын дараа бүтэн жил томоохон гэмт хэрэг бараг гараагүй гэдэг. 7 сарын 1-ний дараа ч ийм байдалтай байсан. Айчихаж байгаа юм л даа. Харамсалтай нь ой санамж нь богино болохоор төдөлгүй гэмт хэрэг хийгээд унадаг. Амиа бодсон үзэл нь аймшигтай. Утааны эсрэг жагсаал болж байхад утаа гаргаж буй, хамгийн их хордож буй хүмүүс бараг ирээгүй гэж зохион байгуулагчид гомдоллож байсан. Өөрөө хахаж цацаад ханиалгаад байгаа мөртлөө нийлээд тэмцэе гэхээр ирэхгүй. Амиа бодсон улсууд миний өмнөөс Баабар хэлчихнэ гэж бодоод л сууж байгаа шүү дээ. 

Олон хүн амьдрахаар хот болчихгүй, хотод урбан соёл гэж байх ёстой. Нүүдэлчдийн сэтгэхүйгээр амьдарцгаадаг учраас хамтын эрх ашиг гэж байхгүй. Хамтын эрх ашиг, хамтын аюулын талаар ойлголт бага. Утаанд хахаж цацаад, хордоод байгаа юм бол хөдөө явах хэрэгтэй. Эсвэл утааны эсрэг тэмцэж, хортой утаа гаргахгүйн тулд дор дороо хичээх хэрэгтэй болно. Бидэнд тулгарсан олон проблем нийгмийн дэвшлээс үүдэлтэй. Улаанбаатар 3 мянгахан машинтай, бүтэн сайндаа авто зам нь эл хуль байсан. Гэтэл одоо бараг 500 мянган машин явж байна. 500 мянган хүнтэй байхдаа ч Улаанбаатар огт утаагүй байгаагүй ч харьцангуй бага байлаа. Одоо 1.5 сая хүн нармийтал гал түлж байна. Тэгэхээр утаа, түгжрэл бол нийгмийн хөгжил дэвшлийг дагасан сүүдэр. 1 саяыг нь нутаг руу нь хөөж явуулаад, машиныг нь хурааж аваад 3000-ыг л үлдээвэл асуудал шийдэгдчихнэ. Гарц мөн үү?

Төрийн оролцоо гэдэг эдгээр асуудлыг зохицуулахдаа байгаагаас биш хөрөнгийг нь хурааж аваад алдагдалтай үйлдвэр байгуулахыг хэлэхгүй ээ. Гэтэл бидний, ялангуяа хэвлэл мэдээллийнхний хулчгар, амиа аргацаасан байдал энэ буруу хандлагын шимт хөрс болж байна. 

-Зөрчлийн хуулиар сэтгүүлч байтугай үзэл бодлоо илэрхийлсэн иргэн ч шийтгэл хүлээх нөхцөл бүрдчихлээ шүү дээ?

-Гарамжав гэдэг гишүүний санаачилсан эд биз дээ. Өөрийг нь твиттер дээр хэсэг шүүмжлээд ирэхээр л бодож олсон заалт. Үүнээс хэвлэл мэдээлэл өөрсдийгөө хамгаалах ёстой шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө гэж орилох мөртлөө цагаа тулахаар “гөлөг шиг” дуугай. Хоёр сая төгрөгөөр торгуулчихаад л суугаад байдаг. Сул дорой байвал байгалийн жамаар хүн болгон дээрэлхэнэ. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй тэгээд явж байгаа бол “хохь чинь” л гэхээс өөр яалтай. Хуулиар заасан эрх ашгаа ч хамгаалж чадахгүй байгаа улсыг. 

Ер нь хүмүүсийн ухамсар Монголын төрийн зохицуулдаг асуудал биш биз дээ. Үүнийг чинь Цүкэрбэрг гэдэг хүн зохицуулна биз дээ. Манайхан өөрснөө зохицуулж үзсэн л дээ. Үнэн гоё зохицуулалт. Тодорхой үгнүүдийг хорьсон. Ерөнхий сайд Алтанхуяг гэхээр хориотой үг гэж гарч ирнэ. Тийм мангар юм хийж суугаа юм даа. Хүмүүс үүнийг нь тойрохоо мэдэлгүй л яахав. “пизда” гэж бичихээ больчихсон. “ста” л гээд байна. Соёлын тэргүүн гэж дооёолоод ч байх шиг. Бүр ч өргөн утгатай шинэ хараал бий болчих нь тэр. 

Дордуулсан биш дээрдүүлсэн долоон өөрчлөлт

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг зураглаж ярьвал ямар вэ?

-Улс төр ярьж яах юм бэ! Женко, Хүүкийг муулсан хүн энүүгээр дүүрэн байна. Монголын 3 сая хүний лав хоёр сая нь улс төрч. Нөгөө хаяган дээрээ бичнэ, өндөгний зурагтай хаяган дээрээ улс төржинө. Тэгээд ч би нийтлэлүүд дээрээ байр сууриа системтэйгээр хангалттай илэрхийлж байгаа шүү дээ. 

-Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр ямар байр суурьтай байна?

-Үнэндээ эд нар өөрчилж чадахгүй ээ. Энэ парламент ер нь юу ч хийж чадахаасаа өнгөрлөө. Тэрүүхэн тэндээ 1990 оны юм шалгана гэх мэтээр дүнхүүрээд сууж байдаг боллоо. Өөр арга байхгүй болсон. 

Би УИХ-д дөрвөн жил суухдаа ганцхан хууль өргөн барьсан. Тэр нь Үндсэн хууль. Шилжилтийн үеийн Үндсэн хууль үүргээ гүйцэтгэлээ гээд шинэ Үндсэн хууль өргөн барьсан. 

Тухайн нийгэм, тухайн улс том жижгээсээ үл хамаараад нийгмээ зохицуулахын тулд 1000 хууль хэрэгтэй байдаг. Гэтэл 30 жил өнгөрөөд байхад 400 гаруй хуультай л явж байна. Хууль санаачилдаг хүнийг УИХ-ын гишүүн гээд ойлгочихсон. Хуулийг уг ньихэндээ Засгийн газар санаачилдаг. Гишүүд бол бүлгээрээ санаачилна. Гэтэл манайд өчигдөр микрофон бариад гүйж явсан сэтгүүлч авгай Вальют зохицуулалтын хууль барьчихсан явна. Энэ хуулийг нь мэргэжлийн улс харж санкц өгөхгүй бол улс сүйрүүлвэл яана. 1993 оны үед Векселийн хууль баталсан. 15 минут хэлцээд л баталсан. Уг нь аймаар чухал хууль байдаг. Аль ч улсын хувьд Гэрээний хууль маш чухал. Манайд одоо болтол гэрээний хууль байхгүй. Энэ чинь гэрээт нийгэм биз дээ?

-1992 оны Үндсэн хуулиас өмнө гарсан хуулиар сая онцгой байдал тогтоож байх юм. Ер нь Үндсэн хуулийн энэ хямралын авторуудын нэг нь таныг гэлцдэг. Дордуулсан долоон өөрчлөлтөөс эхлээд хариуцлага хүлээвэл хүлээх хүмүүсийн эхэнд таны нэр бий?

-1992 онд би Үндсэн хууль боловсруулах комист байсан. Бидэнд энэ ертөнцийн тухай ойлголт байхгүй байсан. Ганц гайгүй мэддэг хүн нь Б.Чимид гуай л байсан. Бид нар чинь 1990 онд сарнаасч юмуу, өөр гаригаас ирсэн шүү дээ. Тэгээд дотор нь амьдраад эргээд харж байхад дутагдлууд нь гараад ирж байгаа юм. 

Дордуулсан долоон өөрчлөлт гэдэг чинь шүлэг бичдэг улсуудын л яриа шүү дээ. Адилхан “До”-гоор толгой холбож байгаа байхгүй юу. Гэтэл тэр нь маш сайн өөрчлөлт. Парламентын засаглалтай мөртлөө, “Зөвшилцөнө” гэдэг үгийг далимдуулаад Ерөнхий сайдад нэр дэвшигч “халзан” Ганболдыг долоон удаа буцаасан. Засаггүй болгоод хаячихсан. Тийм учраас “урьд нь танилцуулна, гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол парламент өөрөө шийднэ” гэсэн өөрчлөлт оруулсан. Зөв өөрчлөлт. Дараагийн нь өөрчлөлт нь ирцийн өөрчлөлт. Парламентын гуравны хоёрын ирцээр хуралдаан эхэлнэ гэсэн заалтыг далимдуулж тухайн үеийн МАХН дөрөвхөн жилд 130 удаа хурал хаясан. Ингэхээр чинь бүх юм зогсчихдог. Уг нь ардчиллын зарчим чинь олонхоороо шийднэ, цөөнхийнхөө оршин тогтнохыг хүлээн зөвшөөрнө гэсэн зарчим. Тиймээс өөрчилж, ирцийн босгыг намсгасан. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон хүмүүс. Тэнд нууц санал өгч болдоггүй. Нууц санал өгөөд л Засгийн газраа унагачихдаг. Үүнийг больж илээр санал өгөх, хэн юуг сонгосон нь ард түмэнд харагддаг болгосон. Тэгэхээр юу нь дордчихоод байгаа юм. Толгой холбосон нэг л хэлц шүү дээ. 

-Энэ нийгэм ямартай ч мухар гудамж руу орчихоогүй гэсэн найдвар гэхдээ надад лав байна. Таны бодлоор хонгилын үзүүрт гэрэл харагдана уу?

-Хотожсон, хамтын хариуцлага хүлээх чадвартай хүмүүс зонхилон гарч ирж байж бодит өөрчлөлт гарна. Хотожсон гэдэг нь хотод амьдардаг хүн гэсэн үг биш, урбан соёл үгүйдээ ойлггодог орчин үеийн иргэн гэсэн үг. Одоо бол нэг их сайхан гонжоом өмсөж, ланд унасан, нүүдэлчний сэтгэхүйтэй завсрын үеийнхэн ноёлж байна. Бүр бид нарын үеийхнээс долоон дор шаарнууд ноёлж байна. Хөөрхий муу Лүндээжанцан, Нямдорж гэх мэт нөхдийг хөгшин гэж ад үзээд байгаа юм. Тэд нар тэгж яривал цөөхүүлээ шүү. Гол бохир ажлыг завсрын үеийнхэн нугалж байна. Улаан тэргүүтэй таван хөгшинийг бариад авчихсан. Тэд нь олон жил суугаад, өмхий санаанаас их юмгүй болчихсон болохоор амиа тээгээд яваа юм.

Эерэг, өөдрөг зүйлийг харин ирээдүй үеэс хүлээж байна. Их өөр залуу үе төрж байна. Зурагт үзэхгүй, шүлэг бичихгүй, хатуу архи уухгүй, мэдээллийг шал өөр газраас авчихдаг, бизнес сэтгэлгээтэй гуч ч хүрээгүй шинэ үе гарч ирж байна.

Утга зохиол их өөрчлөгдсөн шүү дээ

-Ярианы эхэнд та хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээл тогтворжиж байгаа тухай ярьсан. Таны бизнес ямархуу байна?

-Хэвлэл гэдэг цаас биш агуулга, контент шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт 30 гаруй хэвлэх үйлдвэр байна. Өөрсдөө контентоо хийчих юм бодоод баахан Хайделбергийн машинууд аваад ирчихсэн. Өнөөх нь гагц сонгуулиар ажиллана, бусад үед ажиллахгүй. Непко контентийн бизнес хийдэг. Манайд дэлгүүр байхгүй, хэвлэх үйлдвэр байхгүй. Бүх контентийг аутсорсингоор хийлгэж байна. Компани дээр яг 10 хүн ажилладаг. Гэтэл бид долоо хоногт хоёр ном гаргаж байгаа. Гэхдээ бидэнтэй хамтарч ажилладаг 300 гаруй хүн байна. Орчуулагч гэхэд 100 гаруй байгаа. Зарим зүйл, жишээлбэл хавтсыг гадагшаа захиж хийлгэж байна. Бүх номын 80 хувь орчуулга. Дэлхийн хамгийн том компаниудтай холбогдож ажиллаж байна. Төрөлжиж байгаа. НЭПКО хүүхдийн ном, уран зохиолын ном дээр бараг ажилладаггүй. Манай хийж байгаа нийт номын 70 хувь нь дандаа эдийн засгийн ном байна. Янз бүрийн философийн ном, толь хийдэг. 

Зах зээлийг нь зөв харах хэрэгтэй. Барууны зах зээл нэг хэсэг роман сөнөсөн гэдэг байсан. Одоо манайд тийм болж байна. Уран зохиолоосоо илүү баримтат талдаа сонирхоод эхэлчихсэн. Социализмын үед жилдээ 50-60 ном гардаг байсан. Зүрхний хилэн мэтийн айхтар зузаан номыг 25 мянган хувь хэвлэнэ. Өөр унших юм байхгүй юм чинь ард түмнээрээ уншина. Гэтэл одоо номын дэлгүүрт ном нь багтахгүй байна. Дандаа монгол хэл дээр, монгол компаниудын хийсэн ном. Боловсролын сайд Ё.Отгонбаяр хэвлэсэн бүх номоос улсын номын санд нэгийг өгч байх хууль гаргах гэж судалгаа хийтэл боломжгүй гэсэн дүн гарсан. Жилдээ 15 мянган ном хэвлэгдэж байгаа юм билээ. Хувь хүмүүс гэртээ шивээд, хэвлэх үйлдвэрт аваачаад хэвлүүлчихсэн ISBN энэ тэр ч байхгүй ном их. Хүмүүст ном бичих сонирхол их байна. Аавдаа зориулж ном бичээд, 300 хувь хэвлээд найз нөхөддөө өгчихөж байна. Шүлэг оролддог хүн олон байна. Бусад нь хүлээн зөвшөөрдөггүй ч хашир бичээд байдаг. Тэгэн тэгсээр хэд хэдэн түүвэр гаргаад, хүмүүст тараагаад өгчихдөг. Хувийн сонирхол байна, мөнгөө төлчихөж байна, юу нь буруу байхав. Цагаан сараар орж ирсэн улсуудад шүлгийн түүврээ өгчихлөө. Болохгүй нь юу байгаа юм. 

Тэгсэн манайхан дураараа зохиол бичлээ гэж их шүүмжилдэг болж. Дураараа л зохиол бичих ёстой шүү дээ. Өөрийнхөө дураар цэцэг тарьж, нохой тэжээдэг юм бол яагаад бас дураараа шүлэг бичиж тэрийгээ хэвлүүлж болдоггүй юм? Нэг их харамлаад л, би л бичих ёстой, тэр бичих ёсгүй гэх янзтай. Хэн билээ дээ шүүмжлэгч нөхөр, эмэгтэйчүүд ингэж бичээд байна гэж ирээд хүүхнүүдээ баахан доромжилсон. Яагаад хүүхнүүд бичиж болдоггүй юм? Одоо дэлхийн утга зохиолд эмэгтэйчүүд эрчүүдтэй тэнцээд гараад ирсэн. Яруу найрагт бол илүү гарчихсан. Баримтат зохиол тал дээр эмэгтэйчүүд арай доогуур байгаа юм. Хуучин XVIII, XIХ зуунд эмэгтэй хүн зохиол бичихээр явдаггүй, нууц нэрийн дор бичиж байж зах зээлд гардаг байсан. Жоорж Санд эмэгтэй хүн шүү дээ. Гэтэл одоо бол эмэгтэйгээрээ түрий барьж гарч ирж байна шүү дээ. Ядах нь ээ ийм хандлагын талаар үндсэн ойлголт ч байхгүй. Энэ бол нэг удаагийн бүдүүлэг шүүмж биш, бидний байгаа царай, түвшин юм даа. 

-Та өөрөө уран зохиолын тухай олон шүүмж бичсэн. Ц.Доржготовын романы тухай “Чи хаан шалдан байна гэж хашгирч чадах уу?”, С.Жаргалсайханы тухай “Сүүдэрт бичсэн захидал”, Гүр.Нямдоржтой хийсэн уран зохиолын тухай ярилцлага гээд өдгөө ч үнэ цэнээ алдаагүй шүүмжүүд бий. Таны залуудаа уншиж, үнэлж явсан үеэс манай уран зохиолын түвшин ер нь ахисан уу? Сүүлийн дотоодын уран зохиолоо уншиж байна уу?

-Би ер нь олон шүүмж бичсэн шүү. Урлаг, утга зохиол, жүжиг, киноны талаар, мөн тодорхой уран бүтээлчийн тухай. Сая асуусан чинь социализмын үед нууцаар тарж байсан шүүмжүүд л дээ. Ард түмнийг сэнхрүүлэх, хүмүүжүүлэх уран бүтээлчдийн үүрэг гэх юм номолдог байх үед тэр үзэл суртлыг нь эсэргүүцэж бичээд цөөн хүнд гар бичмэлээ тараадаг байв. Өөрийгөө хүмүүжүүлж чадаагүй байж бас хүн хүмүүжүүлэх санаатай. Манайд зохиолч, сэтгүүлч, урлагийн ажилтан, жүжигчид бол ард түмнийг хүмүүжүүлэх гэгээрүүлэх үүрэгтэй гэсэн социализмаас уламжилсан нэг ойлголт байдаг нь одоо ч инерцээрээ хадгалагдаад байх юм. Дээхэн дээ, нэг удаа зураачдын хурал болсон юм. Том дарга нар ирээд л нэг малчин хүний хөргийн талаар ярилцацгааж байна. Гэтэл манай нэг зураач унтаж орхиж. Мань эрийг сэрээгээд ширүүлж, өнөө зургийн талаар санал шүүмж хэлэхийг шаардтал, “Хөдөлмөрийн баатар хонио хариулаад л явж байна, өөр яасан юм” гэж хариулсан юмдаг. Урлаг гэдэг уг нь өөр юм шүү дээ. 

Одоо манайд яг орчин үеийн уран зохиол гэдэг утгаар бичдэг хүн тийм ч олонгүй байхаа? Мянган жил үргэлжилсэн уран зохиолын тогтсон хэв маягийг ХХ зууны эхээр Марсэл Пруст Алдагдсан цагийн эрэлд-ээрээ, Жэймс Жойс Улисс-ээрээ, Кафка Хувирал-аараа эвдсэн гэж шүүмжлэгчид нэгэн дуугаар баталдаг юм билээ. Манай НЭПКО Даниэл Буртын Сонгодог 100 зохиол, Жон Хатэрландын Уран зохиолын товч түүх гэсэн утга зохиолын онолын хоёр ном хэдэн жилийн өмнө орчуулж гаргасан. Уул нь утга зохиол урлаг соёлоор суралцаж байга хэдэн мянган оюутнууд эдгээр онолын номыг уншихаа байг гэхэд гэртээ аваал хадгалчихвал тун зүгээр дээ. Сүүлд хэрэг болж магадгүй шүү дээ. Сүүлийн үед Монголын уран зохиолын талбарт цоорч гарч ирсэн хүмүүсээс Л.Өлзийтөгс гэж эмэгтэй байна. Их сүрхий. Шүлэг нь ч, үргэлжилсэн үг нь ч үнэхээр өнөөгийн орчин үеийн дэлхийн утга зохиолын түвшинд оччихсон. Бас Б.Галсансүх байна. Боловсрол нь шүлгээ гүйцдэггүй юм л даа, нэг зовлонтой нь. Гэхдээ мань эр үнэндээ орчин үеийн яруу найраг бичиж чадаад байгаа юм. Төрмөл юм даа.

Ер нь хүн уран зохиолтой танилцах гэж байгаа бол 30 наснаасаа өмнө бүрэн танилцаад дуусчих хэрэгтэй гэж боддог. Тэрнээс хойш сонгож л уншина уу гэхээс интернэжиж хавтгай болсон дэлхий тийм бололцоо олгохгүй. Сонгож олдог л болчихдог. Миний хамгийн дуртай зохиолч А.П Чехов. Орны дэргэд байж л байна. Хэдэн ч удаа уншив. Дуртай хуудас, хэсгээсээ унтахын өмнө сөхөж хардаг ч юм уу, ийм янзтай болчихдог. Ер нь өнөө цагт том бичихээ больцгоочихлоо шүү дээ. Одоо утга зохиол өөрчлөгдсөн гэдгийг манай ихэнх зохиолч мэдэрдэггүй юм болов уу. Лев Толстойн Дайн ба Энх романд Бродины тулалдааны өмнөх дүрслэл хэдэн хуудас явдаг. Нар тэгж гарлаа, уулан дээгүүр таширлалаа гэж ирээд л. Өнөөгийн улсуудад тэр ямар хамаатай юм бэ. Хэлэх гэснээ шууд л хэл л дээ. Толстой бол сонгодог. Тэр үедээ жинхэнэ уран зохиол бүтээсэн. Гэтэл өнөөгийн хүмүүст нар хэрхэн мандаад, туяа нь яаж туссан тухай уншиж суух яршиг л байгаа байхгүй юу. Киноноос үзчихнэ биз дээ. 

-“Бооцоо” жүжгийг тавиад хорь гаруй жил өнгөрчээ...

-Мөн л бичсэнээс хойш 20 шахам жилин дараа тайзанд тавигдсан. Тэр үед театрын билет 800 төгрөг байсан. Гэтэл бид 10 мянгаар билетийг зараад, үүдэн дээр нь оочир үүсэж байсан. Монголын жүжгүүдээс гадаадад орчуулагдаж тавигдсан цорын ганц жүжиг л дээ. Германд тавигдсан юм. Мөнхдорж найруулагч найруулагч, Наранбаатар туслахаар нь ажилласан санагдаж байна. 

-“Сүүдэрт бичсэн шүүмж” дээрээ та үеийн уран бүтээлчдээсээ Сор.Жаргалсайханд хамгийн их найдаж буйгаа нуугаагүй. Зохиолч таны хүлээсэн шиг бүтээж чадсан уу?

-Хрущёвын дулаарлаас эхлээд Зөвлөлтийн урлаг сталинист үзэл суртлаасаа салаад ахуй руу, амьдрал руу хандсан бүтээлүүд их хийгдэж эхэлсэн. Амьдрал нулимсанд дургүй (уул нь зөв орчуулбал “Амьдралыг нулимсаар хуурч дөнгөхгүй”) гээд энэ хэлбэрийн оргил бүтээл байна. Сор.Жаргалсайханы олон бүтээлд энэ өнгө аяс туссан байдаг. Илүү сартай зун яг тийм кино. Баярсайхан, Жаргалсайхан гээд үргэлжилсэн үгийн сүрхий одууд байсан, даанч богино насалж дээ. Лувсанцэрэн гэж богино өгүүллийн мундаг зохиолч байлаа, бас л яагаа ч үгүй байхад нь бурхан таалчихсан. 

Ярилцсан: Ч.Гангэрэл

Я.Баяраа

Эх сурвалж: baabar.mn

2019.03.18

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.