О.Хангай, Б.Бат-Өлзий хоёр энэ жилийн наадмаар цолоо ахиулж дөнгөхгүй бол ирэх жилээс бүр л хүндрэнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хоёр өдөр сууж зурагтаар нэвтрүүлэх монгол үндэстний бөхийн барилдаан үзлээ. Аль ч улс үндэстэнд хүч чадал авхаалж самбаагаа шавхсан өөрийн онцлогтой бөхийн барилдаан эртнээс нааш байсан бололтой. Хүч чадалтай арга мэхтэй бөхчүүдээрээ бахархаж, тэднийгээ алдаршуулан ярьдаг, зэрэг зиндаа эрх мэдэл ахидаг байжээ. Тийнхүү хүч тэнхээтэй арга мэхтэй эрчүүдээрээ бахархдаг ард түмэн бол монголчууд юм.

Бөхийн барилдааныг шимтэн харахаас гадна ойрын хэдэн жилдээ хэн нь давамгайлж наадмаар түрүүлэх бол гэж ажигладаг. Залуус их хурдтайгаар түрэн орж ирж байна. 1990 оноос хойш төрсөн болов уу гэлтэй бяртай мэхтэй залуус олон байна. Тэр дотроос Төв аймгийн арслан Э.Ууганбаяр, Говьсүмбэрийн арслан Э.Мөнхбаатар хоёрыг өнгөрсөн жилээс эхлэн найдвар тавьж харах болов. Энэ хоёр залуу монгол бөхийн шинж бүрдмэл бяртайгаас гадна овоо барилдаанч юм. Улсын цолонд хүрчихээд биеэ зөв авч яваад бэлтгэл сургуульдаа байнга оролцоод өргөөний барилдаанд тогтмол ноцолдвол нэг хоёр жилийн дараа энэ хоёрын мөрөн дээрээс барихад хэцүү л болж мэднэ. Хоёулаа цулам биетэй, хоолоо тааруулахгүй бол гүзээлээд, сумогийнхан шиг хөдөлж чадахаа болих ерөнхий шинжтэй. Санаагаар болдог бол биеэ хөгжүүлээд жингээ энэ янзнаасаа нэг их нэмэх хэрэггүй мэт.

Улсын цолтноос арай залуу ирээдүйтэй гэж хардаг О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Жаргалбаяр нар билээ. Н.Жаргалбаярын барааг харахаа болилоо. Бэртээд түүнээ бүрэн илааршуулах гээд бэлтгэлээ базаагаад сууж байж мэднэ. Эсвэл сургуульд суралцахаар гадагшаа явчихсан юм уу бүү мэд. Оргихын Хангайг овоо бяртай юм уу гэж тоодог байв. Харин уржигдар гурвын даваанд аймгийн арслан Э.Ууганбаярт бяр чадлаа үзүүлж мэдрүүлэх гэж амлаж барилдав. О.Хангай Э.Ууганбаярыг хаячихвал, харцага ч үнэхээр аатай бяртай байна. Түүний мөрнөөс барихад бэрхтэй гэж зүрх шимшрүүлэх бодол байсан болов уу. Гэтэл О.Хангай Э.Ууганбаяраас бярны хувьд дутууг харлаа. Цаашид О.Хангай хэдэн жил илүү ноцолдсоны хувьд Э.Ууганбаярыг ганц хоёр хаях болов уу. Гэхдээ бардан хаяна гэх найдвар алга. Э.Ууганбаяр ч зориг орчихлоо. За тэгээд хойтон жилээс О.Хангай Э.Ууганбаярыг хаяна гэж бодлоо ч нохой хорихоо өнгөрнө. 

Б.Бат-Өлзий бяртай, бас л Э.Мөнхбаатарыг тавын даваанд амлан авч хүч чадалтайгаа харуулахаар зорив. Гэтэл бас л бяр нь хүрсэнгүй. Ерөнхийдөө энэ жилийн хувьд Э.Ууганбаяр, Э.Мөнхбаатар хоёр барилдааны хувьд туршлага дутаж байна. Аргагүй залуу хүмүүс. Харин бяр чадал арал чацын хувьд хэнээс нь ч жийрхэх зүйл алга.

Аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар барилдвал даваанд өөрчлөлт яах аргагүй орно. Эд нар цолондоо ханачихаад барилдахаас хойргошдог бололтой. Гэхдээ эд нар О.Хангай, Б.Бат-Өлзий хоёр шиг Э.Ууганбаяр, Э.Мөнхбаатар нарыг гурав, тавын даваанд амлаж зүрхлэхгүй гэндэхгүй байх аа. О.Хангай, Б.Бат-Өлзий хоёр энэ жилийн наадмаар цолоо ахиулж дөнгөхгүй бол ирэх жилээс бүр л хүндрэнэ. Учир нь бяртай авхаалж самбаатай, бөхийн сургуулиар сурцтай барилдаанч залуус түрж байна.

Самбуугийн Товуудорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.