Монголын баг тамирчид Тусгай олимпоос 9 медаль хүртээд байна

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Тусгай олимпийн зуны XV наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби болон Дубай хотуудад үргэлжилж байна. Тусгай олимпийн наадмаас Монголын тамирчид өнөөдрийн байдлаар 9 медаль хүртээд байна.

Тэмцээнд манай улсаас өрсөлдөж байгаа баг тамирчдаас ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ. Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд мөн ч ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртлээ. Монголын жүдочид хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.

25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт өнөөдөр амжилттай уралдаж, алтан медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Гүнжсүрэн шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр мөн эмэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд шагналт тавдугаар байрт орсон билээ. Мөн тусгай олимпын наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм.

Манай улсаас тусгай олимпийн наадмын боччегийн төрөлд өрсөлдсөн Б.Амарсанаа хүрэл медаль зүүсэн бол ширээний теннисний төрөлд хурд хүчээ сорьсон У.Нинжбадам, Б.Амарболд нар хосын төрөлд мөнгөн медаль зүүлээ. Ингэснээр манай улсын баг тамирчид тусгай олимпийн наадмаас нийт 9 медаль хүртээд байна.

Монголын багт оюуны бэрхшээлтэй 21 тамирчин, дэмжин тоглогч 7 тамирчин багтаж байгаа юм. Тусгай олимпийн наадамд Дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин АНЭУ-д цуглараад байгаа билээ. Монголын анхны алтан медальтан Дубай хотоос усанд сэлэлтийн төрлөөр өрсөлдөж тодорлоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.