АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буйгаа зарласан Бето О’Рурк эхний өдрөө л 6.1 сая ам. доллар цуглуулж чадлаа

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ардчилсан намын гишүүн Бето О’Рурк Ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа эхний 24 цагийн дотор 6.1 сая ам. доллар цуглуулж рекорд тогтоож чадсан талаар түүний сонгуулийн штабаас мэдээлсэн байна.

Ардчилсан намаас 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дундаас Сенатор Берни Сандерс сонгуулийн кампанит ажлынхаа эхний өдөр 5.9 сая ам. доллар цуглуулж чадсан бол Калифорни мужийн Сенато Камала Харрис 1.5 сая ам. доллар цуглуулсан үзүүлэлттэй байсан юм.

Америкийн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Бето О’Рурк өнгөрсөн пүрэв гарагт нийгмийн сүлжээгээр дамжуулан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан юм. Түүний өрсөлдөгч дунд хууль тогтоох байгууллага болон төрийн албанд олон жил ажилласан туршлагатай нэр дэвшигчид цөөнгүй байгаа аж.

Нэр дэвшигч Бето О’Руркийн сонгуулийн штабынхан дээрх мөнгийг цахимаар цуглуулсан ба энэхүү хандив нь ямар нэг улс төрийн зөвлөл, байгууллага, корпораци, ашиг сонирхол харсан талуудын оролцоогүйгээр Америкийн өнцөг булан бүрээс цугларсан болохыг онцолсон байна.

Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг ялахын тулд хэт их мөнгөний хойноос хөөцөлдөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм. Сенатор Элизабет Уоррен сонгуулийн кампанит ажлын санхүүжилтыг босгох уламжлалт тогтолцооноос татгалзаж буйгаа илэрхийлсэн анхны нэр дэвшигч болсон юм. Тэрээр мөнгө цуглуулах арга хэмжээнүүд зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох кампанит ажлаа 19.2 сая ам.доллараас эхлүүлээд байгаа юм.

Ирэх сард сонгуульд нэр дэвшигчид бүгд энэ жилийн эхний улиралд цугларсан нийт хандивын хэмжээгээ албан ёсоор мэдүүлэх ёстой аж. 

Эх сурвалж: https://edition-m.cnn.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.