С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт ажилласан хоёр хүнийг 14 хоног хорих захирамж гаргажээ

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулаад удаагүй байгаа билээ.

Уг хэргийг үйлдсэн хэрэгт буруутган Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноож, ялаа хаалттай хорих ангид эдлүүлэхээр заасан байдаг.

Харин энэхүү хэргийг дахин шалгах ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар хэрэг явдал өрнөж, олон нийтийн дунд хэргийн захиалагчийг олж яллах нь гэсэн хүлээлт үүсэж эхлээд байна. Уг ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг дахин шалгаж эхлээд байна. 

Тэгвэл Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан, тагнуулын байгууллагын ажилтан М,Б нарыг 14 хоног саатуулан шалгахаар шийдвэрлэжээ. Тэднийг хэргийг мөрдөн шалгах явцад хууль зөрчсөн эсэх, түүнчлэн гэрч нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна. Эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн, албадсан гэх гомдлыг хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нарын зүгээс  удаа дараа  мэдэгдэж ирсэн юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг  эхлэн шалгахдаа Цагдаа, Тагнуул, Прокурорын  байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Цагдаа, Тагнуул, Прокурорын  байгууллагаас хамтарсан ажлын хэсэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн эсэх, мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн үү гэдгийг одоо АТГ-аас шалгаж байгаа гэнэ.

Учир нь Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага  өмнө нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар  байсан. Харин одоо бол энэ чиг үүрэг АТГ-т хуулиараа шилжсэн бөгөөд энэ дагуу АТГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа гэсэн үг аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.