Л.Болд, Ж.Батзандан нар Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулснаа зарлалаа

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн. Татгалзаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн.

Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Либераль ардчилал энэ үр дүнд хүргэлээ. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. 

Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурханы тавилан байсан гэж бодож байна. Энэ шинэ улс төрийн хүчин байгуулах дэм боллоо. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан. Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн. Монголын баялгийг Монголчуудад өгч чадах улс төрийн хүчнийг бий болгосноо зарлаж байна” гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.