Ураны урхаг хийгээд улс төрчдийн хорлолын тухай

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Цөмийн эрчим хүчний ертөнцөд ураныг олзворлон, баяжуулж боловсруулаад АЦС-ын реакторыг цэнэглэх хүртэлх процессыг upstream буюу өгсүүр урсгал, цөмийн реакторт ураныг шатаасны дараах ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах, хог хаягдлын менежмент хийх хүртэлх процедурыг downstream буюу уруу урсгал гэж нэрлэх нь бий.

Цөмийн реактор ажиллуулахад цөмийн урвал явагдаж радио идэвхит бодис ялгардаг. Уг нь бол физикийн шинжлэх ухаан онолын хувьд цацраг идэвхит бодис бүхий материалыг бүрэн устгах боломжтой гэж үздэг ч устгахын тулд асар их энерги хэрэгтэй болох ба ийн явцад өөр цацраг идэвхит бодисыг төрүүлэх аюултай. Иймээс мөхөж унтардаггүй чөтгөрийн гал юм. Эцсийн дүндээ хүн төрөлхтөн чөтгөрийн галыг асааж чадсан ч унтрааж дийлэлгүй зогсоод байна гэж хэлж болно. Элдвээр оролдсоор цөмийн реакторт ашигласан цөмийн материалаа газрын гүнд булах зэрэг гарц хайж байгаа хэдий ч аюулгүйн баталгааг өнөө хэр олохгүй байгаа нь баталгаатай үнэн юм даг. Тиймээс АЦС-ыг “ жорлонгүй байшин” гэж нэрлэх болсон. Гэхдээ энэ хэллэг монголчуудад дорвитой буухгүй байгаа. Паартай байшин паалантай жорлон гэх ойлголт бий болоод дөнгөж хагас зуун жил болж байгаа, хүн амынх нь дийлэнхи өнөө хэр жорлонгүй гэрт амьдардаг тул цочирдоод байх юмгүй бололтой. Тийм болохоор миний бие энэ хэллэгийг хэрэглэх тийм ч дуртай биш.

Хүн төрөлхтөн Фүкүшимагийн цөмийн ослын дараагаас арай хийж АЦС-ын ашиглалт, ашигласан цөмийн түлшний менежмент, хог хаягдлын ирээдүй, хаяанд тулсан цөмийн терроризмын талаар түгших болов. Саяхан болсон Сөүлийн чуулга уулзалт үүний нэг жишээ. Цөмийн эрчим хүчний өндөрлөг дээрээс “уруу урсгалдаа” анхаарал хандуулж, ухамсарлаж эхэллээ гэж хэлж болно. 
Гэхдээ аюул бүхний эхлэл уруу урсгалаас илүүтэй “өгсүүр урсгал”-аас эхэлдэг байна. Яагаад гэвэл уран хэмээх бодис өөрөө цацраг идэвхит бодис. Ураныг хүн төрөлхтөн өөрийнхөө гараар бий болгоогүй ч хүн төрөлхтөн уранд гар хүрч эхлэх үеэс хариуд нь цацрагийн хор бэлэглэдэгт байгалийн ад шид оршино.

Монголчууд олон зуун жил хав даран байж байгаль эхийн уур хилэнг бадраалгүй ээлтэй бодлоготой явж ирсний хүчинд цацраг идэвхит хордлого гэгчийг үзээгүй ард түмэн. Тийм болохоор монгол хүний бие махбодь ухаан санаа хэн хүний доор орж байсангүй. Дорнодын Мардай, орос ах нар, ураны уул уурхай, шар нунтаг, ураны лиценз, хайгуул, олзворлолт, Арева, гадаадын хөрөнгө оруулагчид, цөмийн эрчим хүч, цөмийн энергийн газар, улс төрчид, төр засгийн тэргүүнүүдийн гадаад айлчлалаар “ цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана” гэсэн энэ хэдэн үг хэллэгтэй хамт монгол хүний аз жаргал, аюулгүй байдал хулжиж одоод байна.

Манай улсад байгаль эх уран хэмээх ад шидийн, ховор, асар их үнэ цэнтэй баялгийг харамгүй заяажээ. ОУАЭА / IAEA/ “ Монгол Улс ураны асар их нөөцтэй орон, газар доорхи ураны нөөц нь 150 мянган тонн хол давна, олборлож чадвал дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний 3-т орох болно” гэж мэдэгдсэн байдаг. 
Манай Улсын ураны нөөц баялаг дээр одоогоор дэлхийн ураны 80 гаруй хувийг атгадаг 10 шахам акул компаны тал илүү нь ороод ирсэн хайгуул хийж олзворлоод эхэлсэн байна. 100 гаруй лицензийг 30 гаруй компанид тараасан бололтой. Ураны салбарт улс төрчдийн гар нэлээд гүнзгий дүрэгдсэн байна.

Уран олборлолтоос үүдэлтэй цацраг идэвхит бодисын хордлого 2 янз байдаг. Нэг дэх нь ураны уурхайд ажиллаж буй ажилтан ажилчдын туяаны хордлого, нөгөөдөх нь ухан гаргасан ураны агууламжтай чулуулаг эрдсээс үүсч буй байгаль орчны бохирдлоос үүдэлтэй хүн амд үзүүлж буй эсрэг нөлөөлөл, хордолт.

Ураны уурхайд ажилласан ажилчид уушигны хурц дутагдал болон хавдраар өөд болох тохиолдлыг 1930-аад оноос хүн төрөлхтөн мэдэх болсон. Шалтгаан нь радоны / Rn/ хий. Үнэр амтгүй энэ хий радио идэвхит бодисоос ялгардаг. Ураны агууламж бүхий чулуулагийг “ хэлтлэнгүүт” агаарт дэгдэж хүний биед орно. Энгийнээр өгүүлэхэд ураны “ амсарт” радон хий хуримтлагдаад хүний улаан хоолойгоор дамжин уушигт хүрч ухаан алдуулмой.

Ерөөс ураны хагас задралд хүрэх хугацаа 45 сая жил.

Ураны агууламжит чулуулаг хүдрээс ураныг ялган авч битүүмжиллээ ч үлдэгдэл “ орон суурин” –д нь тори 230-аас эхлээд бүгд л хадгалагдан үлдэнэ. Тори 230-ын хагас задрал 800 мянган жил гэх ухаан алдам тоо. Үндсэндээ уранд хүний гар хүрмэгц л тэнд хүн төрөлхтний хувьд мөнхийн гэж хэлж болох урт удаан хугацааны турш цацраг идэвхит бодисын заналхийлэл доор хүнийг аваачдаг байна. Харин хүн төрөлхтөн өнөөг хүртэл АЦС ашиглана, ураныг ашиглана гэдэгээс өөрийг бодохгүй ирсэн тул ураны орд газрын онгойж хоцорсон орон, үлдэгдэл, уран агуулсан чулуулагийн овоо энэ бүхнийг байгальд зүгээр л хаяж иржээ.

НҮБ-ын Шинжлэх ухааны хороо цөмийн эрчим хүчнээс үүдэлтэй хүн төрөлхтний хамгийн том гамшиг бол АЦС, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах технологи, өндөр радиаци бүхий цөмийн хог хаягдал зэргээс илүү уран олборлолтын үе дэх байгаль орчны эрсдэл, ураны агууламж бүхий чулуулаг хүдрийн үлдэгдэл ордоос аяндаа ялгаруулж буй цацраг идэвхит аюул гэдгийг аль эрт зарласан байдаг.

Гэтэл монголын төр засаг дэлхийн түүхнээ аль эрт ил болсон энэ аюул заналын тухай мэдсээр байж аль эсвэл мэдэхгүйдээ ийм шийдвэр гаргаад байна уу, ураны уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулна гэх нэрээр дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэд, иргэний нийгмийн тэр дундаа ногоон улс төрчдийн заналт дайсан болсон, газар бүр гишгэх газар харуулах нүүргүй болсон ураны луйварчдыг эх орондоо урин залж, монгол оронд нойрсож байсан ураны гамшигийг гал голомтдоо асаалаа. Хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй хариуцлагагүй улс төрчдийн балаг энэ.

Америкийн цөмийн шинжээч Стивин Липэр “ монгол улс уран боловсруулалтад ядаж хяналт тавих чадамжтай болтлоо уран ашиглахаа хойш тавьсан нь дээр тэгэхгүй бол их зовох болно” гэж зөвлөсөн байдаг. Дэлхийн ураны акулууд аль эрт монголд үүрэлсэн. Улс төрчдөд нь хэдэн юм атгуулахад улс орны хувь заяа гэдэг юм ярихаа болино гэдгийг сайн мэдэж байгаа. Дор хаяад Риотинто, Камеко, Арева, BHP Billiton, Росатом, Казатом порм, АРМЗ байгаа цагт уранаас ашиг олох гэсэн эрмэлзэл бохир мөнгө хоёр салахгүй нь мэдээж.

Орос ах нар социализмын үеэс Мардайн ураны ордыг ашиглаж 1990 онд гарахдаа ухсан нүхээ усаар дүүргээд явчихсан гэлцдэг. Уран олборлолт дахь байгаль орчны эрсдэл, бохирдол, олзворлолтын үеийн экологийн эрсдэл гэдэг юмыг тооцож, хянаж, шалгадаг систем манайд байхгүй. Байгаль орчны яам, мэргэжилийн хяналтын байгууллагууд юун урантай мантай, уранаар мэргэшсэн мэргэжилтэн байвал ухаж төнхүүлээд авилга аваад суухыг санаархахаас бус олзворлолтын үеийн аюул заналын талаар хэлж бичиж байсан түүх ер байгаа болов уу.

Миний бие Энэтхэг улсын зүүнтэй байх Жадогода тосгоны ард иргэдийн эмгэнэлийн тухай уншсанаа та бүхэнтэй ядаж хуваалцая.

Одоогоос 30 жилийн өмнө Энэтхэгийн Жадогода хэмээх багахан сууринд уран олзворлох, уран олж эдийн засгийн эргэлтэд оруулахаар Энэтхэгийн засгийн газрын хөрөнгө оруулалттай ураны компани “UCIL” ( Uranium Corporation of India Limited ) олборлолт хийж эхэлжээ. Газраа булаалгасан орон нутгийн иргэд идээшиж дассан нутаг орондоо үлдэж хоцрохын тулд ураны уурхайд багахан хөлсөөр ажиллах болж, компаны эзэд нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, ядуурлыг бууруулах чиглэлээр их ажил хийснээ гайхдаг байсан ажээ. Бохир даавуун маскнаас өөр юмгүй ажилчид хэсэгхэн хугацааны дараа уушигны өвчин, хорт хавдраар өвчилж ээлж дараалан нөгөө ертөнцөд оджээ. Тосгоны иргэдийн дунд уушигны болон цусны хорт хавдараар өвчлөгсөд олширч сэтэрхий, хөл гаргүй, эрхтэн дутуу, үзэшгүй төрхтнүүд олноор төрөх болж эмэгтэйчүүд үр зулбахгүй эсэн мэнд амаржих нь нүдний гэм болсон байна. Шүтлэгтэй ард түмэн тул урьд насандаа хийсэн үйлийн үр одоо ирлээ гэцгээж, бурхан багшийг хилэгнүүлсэн байна гэж арга чарга хайж олон жил болжээ. Чөтгөрийн тосгон нэртэй болж Энэтхэгийн засгийн газраас тосгоны ард иргэдийг ертөнцөөс тусгаарлахын тулд гадны аялагч, жуулчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг огт нэвтрүүлдэггүй байсан байна. Эцэст нь иргэд UCIL компаны уран олборлолтын уршгаар ордын хаягдал хог, ураны агууламжит чулуулагийн үлдэгдэл сэлтээс цацраг идэвхит бодис ялгарч ус бороо, салхиар дамжин тархаснаас үүдэлтэй гэдгийг ухаарч хожимдсон ч гэсэн бага сага арга хэмжээ авах болжээ. Уг компани байгаль орчин бохирдуулж байгаагаа мэдэхгүй мэдсэн ч арга хэмжээ авалгүй гагцхүү уран олзворлох, шар нунтаг хийж хагас боловсруулан мөнгө олохыг л бодож байсан байна. 1982 оноос эхлэн Хайдербадын уран баяжуулах үйлдвэрийн хог хаягдлыг мөн энэ тосгонд оршуулж байжээ. Хог хаягдлын усан цэг нь хашаа ч байхгүй, ураны аюул заналын талаар ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй ард иргэд дураараа орж гардаг, тэр байтугай хувцас хунараа угаадаг, үхэр малаа усалдаг байсан ажээ. Одоо хүртэл шинээр байгууламж барихаар ажиллаж байгаа боловч уг барилгыг ураны агууламж бүхий чулуулгын үлдэгдлийг ашиглаж барьж буй гэх. Уг байгууламжаас ердөө 5 км-ийн зайд 15 тосгон 30 гаруй мянган хүн суурьшиж байна. Ийм нэгэн үхэгсэд нь үлдэж буй хүмүүсээсээ тоогоор илүү, үзэшгүй төрхт хүмүүсийн эмгэнэлтэй амьдрал Энэтхэг улсын гашуун зовлон болсоор өдөр хоногийг өнгөрөөж байна.

Ураныг нүүрс шиг бодож болохгүй. Ураны асар баялагтай монгол орон 1 фунт ураны хүдэр удахгүй 70-80 ам доллар болно гэх сурагаар ураны доншуур наймаачдыг хөрөнгө оруулалт нэрээр урьж оруулсаар хүн ардаа Жадогода тосгоных шиг болох эмгэнэл ойрхон байгаа юм биш биз.

Энэтхэг улс ийнхүү ураны эмгэнэлийг мэдсэн мэдэрсэн улс гэвч хэдэн тэрбум хүнийхээ цөөхөн хувийг золигт гаргах юу ч биш. Хажууд нь монгол даанч цөөхүүлээ юм даа. Тийм атлаа л Энэтхэгтэй хүртэл ураны асуудлаар гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын төрийн тэргүүн маань анхны айлчлалаараа хийгээд тэр байтугай цөмийн түлшээр хангах болж 25 сая ам долларын хөнгөлттэй зээл авахаар тохироод ирсэн билээ. Төр засгийн тэргүүнүүд маань юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэж байв уу мэдсээр байж даажигнаж зурав уу.

Нарийн хяналт, өндөр технологи шаардах уран боловсруулахаас эхлэх цөмийн эрчим хүчний өгсүүр хийгээд уруу урсгалыг цөмийн асуудлаар маруухан мэдлэгтэй бүр харанхуй ч гэж хэлж болохоор монголчууд эзэмдэж чадна гэж үү. Ийм дүгнэлтийг Японы Майничи сонины сурвалжлагч Айкава Харүюүки хийгээд байгаа билээ.

Оройтсон ч гэсэн уран олборлож байгаа, олборлож ирсэн газруудад ОУЦЭХА-ийн шинжээчдийг эсвэл хараат бус олон улсын төрийн бус байгууллагын бие даасан шинжээчдийг урьж авчирч байгаль орчин, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулья. Гаргуулах гаргуулахдаа бодитой гаргуулья. Монгол оронд уран олборлолт явуулж байгаа гадаадын компани бүрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хяная, цагдая. Ураныг улс төрчдийн гараас салгая, газрын хэвлийдээ байж байг.

Очирхүүгийн Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.