“Аутизм”-ыг тодорхойлвол энэ нь хөгжлийн бэрхшээл биш "хөгжлийн онцлог" гэмээр...

Twitter Print
2019 оны 03-р сар 16-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Миний хүү анх хэлд орохдоо дөрвөн өнгөний нэр хэлээд хэлд орж байсан юм. Хүүхэд хэлд орохдоо ганц хоёр үг дуугардаг ч гэсэн 2 настай хүүхэд өнгийг тэгж хэлээд сурчихсан гэхээр онцгой санагдаж байлаа. Бас багаасаа л тоо болон үсгэнд их дуртай хүүхэд байсан. Иймэрхүү содон шинжүүд ер нь л их анзаарагдаад ирэхээр нь бид нар гоц ухаантай юм уу ч гэж боддог байлаа. Цэцэрлэгт ороод нэг л биш байгаа нь мэдэгдсэн. Олон хүүхдийн дунд найзалж чадахгүй, тоглохгүй, ганцаараа буланд бөмбөгөөр тоглоод л, дээшээ бөмбөгөө шидээд л хараад сууж байдаг хүүхэд байсансан. Хүүгийнхээ шинж тэмдгийн талаар нилээн судласны эцэст аутизмтай болохыг нь мэдсэн. Гэхдээ нөхөр бид хоёр тийм ч их цочирдоогүй ээ. Анхнаасаа нэг л болохгүй байсан зүйлийнхээ тайлбарыг авчихсан юм шиг бүх зүйл ойлгомжтой болж ирсэн.

Аутизмын онцлог шинж тэмдэг нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй, харилцааны бэрхшээлтэй байдгаас гадна нийгэмшил, орчиндоо өөрийгөө зохицуулах чадвар их дутагдсан байдаг. Хүү минь ч гэсэн бага байхдаа бусадтай харилцан яриа өрнүүлдэггүй, сэтгэл хөдлөл илэрхийлсэн бүтэн өгүүлбэр ч хэлж чаддаггүй байсан юм. Гэтэл нэг удаа манай дүү гэрт ирчихсэн хоол хийхэд тусалж байхдаа хутгаа нэг л эвгүй барьчихсаныг нь манай хүү хараад “Хүүе ээ аниа та гараа зүслээ шүү дээ” гээд анх удаа л нэг тийм хүнд санаа зовсон дээрээс нь аюулыг олж харан тэрийгээ амаараа бүтэн өгүүлбэрээр илэрхийлж байсан нь их хөөрхөн санагдаж байж билээ. Тэр үед хүү маань 6-тай байсан шиг санагдаж байна.

Бас нэг онцлог байдаг нь нэг юмыг нэг хэвэнд нь байлгах их дуртай. Эсрэгээрээ өөрчлөлт болон төлөвлөгөө өөрчлөгдөхөд их дургүй. Гэхдээ өөрт нь зорилго тавигдчихаар тууштай урагшлаад л байдаг юм. Тэр ч утгаараа миний хүүд хөгжим болон спорт их зохидог. Хүүгээ 2 настай байхад нь хүүхдийн тоглоомон төгөлдөр хуур байдаг даа, 7 нооттой. Тэгээд би энийг нь До, энийг нь Ре гээд тухайн үедээ нэг л удаа хэлж өгөөд, дараа нь би нэг нот дарахад Си гээд, дахиад дарахад Ми гээд яг хэлж байсан. Бид нар их авьяастай юм байна даа гэж дэмжээд аав нь цахилгаан төгөлдөр хуур бэлэглэж байсан юм. Тэр хөгжим нь цаанаасаа 10 төрлийн аятай. Тэгсэн өөрөө сонсож байгаад бүгдийг нь сурчихсан байж билээ. Одоо бол багштай, 8 дах жилдээ хичээллэж байгаа. Төгөлдөр хуураас гадна ширээний теннис бас усанд сэлэлтээр хичээллэдэг. Хүүгээ нийгэмшиж чадахгүйдээ гээд гэрт нь байлгаад байхыг огт хүсээгүй юм. Харин ч онцлогт нь тааруулж илүү их хөгжүүлмээр.

Ингээд бодохоор эх хүнийхээ хувиар “Аутизм”-ыг тодорхойлвол энэ нь хөгжлийн бэрхшээл биш "хөгжлийн онцлог" гэмээр. Хүүхэд бүрт чаддаг ч юм бий, чадахгүй ч юм бий. Үүнтэй л адилхан юм шиг санагдаж байна. Миний хүү мундаг төгөлдөр хуурч болохыг их хүсдэг. Хүүхэд болгон өөр. Суралцах арга барил нь ч өөр. Эцэг эхчүүд өөрөөсөө шалтгаалах зүйлээ сайн хийгээд чадахаараа хүүхдээ ойлгож дэмжвэл дараа нь бид харамсахгүй шүү дээ. Ер нь ямар ч хөгжлийн бэрхшээлтэй байлаа хүүхдийнхээ тэрхүү онцлогийг хэрхэн харж, хүлээж авч байна гэдэг л их чухал. Гэхдээ нийгэм бас зөвөөр хандахгүй бол бид хичнээн хичээсэн ч энэ нь хааяа амаргүй. Тиймээс нийгэмдээ чиглэсэн болон эцэг эхчүүдээ дэмжих тэр зүйлсийг хийж хүмүүсийг зөвөөр хүлээн аваасай л гэж хүсдэг дээ.

Эх сурвалж: Save the Children

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.