11,734 хохирогчтой Жи Тайм сүлжээний эзэн М.Марат хэргийг мөрдөн шалгах явцад оргон зайлжээ

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2019.03.15/ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ. Өнгөрөгч онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн. Үүнээс арван гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Нийт гомдол, мэдээллийн 99.8 хувийг гомдол мэдүүлсэн хугацаанд шийдвэрлэж, 9448 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд, улсын ерөнхий прокурорын А67 тоот тушаалаар шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй 63 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, гурван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Эдгээр гомдол мэдээлэлд 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан бөгөөд албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна" гэлээ.

Мэдээлэлд мөн сүүлийн жилүүдэд сүлжээний гэмт хэрэг нэмэгдсэн талаар мэдээллэв. Үүний хамгийн том гэмт хэрэг болох “Жи тайм” сүлжээний хэргийг шалгаж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан  Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ.

Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ. Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис  хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Харамсалтай нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болсон. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилжээ. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь "мөнгөө аваагүй" хэмээн мэдүүлээд байгаа аж.

Мэдээллийн үеэр хорих 461-р ангид нас барсан шүүгчийн хэргийн талаар сэтгүүлчийн асуултад "Талийгаач шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийг ЦЕГ-ын Онц хүн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шалгаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна" гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.