Тусгай олимпийн XV наадам хөшгөө нээлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Тусгай олимпийн зуны наадмын 15-р наадмын нээлт өчигдөр /2019.03.14/ Монгол Улсын цагаар 23 цагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 43000 хүний суудалтай “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтэд үзүүлсэн бүх үзүүлбэр утга учиртай бөгөөд үйл хөдлөл бүхэн нь Тусгай олимпийн наадамд оролцохоор ирсэн дэлхийн 190 орны залуусыг хүндэтгэсэн агуулгатай байсан нь сэтгэл хөдөлгөх нэгэн зүйл аж.

Нээлтийн арга хэмжээнд олон улсын Тусгай олимпын хорооны ерөнхийлөгч Тим Шрайвэр оролцож, "Энэ бол та бид нэгнийгээ хүлээн зөвшөөрөх боломж. Эндээс ундарч буй хайрыг мэдэрсэн та аль хэдийнэ ялагч болсон" хэмээн хэлж, тамирчдад урам зориг өгсөн юм.

Нээлтийн үеэр дэлхийн олон алдартай урлаг соёлын одууд ирж, хит дуунуудаа хүргэсний зэрэгцээ олимпийн хөдөлгөөний нүүр царай, дуу хоолой болж буй эдгээр оддын дунд Аврил Лавин болон өнгөрсөн зуны хит дуу болох “Despacito” дууны эзэн Луис Фонси нар багтжээ.

Тусгай олимпийн хамгийн чухал зүйл болох сүлд дууг нээлтийн үеэр анх удаа олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү дууг алдартай уран бүтээлч, хөгжмийн продюссер Күэнси Жонес бүтээжээ.

Харин амьдралдаа тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулах тухай өгүүлэх дууны үгийг зохиолч Грэг Виллс болон дууг дуулж нийтэд хүргэх дуучин, “OneRebublic” хамтлагийн дуучин Ряан Тэддэр нар хамтран бичсэн байна.

Тус наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм. Манай улс 2015 онд анх удаа АНУ-д болсон Тусгай олимпийн зуны наадамд оролцож байсан бөгөөд энэ удаа 28 тамирчин үндсэн төрлүүд болох бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн найман төрлөөр өрсөлдөх юм.

Тусгай олимп нь Олон улсын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвисийн хэлснээр “Тусгай олимп бол дан спорт биш юм. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ" юм.

Наадмын хамгийн том онцлог нь тамирчид өөрийнхөө спортын төрлөөр ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд олимпийн наадмын өмнө сорилго тэмцээнийг төрөл тус бүрээр зохион байгуулж, бүх тамирчдыг хамруулдаг.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.