Тусгай олимпийн XV наадам АНЭУ-ын Абу Дабид өнөөдөр нээлтээ хийнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 14-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Тусгай олимпийн зуны XV наадам өнөөдөр Монголын цагаар 23.00 цагт Арабын Нэгдсэн Эмират улсын Абу даби хотод эхэлж байна. Энэ наадамд манай улсаас спортын үндсэн 7 төрөлд оюуны бэрхшээлтэй 21 тамирчин өрсөлдөх юм. Тусгай олимпийн XV наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм.

Монгол Улсаас үндсэн төрлүүд болох бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн төрлөөр оролцож байна. Энэ удаагийн тусгай олимпийн наадамд туршилтаар ороод, дараагийн тусгай олимпоос эхлээд үндсэн төрөлд орох спортын бүжгийн төрөлд ч хүч үзэх юм.

Өчигдөр сорилго тэмцээний сүүлийн өдөр байсан юм. Манай улсын тамирчид наадам эхлэхээс өмнө сорилго тэмцээнд оролцож байгаа нь ур чадвараа тогтоохоос гадна сандрал, айдсаа дарах боломж боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрийнхөө хэмжээнд сайн тоглох нь л тусгай олимпийн мөн чанар аж. Тиймээс сорилго тэмцээний үеэр тамирчин муу тоглож, чадвар муу хүмүүстэй нэг хэсэг болж өрсөлдөх гэсэн санаа агуулах нь тусгай олимпод байж болохгүй зүйл гэдгийг техникийн зөвлөгөөний үеэр онцолжээ. Хэрэв сорилго тэмцээнээр муу тоглоод, олимпийн тоглолтууддаа хэт сайн тогловол тухайн тамирчны хожлыг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг юм байна.

Шүүлтэд тухайн тамирчны ур чадвараас гадна хэд хэдэн зүйл нөлөөлнө. Тухайлбал, өрсөлдөгч тамирчнаа үл хүндлэх, зохисгүй авир гаргавал түүнд сануулга өгч, торгох арга хэмжээ авах нь. Тиймээс тусгай олимпод ямар нэг аргаар хожилд хүрэх гэж оролдох нь байж боломжгүй зүйл болдог байна.

Тусгай олимпийн наадмын хамгийн том онцлог нь тамирчид өөрийнхөө спортын төрлөөр ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд олимпийн наадмын өмнө сорилго тэмцээнийг төрөл тус бүрээр зохион байгуулж, бүр тамирчдыг хамруулдаг юм байна. Манай улсын тамирчдыг 7 дэмжин тоглогч эрүүл хүүхдүүд хамтран оролцож байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.