Япончуудын хандивын мөнгөөр хагартлаа баяжигсадыг яана вэ...

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн Японы ард түмний Татварын мөнгөнөөс дахин 1.8 сая ам долларыг Монгол Улсын Засгийн газарт Буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгч байгааг Япон улсын Элчин сайд ноён Такаока Масато Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулсан. 2018 оны 12-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэтай хэлэлцээр хийж хоёр орны Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхэд санал нэгдсэн нь бас дахин баталгаажиж байгаа нь энэ буюу.  

Ер нь бол 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал гэгчээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Япон улсын Засгийн газрын шийдвэрээр, арлын Японы 130 орчим сая хүн ардынх нь Татварын голдуу мөнгөнөөс Монгол Улсын өнөөдрийн хөгжил дэвшлийг бий болгоход голлох нөлөөг үзүүлсэн нийтдээ 2.8 тэрбум ам.долларын зээл, тусламж олгосон байдаг. Мөн төслийн бус чиглэлээр 195 сая ам.доллар олгож байж. Тэгвэл өчигдөр ноён Элчин сайд Такаока Масатогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай гарын үсэг зуран баталгаажуулсан энэ удаагийн буцалтгүй тусламж нь Монголчуудын хэрэглэдэг цэвэр усны нөөцийг хамгаалах ажилд зориулагдах болно гэж байгаа. Түүнээс гадна АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах эх үүсвэрийг бий болгохоор болсныг ч урьд нь мэдээлж  байсан билээ.

Өнөөдөр Үндэснийх нь гол шүтээн шахуу болсон Сүмо бөхийнх нь дэвжээнд Монгол Улсын Далай даян Дархан аварга агсан Жигжидийн Мөнхбат аваргын отгон хүү М.Даваажаргал 41 түрүүлснээрээ Япончуудын “Амьд домог” болчихоод байгаа нь тэдний сэтгэлийг уяруулан догдлуулж, тэр ч хэрээрээ тэдний зүгээс Монголын хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлийн хандив тусламжаа тасралгүй илгээсээр л байдаг болов уу. Үндсэндээ Номхон далайн өрнөд хэсэгт оршдог 6.852 арлын хамгийн том нь болцгоох Хоншү, Хоккайдо, Шикокү, Кюүшү за тэгээд Окинава арлууд дээр тархан амьдардаг Япончуудын Татварын мөнгө Монголчуудын өнгөрсөн 28 жилийн амьдралыг голлон тэтгэсэн мөнгө байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу.

Гэтэл өнгөрсөн 28 жилд Япончуудаас Монгол Улсын хөгжил дэвшилд зориулан илгээсэн нэн хөнгөлөлттэй зээл, Буцалтгүй тусламжийн мөнгөнөөс Монголын эрх баригч улстөрчид хийгээд төрийн албанд шургалсан дарга даамлуудын бүлэглэн эвсэж, хулгайлан завшсан мөнгөний тоо үнэн хэрэгтээ замаа алдсан гэж ойлгож болно.

Тухайлбал зөвхөн Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн 2008-2016 онуудад улсын төсөв болон “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн мөнгөнөөс 153.3 сая ам долларын төсөл, арга хэмжээнүүд гэгчийг хэрэгжүүлсэн нэртэй боловч ажлын эцсийн гүйцэтгэл, тодорхой үр дүн гэгчийг нь огтхон ч нэгтгэн дүгнэж байгаагүй, Улаанбаатарын агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг нь тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээнийх нь төрлийг ч тооцоогүй, зарцуулсан тэр их хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулсан үнэлгээ хийгээгүйгээс Улаанбаатарын агаарын бохирдол огтхон ч дорвитой буураагүй, илт мэдрэгдэх үр дүн өнөөдрийг хүртэл гараагүйг нь Улаанбаатарчууд бүгдээрээ л мэдэрч, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаагаараа ч хохирон амьдарцгааж байгаа билээ.

Монголын төрд, төрд данстай албанд шургалсан энэ олон хулгайч, луйварчид хэрхэн яаж Япончуудын сэтгэлийн хандив тусамжийн мөнгөнөөс бүлэглэн хулгайлж, өөрсдөө л түнтийтлээ баяжаад байхыг мэдэхээс өөрөөр Улаанбаатарчууд болон нийт Монголчуудад ач буянаа түгээж байсан нь тун ховор байсны нэгэн томоохон жишээг танилцуулъя. Тухайлбал одоогоос зургаан жилийн өмнө "Цэвэр агаар сан"-гийн захирлаар ажиилаж байсан Н.Хүрэлсүх гэгч барагдашгүй шуналтан нь Ерөнхий нягтлан бодогч байсан М.Хулан, туслах нягтлан байсан Х.Болдмаа, төслийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нартайгаа бүлэглэн тус санд орж ирсэн ихээхэн мөнгөнөөс тухайн үеийн АТГ-ынхны илрүүлснээр таван тэрбум төгрөгийг хулгайлсан нь тогтоогдож, АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оны долдугаар сард цагдан хорьсон түүхтэй. 

Ер нь бол тавхан жилийн дараа буюу 2024 он гэхэд Улаанбаатарын иргэдээс 15 мянга шахуу хүн “Агаарын бохирдол”-ын улмаас төрөл бүрийн хорт хавдар тусч, “Амь насаа алдана” гэдгийг тэр талын эрдэмтэн мэргэд судлан тогтоогоод байгаагаа саяхан мэдэгдэж л байсан. Тэгвэл Улаанбаатарчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан "Цэвэр агаар сан"-гийн ажлын хүрээнд 2011, 2012 онд түлшний санхүүжилтийн мөнгөнөөс гурав орчим тэрбум төгрөг гаргасан л байдаг. Гэтэл тэр их мөнгө нь "Шар Голын Энерго Болд" гэх хуурамч компанийн нэрээр урсан гарсан байдаг бөгөөд, тэрхүү томоохон хулгай луйврын хэрэгт хэд, хэдэн хүний нэр холбогдсон байдаг. Тэрхүү хулгайч, луйварчдын заримаас эргэн дурсвал тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын Хэлтсийн дарга байсан Д.Цэцэгээ, "Цэвэр агаар сан"-гийн Ерөнхий нягтлан бодогч асан М.Хулан, түүний найз хийгээд туслах нягтлан бодогч, "Шар голын Энерго Болд" гэх хуурамч компанийг үүсгэн байгуулагч Х.Болдмаа нарын нэр тухайн үед дуурсаж байлаа.   

Тухайн үед “Цэвэр агаар” сангийн Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан М.Хулан гэгч нь хуурамч компанийн нэр дээр мөнгө гаргахын тулд БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын Хэлтсийн даргын суудалд заларч байсан Д.Цэцэгээ гэгчтэй гаргах мөнгөний тодорхой хувиар тохиролцон ажиллаж, тэрхүү их мөнгийг хуваан залгицгаасан байдаг. Энэ хулгай луйврын томоохон хэрэгт хамгийн их үүрэг, оролцоотой байсан хүн нь мэдээж төслийн дарга байсан Н.Хүрэлсүх гэдэг нь тодорхой болж байв.

Тэгвэл өнөөдрийн хууль тогтоох дээд байгууллага гэгдэх УИХ дотор ч Монголын төрийн мөнгө болон Японы ард түмний Татварын мөнгөнөөс Монгол улсын хөгжил дэвшилд зориулан Буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирсэн мөнгөнөөс луйвардаж, өөрсдийнхөө нэр дээрх ББСБ-аар дамжуулан Монголчуудыг луйвардаж, улам л баяжсаар байгаа этгээдүүд ч байж л байна. Ер нь бол Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээлснээр бол Монголд нийтдээ 595 ББСБ бүртгэлтэй байдаг юм байна. Тэгвэл хөрөнгө орлогоо мэдүүлдэг нийт 35,538 төрийн албан тушаалтны мэдүүлсэн компаниудтай нэр таарч байгаа 82 ББСБ байдгийн дунд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын “Гунсан-Эрдэнэс”, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Тэнүүн капитал групп”, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум”, УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс”, “Газар капитал” гэх зэрэг баахан ББСБ бүртгэлтэй байгаа нь тэд өнөөдөр ч хэрхэн төрийн мөнгөнөөс хулгайлан завшицгааж байгаагийн тодорхой баримт мөн бөлгөө.

Энэ бүхнээс харвал Монголын төрийн мөнгөнөөс хулгайлан завшигчид урьд нь бүлэглэн хулгайлдаг байсан бол одоо арга нь улам л нарийсч, өөрсдөө ББСБ байгуулж, тэндээсээ маш өндөр хүүтэй мөнгө гаргаж Монголчуудыг шулан дээрэмдэж, өөрсдөө түнтийтлээ баяжсаар л байна.

Тэдний хулгайлан завших мөнгө ч улам л арвижин, Монголын төрийн санд орж ирсээр л байх бололтой. Тухайлбал энэ 2019 онд гадны зээл, Буцалтгүй тусламжийн хүрээнд нийтдээ 19 газраас нэг их наяд 371.5 тэрум төгрөг орж ирэх тооцоо гарсан байсан. Үүнийх нь 528.1 тэрбум төгрөг буюу 38.5 хувийг нь зөвхөн Азийн хөгжлийн банкнаас авна гэсэн. Мөн түүнчлэн 328.6 тэрбум төгрөг буюу 24.0 хувийг нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл эзлэх юм билээ. Энэхүү ихээхэн хэмжээний зээл, тусмалжийн мөнгөнөөс  энэ онд 177.6 тэрбум төгрөгийг нь нэгж болон зөвлөх үйлчилгээний зардалд хэрэглэх юм гэсэн. Мөн нэг их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтад, 121,0 тэрбум төгрөгийг нь Орон нутгуудын хөрөнгө оруулалтын төслүүдэд зарцуулах сурагтай байсан. Тэрхүү ихээхэн хэмжээний зээл тусламжийн мөнгийг төсвийн Ерөнхийлөн захирагч буюу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэгчийн багцад даатган өгсөн юм билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсгээр хаашаа урсан нь тодорхой болох энэхүү их зээл, буцалтгүй тусламжийн мөнгөн дунд Япончуудын Татварын мөнгөнөөс бүрэлдсэн 2.4 тэрбум иенийн Буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2018-2021 онуудад Ерөнхий боловсролын олон сургууль баригдах төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд, Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд хэдэн шинэ сургууль барих, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль болон Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад өргөтгөлийн ажлууд хийгдэхээр болоод байгаа.  

Харин байсхийгээд л Монголд орж ирж, төрийн эрх баригчдын мэдэлд шилждэг Японы ард түмний чин сэтгэлийн өргөл болсон Буцалтгүй тусламжийн мөнгөнд тавих Монгол төрийн хараа хяналт, шалгалтыг сайжруулахгүй бол “Цэвэр агаар” сан төслийнхөн шиг болоод жирийн иргэдийн яагаад ч авч чаддаггүй, жилийн гуравхан хувийн хүүтэй ЖДҮХС-ын мөнгөнөөс 950 саяас 2.1 тэрбумаар авч дөнгөсөн өнөөдрийн УИХ-ын гишүүд шиг хулгайлан шамшигдуулагсад байсхийгээд л толгойгоо өндийлгөөд байхгүй гэх баталгаа огт байхгүй юм.

Тэгээд ч удахгүй буюу дараагийн нэг дэх өдөр эхлэх УИХ-ын Ээлжит бус чуулганаар ЖДҮХС-ын мөнгөнөөс шамшигдуулсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хэргийг авч хэлэлцэх үү, аль эсвэл дээр дооргүй нэлээн маргаантай байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар цэцэрхэлцдэг юм болов уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  Харин УИХ дахь сөрөг хүчин АН-ын гишүүд болох Б.Пүрэвдорж “ЖДҮХС-аас зээл авсан, яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг оруулах нь зүйтэй” гэсэн бол З.Нарантуяа гишүүн “УИХ дахь АН-ын бүлэг аливаа хууль бус зүйлийг хаацайлж байгаагүй, бурууд нь зөвлөж, зөвийг нь дэмжиж ажилласан. Нийгмийг цочроосон мухарлаж шалгах ёстой олон хэрэг байгаа учраас хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шалгах, улс төржүүлэхгүй байх ёстой гэж үзэж байгаа учраас АНын зүгээс мэдэгдэл хүргүүлж байгаа. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол бүх асуудалд шударга хандах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлцгээж байсан билээ.  

Ямартай ч цаг хугацаа урсаж л байна. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэрэгжүүлэхээр зорьж байгаа “Шударга ёс” Монгол Улсад ялалт байгуулах нь үү, дахиад л ялагдах нь үү гэдгийг энэхүү цаг хугацааны гашуун эргүүлэг л бидэнд харуулах, нотлох болов уу даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (124.158.107.85) 2019-03-13 16:16
      • 0
      • 1

      Тийм шүү. Тэр их мөнгөнөөс хулгайлан баяжигсадыг сайтар шалгах ёстой шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (64.119.17.192) 2019-03-13 15:56
      • 0
      • 1

      Bolovsrol

      Хариулах