Г.Батсүх: Би дууны уран бүтээлийн гурван цомог, тоглолтын нэг DVD гаргасан хүн шүү дээ...

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Батсүхтэй товч ярилцлаа. Удахгүй үзэгчдэд “Тэнгэр нь цэлмэг эх орон-3” тоглолтоо хүргэх гэж буй тэрбээр чуулгадаа 16 жил дуучнаар, сүүлийн жилүүдэд байнгын хөтлөгчөөр ажиллаж буй бөгөөд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулгыг орон сууцтай болгох хөдөлгөөн өрнүүлж, нутгийн зон олныг уриалан дуудаж зорьсондоо хүрсэн залуу гэдгээр олон түмэн илүү таньдаг болжээ.

-Таныг “жижиг” Батсүх үү гэх хүн таарлаа. Яагаад тэгж хэлж байгаа юм бол?

-Би Завхан аймгийн уугуул юм. “Нутгаас Батсүх нэртэй хоёр дуучин төрлөө” гэж ярих болсон байна лээ. Гавьяатыг том, намайг жижиг гэж байгаа юм. Ингэж дуудуулах юу нь муу байх вэ. 

-Баттулга найрагчид сайн тусалсан. Та хоёр уран бүтээлийн найзууд уу?

-Найрагч насаар надаас нэлээд хэд ах. Гэхдээ нэг голын хөвөөнд өссөн болохоор үеийн юм шиг санадаг. Бид Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүхэйн голын хөвөөнд тоглож өссөн жаалууд. Багаасаа ахын шүлэг, бүтээлийг сонсож, дурлаж өссөн болохоор “Болор цом”-д түрүүлсэн томоохон амжилтыг нь мялаасан шиг мялаах нь зүйтэй гэж үзээд, нутгийн олондоо хандсан юм. Ажил сайхан бүтсэн. Олуул ч хөдөлсөн. 

-Уран бүтээлийн гурав дахь тоглолтоо хийх гэж байна. “Тэнгэр нь цэлмэг эх орон” гэж нэрлэсэн тань таалагдлаа. Алдартай дууны “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэсэн мөрөөс санаа авч нэрлээ юү?

-Тэгж ойлгож ч болно. Бид хилчид, нэг номерын дайчид шүү дээ. 

-Дуучид, хөгжимчдийг ч гэсэн дайчид гэж үздэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Эх орны торгон хилийн манаанд нүд цавчилгүй зогсох дайчид яг адил үүрэг хүлээсэн хүмүүс. Жилийн дөрвөн улирлын ихэнх хугацаанд Монгол орноо тойрон аялж, хилчиддээ дуу, хуураар үйлчилж, мэдээлэл түгээж явдаг. Ийм учраас манай чуулгынхныг үзэгчид төдийлөн таньдаггүй байж мэднэ. Хотод байх л юм бол концертын хэдэн танхимд дуучид, уран бүтээлчдийн тоглолт хөтөлж байдаг, харьцангуй хөдөлгөөнтэй намайг ч гэсэн хүмүүс нэг их мэддэггүй. Гэтэл би дууны уран бүтээлийн гурван цомог, тоглолтын нэг DVD гаргасан хүн шүү дээ. 

-СУИС-ийн дуулаачийн ангийг Гавьяат жүжигчин Д.Ганхуяг багшийн удирдлага дор төгссөн тенор хоолойт дуучин юм билээ. Эх орноо магтан дуулсан, энэ хоолойд зориулж бичсэн дуу хэр элбэг вэ?

-Бий бий. Яруу найрагч Г.Пүрэвдоржийн шүлэг, хөгжмийн зохиолч Ж.Батхүлэгийн ая “Тэнгэр нь цэлмэг эх орон” дуугаа үзэгчдэд танил болгож байна. Мөн энэ яруу найрагчийн шүлэг, хөгжмийн зохиолч, манай чуулгын удирдаач Р.Ганбатын ая “Цогтын цэрэг”, яруу найрагч П.Мишигбатын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын хөгжим “Тэнгэр уул” зэрэг дуундаа дуртай.

Би бас сэтгэл хөдөлсөн үедээ ундаалж, шумбаж өссөн Цэцүүхэйн голдоо зориулж шүлэг бичиж оролдсон юм. Хөгжмийн зохиолч Г.Ганбаатар хөгжим бичиж дуу болгосон. Одоо тоглолтоороо үзэгчдэд сонсгоно. Тоглолт энэ сарын 16-нд “Улаанбаатар палас”-д болох юм. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлч олон. Манай чуулгын найрал дуучид, бүжигчид, “амьд” хөгжмийн “Аянга” хамтлаг, цохивор хөгжимчдийн “UB DREAM” хамтлаг, бит боксын Ray, дуучин, Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ зэрэг уран бүтээлчийн бүрэлдэхүүн үзэгчидтэй уулзахаар бэлтгэж байна.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.