С.Амарсайхан: 2008-2019 онд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104.7 сая доллар зарцуулсан ч агаарын бохирдол буурсангүй...

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай уулзаж, ойрын үед хийж хэрэгжүүлсэн ажлууд болон ирээдүйнх нь зорилго чиглэлийн талаар цөөн асуултандаа хариулт авлаа. Ажлаа аваад 14-хөн хонож байгаа ч нэлээн ажил амжуулж, бас олон зүйл бодож, төлөвлөж яваа нь түүний  ярианаас тодорхой байсан юм. 

-Таны хувьд Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг гардаж аваад хоёр долоо л хонох гэж байна. Ер нь тухайн үеийн нөхцөл байдал буюу таныг Нийслэлийн Захирагчаар томилсон НИТХ-ын тэр өдрийн хуралдааны талаар сонирхсон асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Миний хувьд шийдвэл зохих олон асуудал хуралдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг хүлээж аваад яг л хоёр долоо хонох гэж байна. Тухайн үеийн нөхцөл байдал гэвэл миний бие НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас олонхын буюу 56.8 хувийн санал авснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдож, түүнийг нь батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьсан л даа. Тэгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын тэрхүү хүсэлтийг хүлээн авч захирамж гарган намайг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байдаг. Түүний дараа өнгөрсөн сарын 27-ны орой Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатар хотын Захирагчийн тамгаа гардан авсан. Товчхондоо бол ийм л асуудлууд өрнөөд дууссан гэх үү дээ.

-Та дөнгөж сая Налайхын замын нэг хэсгийг өргөтгөн сайжруулах, засварлан шинэчлэх ажлын гэрээ хэлцлийг шинэчлэх асуудлаар энэ ажлыг гардан гүйцэтгэх Хятадын компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захиралтай уулзаж, гарын үсэг зуралцаад гарч ирлээ. Тэр талаар товчхон тайлбарлахгүй юу?

-Манай ард иргэд Налайхын зам аль ч хэсгээрээ нэлээн муудсаныг сайн мэдэж байгаа. Тийм ч болохоор Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх замыг шинэчлэн сайжруулах, 20.9 км замын өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Миний бие энэ ажлыг хэрэгжүүлэхээр сонгогдсон БНХАУ-ын “Синохайдро Корпорайшн Лимитед” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Жианг Гуотай уг төслийн Арилжааны гэрээг шинэчлэх асуудлаар тохиролцож, дөнгөж сая гэрээг нь шинэчилэн баталгаажууллаа.

Ер нь бол Улаанбаатар хотын хамгийн том, хүн амныхаа тоогоор ч тэргүүлж байгаа Баянзүрх дүүргийн Налайх чиглэлийн зам бол нийслэлийн хөгжил дэвшил, ард иргэдийн маань аюулгүй, эсэн мэнд нааш, цааш зорчихтой холбоотой маш чухал дэд бүтэц юм л даа. Бүр тодруулвал Улаанбаатар хотыг зүүн бүс болон зүүн аймгууд, зүүн урд хилийн боомт Замын-Үүд, Чойртой холбодог, ачаа бараа зөөх болон зорчигч тээвэр, цаашлаад эдийн засгийн ихээхэн үүрэг оролцоотой, бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам юм. 

Нийслэлчүүд өвөл, зунгүй Горхи, Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газруудаар явж амарцгаадаг шүү дээ. Түүнээс гадна Монгол Улсыг жилдээ зорин ирдэг 600-700 мянга гаруй гадны жуулчдын нэлээн хэсэг нь энэ замаар зорчдог байх жишээтэй. Гэтэл тэдгээр олон жуулчдын аюулгүй байдал нь ихээхэн хүнд нөхцөлд байгааг бид бүхэн байнга шахуу харж байдаг л даа. Байдал иймэрхүү асуудалтай байгаа тул Налайхын замыг тун яаралтай шинэчлэх ажлыг дэс дараалалтай зохион байгуулах ажил нь өөрөө анхаарлын төвд байсаар ирсэн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Нийслэлээс яаралтай шаардлагатай бүх л арга хэмжээг авч, уг замын ажлыг гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитед” компанитай зам засвар, шинэчлэлийн ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, энэ ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах үүрэг өгсөний дагуу замын ажлын гэрээг шинэчлэн өнөөдөр гарын үсэг зурсан нь цаанаа олон талын ач холбогдолтой.

Энэхүү шинэчилсэн гэрээний дагуу уг замыг шинэчлэх, өргөжүүлэх ажилд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр оролцох өргөн боломж нээгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Шинэчилсэн гэрээнд тусгагдсан энэхүү зөвшилцөлийн хүрээнд нутгийн иргэд тодорхой орлоготой, түр ч гэсэн байнгын ажилтай болох боломж нээгдэж байгаа юм.   

Мөн түүнчлэн Налайхын энэхүү шинэ зам нь Олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн  бүрэн гүйцэд гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байхаараа ихээхэн онцлогтой бүтээн байгуулалт болно гэж дүгнэж байна. Товчхондоо анхны зураг төсөлд нь өөрчлөлт оруулж, явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж, бэлэн болгосон учир бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бүх л нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.

Ер нь бол энэ 2019 оны сүүл гэхэд Налайхын энэ зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн суурь  тавигдаж байна гэж ойлгож болох юм. 

-Тэгвэл Улаанбаатарт яаралтай дуусгах ёстой ч юмуу, ажлыг нь түргэвчлэх шаардлагатай олон шинэ бүтээн байгуулалтын ажлууд байгаа шүү дээ. Тухайлбал Замын цагдаагийн газрын дэргэдэх шинэ гүүр гэх мэт?

-Тийм ээ. Өөрийн тань асуултанд тодорхой хариулт өгвөл Замын цагдаагийн газрын дэргэдэх гүүр барих ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа. Бүр тодруулвал Замын цагдаагийн газрын дэргэдэх  гүүрэн гарцын ажил одоогоор 43 хувьтай явж байгаа юм билээ. Бидний зүгээс  энэхүү  гүүрэн гарцыг есдүгээр сард эцсийн байдлаар хүлээлгэж өгөхийг гүйцэтгэгч байгууллагад нь сануулж, сайтар хяналт тавьж ажиллана.

Ер нь бол өмнөх хотын захиргааны зүгээс  2017 оны есдүгээр сард зам тавих хэсгийн газрыг бүрэн чөлөөлсөн байсан. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөн олговорт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна лээ.

Тэгэхээр одоо ямар нэгэн хүндрэл үүсэхгүйгээр гүүрэн гарцын ажил графикийн дагуу бүрэн хийгдээд явах боломжтой. Цаг хугацаанд нь ч ашиглалтанд оруулах нь тодорхой болсон. Тэгээд ч манай  Ажлын албаны зүгээс хариуцсан чиглэл бүрээрээ нямбай хяналт тавьж ажиллах болно.

-Саяхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж таны зүгээс холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга нарт тодорхой үүрэг даалгавар, үүрэг чиглэл өгсөн юм билээ. Тэр талаараа жаахан тодруулаач?

-Өнгөрсөн пүрэв гарагт болсон тэрхүү хуралдаанаар зарим дүүргүүдэд зөвшөөрөлгүй баригдсан хашаа, гудамжийг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх,  худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, жижиглэн үйлчилгээний чиглэлээр хот дотор болон хотын ойр орчимд  түүхий нүүрсээр галладаг газруудын үйл ажиллагааг зогсоох, өөр эх үүсвэрээр дулааны асуудлыг нь шийдвэрлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн л дээ.

Миний зүгээс хуралд суусан дарга нарт өөр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг сануулсан. Нийслэл есөн дүүрэгтэй, цаашид нийслэлийн төвийн зургаан дүүрэг гэж ярихаа болих хэрэгтэйг ч анхааруулсан байгаа. Ер нь бол Нийслэлийн иргэд тэгш эрхтэй шүү дээ. Тиймээс ч оруулж ирж байгаа асуудал болгоноо  есөн дүүргийн хэмжээнд судалж, ярих  шаардлагатай л даа. Улаанбаатарчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол утааны асуудал гэдгийг ч нэлээн олон талаас нь шийдэх шаардлагатай талаар ч ярилцсан. 

Ер нь бол төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс ажил хариуцаж байгаа хэн бүхэн, төрийн албан хаагч бүр агаарын бохирдлын эсрэг анхаарч ажиллах ёстой л доо. Мөн албан тушаалтан бүр хотын соёлыг түгээх асуудлыг ажил үүргийнхээ нэг хэсэг гэж ойлгож ажиллах ёстойг ч хэлэлцсэн. Хотод ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа атлаа гал түлж, утаа гарган агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хоолны газар, амралт зугаалга, сувиллын газрууд, дэлгүүр хоршоо, дугуй засвар, барилгын манаач зэрэг газруудын нийт 5406 янданг буулгаж, өөр эх үүсвэрээр халаалтыг нь шийдвэрлүүлэх үүргийг холбогдох дарга нарт өгсөн. Нийслэлийн иргэн бүрийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаа өвлийн улирлын энэ их харанхуйлсан хар утааг эхнээс нь бууруулах, таслан зогсоохын тулд нам даралтын зуухнуудын асуудлыг нэн даруйхан шийдвэрлэх ёстой л доо.

Гэхдээ үүнийг мушгин гуйвуулж хотын захиргаанаас бүх янданг буулгах гэж байна гэж ойлгуулж болохгүй гэдгийг ч ярилцсан байгаа. Үүний тулд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор холбогдох газруудад мэдэгдлээ хүргүүл, шаардлагаа тавь гэдэг үүргийг ч өгсөн. Үүнд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага анхаарч ажиллах шаардлагатайг маш тодорхой анхааруулсан.

Мөн Горхи-Тэрэлжийн амралт зугаалын газраас бусад хотын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын газрууд гал түлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатайг ч ярилцаж зохих шийдвэр гаргахыг даалгасан. Ашиг олохоор үйл ажиллагаа явуулж байгаа бол нүүрс түлж хорт утаа гаргахгүй байх, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь чухал гэдгийг тэдгээр байгууллагын удирдлагуудад сайтар ойлгуулах шаардлагатай л даа. Гэхдээ Улаанбаатар хотын захиргааны зүгээс халаалтын асуудлыг нь нэгдсэн журмаар шийдвэрлэх үүрэг чиглэл өгөхгүй тул элдэв байдлаар хардах шаардлагагүй гэдгийг ч анхааруулах ёстой гэдгийг мэдэгдсэн.

Энд хамгийн гол нь Улаанбаатарт өвлийн улиралд үүсдэг харанхуйлсан хар утаанд бүх л хүмүүс хохирч байгааг мэдсээр байгаа байгууллага бүрийн удирдлагуудаас эхлээд өөрсдөө гал түлэхгүйгээр халаалтын асуудлаа шийдэх олон боломжийг эрэлхийлэн ажиллах ёстой юм. Сайн дураараа нам даралтын зуухаа буулгаж, агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хотын нэг хувийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгааг холбогдох газрууд судалж танилцуул гэсэн үүрэг, чиглэлийг ч тодорхойлсон. Ер нь тэгээд 14 хоног тутамд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх гол гол танилцуулгаа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж бай гэдэг үүргийг холбогдох бүх л дарга нарт өгсөн л дөө.

-Уг нь би өөртэй чинь өчигдөр уулзах санаатай байсан ч тухайн үед та ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов гуайтай уулзаад бас л завгүй байсан. Манай Улаанбаатар нийслэл нь ОХУ-ын нийслэл Москва хоттой ихээхэн найрсаг хамтын ажиллагаатай байдаг тул ярилцах асуудал их л байсан байх даа?  

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Тодорхой түүх сөхвөл Улаанбаатар хот маань ОХУ-ын нийслэл, Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй л дээ. Тийм ч болохоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институт боловсруулж байсан нь манай улсын хот байгуулалтын хөгжилд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан байдаг юм билээ.  

Тэгээд ч энэ 2019 он бол ОХУ болон Монгол Улсын хувьд харилцааны түүхэн чухал он цаг ээлжилсэн жил болж байгаараа тун их онцлогтой юм. Тухайлбал энэ жил Халх голын байлдааны ялалтын түүхэн 80 жилийн ой, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаагаараа түүхэн чухал цаг хугацаа  юм л даа. Ер нь манай хоёр орон нь олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай явж ирлээ л дээ. Халх голын ялалтын түүхэн ойн хүрээнд хуучин хөшөө дурсгалыг сэргээн засварлах, мөн ОХУ-ын зүгээс тавьсан хамтран ажиллах хүсэлтийг Улаанбаатар хотын зүгээс таатай хүлээн авч, бүх талаар хамтран ажиллана гэдгээ ч илэрхийлсэн байгаа.  

Нөгөөтэйгүүр манай Улаанбаатар хот нь ОХУ-ын баатар хот Москвагаас гадна Санкт-Петербург, Эрхүү муж, Эрхүү хот, Новосибирск, Чита, Халимаг Улсын Элиста, Буриад Улсын Улаан-Үд, Тува Улсын Кызыл зэрэг хотуудтай найрсаг, хамтын ажиллагаатай хамтран ажилладагыг уламжлахад таатай байна.

Энд нэгэн чухал арга хэмжээг танилцуулахад ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ оны зургадугаар сард “Улаанбаатарын өдрүүд” ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар Ажлын хэсэг байгуулагдан, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа болно.

-Та жаахан яараад байдаг. Уг нь дорвитойхон ярилцах гэхээр голдуу дараагийн ажил, цаг хугацаанд баригдах юм даа. Ингэхэд Улаанбаатарын иргэдийн хэдэн хувь нь гэр хороололд амьдарч, өвлийн харанхуйлсан хар утааг дэгдээгээд байгаа юм бол?

-Тэр бол тун ярвигтай тоо баримт байгаа л даа. Тухайлбал, Монгол Улсын 3.2 сая хүн амын бараг тал нь Улаанбаатарт амьдарч байгаа болохоор эрүүл мэнд, замын түгжрэл, өвлийн их утаа тортог, энд тэндгүй газар зохион байгуулалтын давхардал, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж гээд тулгамдсан асуудал ар араасаа хөвөрч, тэр хэрээр шийдэх асуудал нь ч маш өргөн хүрээтэй, ажиллагаа ихтэй байна. За эхнээс нь шийдээд, асуудлыг намжаагаад явлаа гэхэд тэр нь зөвхөн Улаанбаатарчуудын эрх ашиг ч биш, улсын хэмжээнд чухал ач холбогдолтой шийдвэр байх шаардлагатай л даа.

Өнөөдөр нарийн тооцвол нийслэлийн хүн амын 60-аад хувь нь хотын захын гэр хорооллуудад амьдарч байгаа юм. Гэтэл Улаанбаатарт баригдаж, ашиглалтанд орчихсон мөртлөө өнөөдрийг хүртэл зарагдахгүй байгаа орон сууцнууд маш их байгаа. Гэтэл Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 2008-2019 онд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104.7 сая доллар зарцуулсан ч олигтой үр дүнд хүрээгүй л байгаа юм.   

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын гэр хороололд 230-аад мянган өрх байгаагийн 30 мянга орчим нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байгаа бол агаарын бохирдлын голомтод 200 мянган өрх байгаа тоо гарсан. Гэтэл нийслэлд ашиглалтад орчихсон хэрнээ одоо болтол борлуулагдаагүй 30 мянга гаруй орон сууц байгаа тоо ч бий. Ийм ч учраас Ерөнхийлөгчийн зүгээс “Ашиглалтанд орсон, Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдын цалинг барьцаалан, хүүгүй зээлээр оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр зарагдаагүй байгаа орон сууц эдийн засгийн эргэлтэд орж, агаарын бохирдол богино хугацаанд 50 хувиар буурах боломжтой. Гагцхүү үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй” гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байсан л даа.

За ингээд энэхүү ярилцлагаа өндөрлөхгүй бол дараагийн ажил хүлээгдэх нь...

-Таны цагийг үрсэн бол уучлаарай...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.