Big Bang хамтлагийн дуулиан шуугианаар топ таван энтертайнмэнт компанийн зах зээлийн үнэлгээ огцом унажээ

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдартай Big Bang хамтлагийн гишүүн Сёнрийг биеэ үнэлэгчдийн хууль бус сүлжээтэй холбоотой хэргээр шалгаж байна. Тэрээр өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан хэрэг нь шийдэгдтэл өөрийн харъялагддаг агентлаг болон хамтлагийн бусад гишүүдээ эвгүй байдалд оруулахгүйн тулд “зодог тайлж байгаа”-гаа өчигдөр зарласан юм.

 

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагийн нэг болох Big Bang-ийн гишүүн, тансаг амьдралын хэв маягаараа Солонгосын “Агуу Гэтсби” хочтой болсон Сёнригийн холбогдсон хэргийн талаарх мэдээ мэдээлэл сүүлийн хэдэн өдрүүдэд цахим сүлжээнд хурдацтайгаар тархаж байгаа билээ. 

Анх хоёрдугаар сарын 26-нд Big Bang хамтлагийн гишүүн Сёнри гадаадын хөрөнгө оруулагчдыг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг байсан нь илэрсэн. Дараа нь түүний ажилладаг шөнийн клубтэй холбоотой мансууруулах бодис, бэлгийн хүчирхийллийн хэргүүд сөхөгдсөн юм.

Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар энэхүү дуулианы улмаас Өмнөд Солонгосын топ таван энтертайнмэнт компанийн зах зээлийн үнэлгээ огцом унажээ.

K-Pop дуучид, хамтлагуудыг зах зээлд гаргаж ирдэг YG Entertainment, JYP Entertainment, SM Entertainment, Cube Entertainment, FNC Entertainment компаниудын нийлбэр үнэлгээ дуулан дэгдэхээс өмнө 3.3 их наяд вон байсан бол сүүлийн байдлаар 2.7 их наяд вон болж, 17.5 хувийн уналтыг үзүүлсэн байна.

Image result for YG entertainment seungri

Энэ нь 600 тэрбум вон буюу $527 сая орчим юм.

Дуучин Сёнри болон түүний хамтлаг нь YG Entertainment компанид харьяалагддаг. Одоо Өмнөд Солонгосын иргэд K-Pop оддын дуулианд хэн шинээр нэр холбогдохыг хүлээн анхааралтай чагнаж байна.

Энтертайнмэнт салбарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буцаж сэргэхэд урт хугацаа орох төлөвтэй байгааг зах зээлийн шинжээчид дүгнэжээ.

28 настай Сёнри Сөүлийн Ганнам дүүрэгт байрлах хэд хэдэн шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлж байсан гадаадын хөрөнгө оруулагч нарт биеэ үнэлэгч олж өгч байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. БНСУ-д биеэ үнэлэх явдал нь хууль бус бөгөөд Big Bang хамтлагийн гишүүн Сёнри буруутай нь тогтоогдвол 3 хүртэлх жилээр хорих ял авах юм. 

Bigbang's Seungri lies down in front of a neon sign reading 'bigbang'

Түүнчлэн Сёнригийн олон нийттэй харилцах албаны захирлаар нь ажилладаг Burning Sun шөнийн цэнгээний газар хар тамхитай холбоотой асуудал болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа ба тус шөнийн цэнгээний газрын эзэд цагдаа нарт хээл хахууль өгсөн эсэхийг мөн шалгаж байгаа талаар Ёнхап агентлаг онцолжээ. 

Өмнөд Солонгосын 18-35 насны бүх эрэгтэйчүүд хамгийн багадаа 21 сар цэргийн алба хаах ёстой хууль журмын дагуу Big Bang хамтлагийн гишүүн Сёнри энэ сарын сүүлээр цэргийн алба хаахаар явах ёстой байсан ч тэрээр албаа хойшлуулж болзошгүй болоод байгаа юм. 

Bigbang pictured in September, 2014

Цагдаагийн газрын зүгээс Сёнригийн гадаад паспортыг хурааж авсан нь түүнийг албан ёсоор сэжигтний хувиар шалгаж эхэлсэнтэй холбоотой хэмээн хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байгаа аж. 

2006 онд байгуулагдсан Big Bang хамтлаг Азидаа төдийгүй дэлхий даяар алдартай хөвгүүдийн хамтлаг юм. Хамтлагийн гишүүд цэргийн алба хааж эхэлсэнтэй холбоотойгоор хамтлаг түр хугацаагаар уран бүтээлээ зогсоогоод байсан юм.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2019/mar/12

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.