Чөлөөт бөхийн эрэгтэй баг дэлхийн цомд өрсөлдөхөөр Якутад буулаа

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Ирэх амралтын өдрүүдэд (III.16-17) ОХУ-ын Сахад болох эрэгтэйчүүдийн Дэлхийн цомд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр Якутад хөл тавилаа. Манай шигшээ баг Дэлхийн цомд зодоглох шилдэг найман багаас хамгийн түрүүнд тус улсад буугаад байна.

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр эх орноосоо мордсон билээ.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл гээд хашир туршлагатай хийгээд залуу тамирчдаар бүрдүүлсэн баг зодоглох юм.

Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Адъяахүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас, эмчээр Ж.Баатар нар ажиллана.

Эрчүүд маань Дэлхийн цомын тэмцээнд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байв. Монголын эрэгтэй бөхчүүд энэ удаагийн тэмцээнд Дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран, зохион байгуулагч орон 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтаад байгаа юм. Манай бөхчүүдэд 32 жил хүлээсэн медалийг эх орондоо авчирах бүрэн дүүрэн боломж бололцоо байна. Гагцхүү энэхүү боломжоо ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (124.158.107.85) 2019-03-12 14:39
      • 0
      • 0

      За даа ихэнх нь залуучууд учраас энэ удаа медаль авна гэдэг бараг л яагаад ч бүтэхгүй болов уу даа. Харин зүгээр 4-6 байруудад ороод ирвэл л болно доо.

      Хариулах