МИАТ “Boeing 737 Max” онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоолоо

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдож, зорчиж явсан 157 хүн бүгд амиа алдсан. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон оронд “Boeing 737 Max” загварын онгоцыг ашиглахаа түр түдгэлзүүлээд байгаа билээ.

Монголын ИНЕГ-аас МИАТ авиа компанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өчигдрөөс эхлэн түр хугацаагаар мөн зогсоожээ. Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг ИНЕГ-аас гаргасан байна.

Монгол Улсаас гадна БНХАУ, Өмнөд Африк, Кайманы арлууд болон Индонезийн Засгийн газар “Boeing 737 Max 8” онгоцоос түр хугацаагаар татгалзахаар болжээ. Харин АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа “Boeing”-ийн шинэ загварын онгоц техникийн хувьд аюулгүй хэмээж, үргэлжлүүлэн ашиглах болно” гэлээ.

Уг мэдээлэлтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани энэ онд зургаан ширхэг “Boeing 737 Max” онгоцыг  нисгэхээр төлөвлөж байснаа түр хугацаанд царцаажээ. “Korean Air” компани 2015-2016 онд “Boeing 737 Max” загварын 50 ширхэг онгоц худалдан авах гэрээг “Boeing” компанитай амжилттай хийсэн. Мөн “Korean Air”-ийн өрсөлдөгчид болох “Jeju Air”, “T’way Air” компани  “Boeing 737 Max” загварыг худалдан авахаар гэрээ байгуулаад байв.

“Boeing” компани нэгдүгээр сард “737 Max”-ийн шинэ загваруудаа олноор нийлүүлсний 20 хувийг нь БНХАУ-д нийлүүлсэн байна. Энэ загварын онгоц “Boeing” компанийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг. Он гарснаас хойш энэ төрлийн онгоцны үйлдвэрлэлийн гарц сард 57 болж нэмэгдсэнээр борлуулалтын орлого нь жилийн 30 тэрбум ам.доллар давсан аж.

“Boeing” компанийн хувьцаа 24 цагийн дотор 13 хувиар унаж, ихээхэн алдагдал хүлээгээд байна.

Этиопод осолдсон онгоцны хувьд өнгөрсөн 10-р сард Индонезид осолдсон онгоцтой адил загвартай байсан нь Boeing 737 MAX 8 онгоцны аюулгүй байдалд эргэлзэхэд хүргэж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцлон бичсэн юм.

Ethiopian Airlines компанийн гүйцэтгэх захирал Тиуолдэ Гебре Мариамын мэдэгдсэнээр тус онгоцыг өнгөрсөн жилийн 11-р сард худалдан авсан ба нийт 1200 гаруй цаг ниссэн байжээ. Тус онгоцны хувьд өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан гэж бүртгэгдээгүй ба нислэгийг удирдаж байсан нисгэгч туршлагатай нэгэн байсныг онцолсон байна.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба Боинг компани ослын шалтгааныг тогтоох ажилд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Boeing-737 Max-8” загварын нисэх онгоц нь 2016 оноос нислэг хийж эхэлсэн бөгөөд харьцангуй шинэ загварын нисэх онгоц юм. “Ethiopian Airlines” компани өнгөрсөн оны сүүлээс уг онгоцыг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.

Африк тивийн олон чиглэлд нислэг хийдэг тус компани аюулгүй байдлын үнэлгээгээрээ харьцангуй дээгүүрт тооцогддог юм. Хамгийн сүүлд 2010 онд Бейрутаас хөөрсөн онгоц нь Газар дундын тэнгист осолдож, 90 хүн амиа алдаж байсан аж.

Боинг компанийн Boeing 737 загварын онгоц нь 2017 онд анх үйлчилгээнд нисч эхэлсэн ба салбартаа хамгийн сайн борлуулалттай, хамгийн найдвартай онгоцод тооцогддог аж. Энэ удаагийн осол нь Boeing 737 загварын зорчигч тээврийн онгоц осолдсон хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Өнгөрсөн 10-р сард Индонезийн Lion Air компанийн Boeing 737 зорчигч тээврийн онгоц далайд осолдож, 189 хүний аминд хүрсэн билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.