Ууртай, уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Хэрэв таны хүүхэд:

2-3 настай бол 7 ХОНОГТ 9-10 удаа

3-4 настай бол 6-7 удаа

4-5 настай бол 5-7 удаа

5-6 настай бол 4 удаа дунджаар цочир уурлах нь хөгжлийн хэвийн үе шат гэж үздэг. Дөрөв хүртэлх насанд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхийлдэг. Шууд илэрхийлэх нь ч зөв.

Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашдын биеэ хянах үйлд нь чухал нөлөөтэй. Хүүхэд уурлах, бухимдах, аашлах нь дундаж тооноос их бол:

Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)

Орчин нь солигдох, шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав ээж)

Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой хэрнээ цочмог ууртай болдог байна)

Хүүхдэдээ өдөр бүр 20 минут чанартай цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх)

Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м заавал хөдөө, хол байх албагүй)

Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань оролдоод байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байж болох магадлал 80 хувь)

Ямар ч үед өөрт нь сонголт хийх боломж олгож саналыг нь сонсох (Өнөөдөр цагаан цамц уу, цэнхэр нь үү г.м )

Хэмжээ хязгаар тавьж өгөх (Дэлгүүрт орохын өмнө тохиролцохдоо дуртай амттанаас чинь хоёрыг л авна, хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад шууд зурагтаа унтраана, гадаа талбайд хашаанаас гарахгүй тоглоно г.м урьдчилан тохиролцох)

Уурласан үед нь гар хүрч, уур бухимдлаа гаргалгүй тэвчээртэй байх. Хүүхэд өөртэйгөө ижил санаа бодлыг мэдрэх үедээ амархан тайвширдаг. Тиймээс та "Тоглоомыг чинь дүү нь булаачихсан уур нь хүрчихсэн үү, аргагүй дээ ээж нь ч бас уурлах л байсан. Уурлаж дуусаад хэлээрэй, ээж нь тэврэхэд бэлэн хүлээж байя" гэх мэтээр өөрийнх мэдрэмжийг ойлгож харилцаарай.

Заа аав, ээжүүд минь хичээгээрэй. Хүүхдээ уурлах үед хүчээр таслах биш өөрөө уураа зохицуулж, сэтгэлээ тайвшруулах хүртэл тэвчээртэйгээр дэмнэх, хүлээх хэрэгтэй шүү.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.