П.Баярлах: Хөдөөгийн малчин бид одооны энэ төр засгаас юугаа ч горьдож, юугаа ч гуйж амьдрах вэ дээ...

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Улсын нийслэл Улаанбаатараас 1050 гаруй км-ын алсад Дорноговь аймгийн хамгийн зүүн захын буюу Монгол Улсын зүүн өмнөд хилийн харуул Хатанбулаг сум оршдог. Харин Хатанбулаг сумын төвөөс баруун урагш 30-аад км-ын алсад Пунцагийн Баярлах гуайн өөрийнхөө гараар барьж босгосон чулуун байшин, малын хашаа хороо бүхий өвөлжөө, хаваржаа нь дүнхийнэ. Нас сүүдэр нь 60 нэлээд хол гараад явчихсан П.Баярлах гуай уг нь залуудаа тракторын жолоочоор 18 орчим жил ажиллаж байгаад сүүлдээ барилгачин болж, Хатанбулаг сумандаа нэлээн хэдэн барилга босголцсон, энэ нутгийн унаган иргэн юм билээ. Ингээд Улаанбаатар нийслэлээс 1080 орчим км-ын алсад амьдран суугаа Хатанбулаг сумын Халив буюу нэгдүгээр багийн малчин өвгөн П.Баярлах гуайтай өрнүүлсэн ярилцлагаа толилуулж байна.

-За П.Баярлах гуай та бид хоёрын Хатанбулагт 50 гаруйхан тоотой үлдсэн Аргаль, янгир дурандаж суугаа энэ хайрханы нэр нь юу билээ. Ер нь Монгол орны зүүн өмнөх хилийн харуул болсон Хатанбулаг сум ч нэлээн хад чулуулаг, уул толгод ихтэй юм байна шүү?

-Тийм шүү. Миний төрсөн нутаг Хатанбулаг сум нь зүүн урд талаараа БНХАУ-ын Өвөрмонголын Дархан муу мянганы хошуу болон баруун өмнө талаараа Өмнөговь аймгийн Ханбогд сумтай, хойд талаараа өөрийн аймгийн Хөвсгөл сумтай хил залган оршдог юм. Анх 1924 онд байгуулагдсан гэдэг. Газар нутгийнхаа хэмжээгээр бол 30 гаруй мянган  квадрат км нутагтай гэж явдаг байх шүү. За манай Халив баг тэгээд Эргэл, Замын шанд, Цээл, Агаруут, Аман-Ус гэсэн зургаан багтай л сум даа. Эрдэмтэн мэргэдийн тодорхойлсноор бол далайн төвшнөөс дээшээ 900-1400 метр өргөгдсөн, Төв Азийн  их цөл, тэгш өндөрлөгийн умард хаяа, газар хөдлөлтийн ихээхэн идэвхитэй бүсэд оршдог гэх юм билээ. Ер нь бол байгалийн хувьд цөлжүү, хээр тал зонхилсон л сум байгаа юм. Харин байгаль цаг уурын хувьд ихээхэн эрс тэс ч өвөлдөө цас бага унадаг, жилийн дөрвөн улиралд ер нь л ширүүн салхитай байдаг газар гэж ойлгож болно.

Харин өнгөрсөн 2017-2018 оны зун нь хур бороо нэлээн гайгүй орж, байгаль дэлхий сэргэсэн шүү.

-Ингэхэд Хатанбулагчууд өөрийн сумын есөн гайхамшигаар ихээхэн бахархаж байдаг гэж та түрүүн дурдаад авна лээ. Түүнийгээ  жаахан тодруулахгүй юу?  

-Тэр яах аргагүй тийм шүү. За манай Хатанбулагийн есөн гайхамшиг бол дээр үеэсээ элдэв төрлийн аварга динзовар, Үлэг гүрвэлүүдийн яс олдсоор ирсэн алдарт Эргэлийн зоог эн тэргүүнд дурдах ёстой. За тэгээд манай сумын нэрийн үүсэл болсон Их Чингис хааны Хатны булаг нь сумын төвөөс баруун урагш 25 км зайд оршдог юм. Энд нэг их түүхийг эргэн сануулахад Их  Чингис хаан 1226 онд Тангуд улсыг дайлаар мордохдоо манай сумын нутаг Сайрын ус, Эргэлийн зоогоор орж, Хатны булаг дээр буудалж, бага борлог мориороо анд мордож хулан агнаж яваад, мориноосоо унаж бэртэн жил шахам байрласан гэсэн домог байдаг. Үүний ул мөр болж Хатны булгийн хоёр талд нь баруун, зүүн шивээ гэдэг нэртэй хоёр жижиг толгойд харуул, хэвтүүл байсан гэдэг түүхтэй. Ер нь бол Хатны  булгийн ойролцоо нэгэн түмэн цэрэг байрлаж байсан болов уу гэмээр хүрээ хэмээгдэх   чулуугаар барьсан таван хашаа байдаг. Мөн Хатны бунхан нэртэй овоолго ч бий. Үүнийг Чингис хааны хатны бунхан гэж нэрлэдэг л дээ. Түүнээс гадна Их Чингис хааны хатны бие чилээрхэж манай сумын нутагт байсаар сайжралыг  ололгүй тэнгэрт хальсан тул энэ газрыг онголон тахьсан гэдэг домог ч байдаг. Тэгээд ч манай сумын ИТХ-ын 1998 оны 4/8 дугаар тогтоолоор Хатны булгийг хамгаалалтад авсан юм.

Мөн түүнчлэн Хутаг-Уул гэж сайхан нутаг байгаа. За тэгээд Тайхар чулуу, Шивнээн булаг, Баруун зүүн бичигт, Цагаан зандан, Хэцүү уулын агуй, Дун овоо гээд есөн гайхалтай байгалийн тогтоц бүхий Хатанбулагчуудын шүтээн болсон газрууд байдаг даа. Одоо жишээ нь сумын төвөөс хойш 20-иод км-т дүнхийх алдарт Эргэлийн зоо гэхэд л уртаашаа 60 гаруй км үргэлжилдэг юм шүү дээ. Манай сумын Эргэлийн зоо нь 30 гаруй сая жилийн өмнөх Шим ертөнцийн яндашгүй гэрч болоод дүнхийж байгаа юм. Тэндээс галав эртний сүүн тэжээлтэн амьтад болон аварга Үлэг гүрвэл, за тэгээд олон төрлийн сээр нуруутны олон олдвор, ясыг анх Америкийн эрдэмтэн И.Эндрес гэдэг хүн бүр 1920-иод оны үед илрүүлэн олж байсан гэдэг.

-Таны төрсөн нутаг Хатанбулагчуудын дундаас маш олон алдар цуутай эрхэм хүмүүс төрөн гарсан гэдэг. Та тэдний заримаас дурдахгүй юу?

-Наадах чинь яах аргагүй манай Хатанбулагчуудын бахархал болсон түүх л дээ. Хэдийгээр хүний амьдрал богинохон ч гэсэн улс эх орон, төрсөн нутгийнхаа төлөө маш их хичээл зүтгэлтэй ажиллаж амьдарсан, сайхан хүмүүс олон байдаг л даа.

Тэднийхээ заримаас буюу өөрийнхөө мэддэг, зарим нэгэнтэй нь уулзаж учирч явсан гавъяат хүмүүсээсээ дурдвал Наймдугаар Богд хаант Монгол Улсын шалгарсан баатар Б. Мааньзав, Ардын хувьсгалын партизан М. Базар, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар С. Чимэддорж, Ч. Дүгэрээ, Ардын жүжигчин, төрийн шагналт, нэрт бүжиг дэглээч Ц. Сэвжид, Ардын зураач, төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л. Гаваа, Монгол Улсын төрийн шагналт Д. Ганболд, С. Сүхбаатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн эдийн засгийн ухааны доктор, академич Н. Жагварал, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Ж. Гончиг, Б. Шүхэрт, эдийн засгийн ухааны доктор, профессор Ц. Адъяа, БНМАУ-ын төр нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Д. Загасбалдан, улс төрийн томоохон  зүтгэлтэн Б. Ламжав, БНМАУ-ын Урлагын гавъяат зүтгэлтэн Л. Ухнаа, Г. Цэрэн, Л. Гаваа, Монгол  Улсын гавъяат жүжигчин Д. Алтантуяа, Монгол Улсын гавъяат багш Г. Сугар, Ж. Лхамсүрэн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор X. Гэндэнжамц, Геологийн ухааны доктор Ж. Лхамсүрэн, боловсролын доктор Ж. Ухнаа, Монгол Улсын гавъяат багш Ж. Лхамсүрэн, Монголын зохиолчидын эвлэлийн шагналт зохиолч, газарзүйн багш С. Чулуун, Ардын хувьсгалын баяр наадмын парад командлагч, хошууч генерал  Г.Махбариад гээд дурдаад байвал барагдахгүй шахуу олон алдар гавъяатнууд мэндэлсэн түүхт нутаг юм шүү дээ.

-Та бид хоёрын Хатанбулаг суманд 50 гаруйхан тоотой үлдсэн Аргаль, янгирыг дурандаж суугаа энэхүү алсын бараа ихтэй хайрханы нэрийг та хэлсэнгүй шүү?

-Өө нээрээ тийм. За бид хоёрын дөрвөн зүг, найман зовхист дурандаж суугаа энэ хайрханы нэрийг Баян-Улаан гэдэг юм. Энэ хайрхан бол яах аргагүй миний эхээс мэндэлж, бойжиж өссөн унаган нутаг минь байгаа юм. Би чинь Хатанбулаг сумандаа наймдугаар анги дүүргээд тэгээд 1974 онд цэрэгт мордож, Сүхбаатар аймгийн Онгон суманд  хилийн цэрэгт албаа хаасан хүн байгаа юм. Тэгээд 1977 онд халагдаж ирээд нэгдэл нийгэмдээ арван хэдэн жил тракторын жолооч хийж байгаад дараа нь барилгачин болсон. Үүнийхээ дараа 1980 аад оны сүүлчээр өмч хувьчлалаар хэдэн мал аваад хөдөө гарсан хүн л дээ.

Хилийн цэрэгт алба хааснаа дурсвал тухайн үеийн дэслэгч генерал Ш.Арвай гуайн л цэрэг юм шүү дээ би. Бид тэгээд Сүхбаатарын Онгон суманд хилийн цэргийн отрядыг анхлан байгуулж байсан түүхтэй.

-Өөрийг чинь нутаг усандаа маш олон худаг ус гаргаж, сумын төв дээр ч олон барилга барилцсан гэх юм билээ. Тэднийгээ одоо нэг эргэн дурсахгүй юу?  

-За тийм ээ. Би яахав залуугаасаа жаахан гайгүй ажил сурсан л хүн байж. Түүнийхээ ч буянаар сумынхаа эргэн тойронд 40 орчим худаг ус гаргасан байдаг. Малын хашаа саравч гэвэл ихэвчлэн чулуугаар 30 гаруйг барилцсан даа. Сумын төв дээр болон хөдөө сумдын нутгаар бас нэг 40 гаруй байшин барилга барилцсан байдаг юм. Яг нарийн ярьвал Хатанбулаг сумын төв дээр миний гар бие оролцоогүй боссон байшин сав гэж байхгүй дээ. Би өөрийн гурван хүү болон сумын олон залуучуудыг дагуулан сургаж, барилга барьдаг, чулуугаар өөрсдийн амьдрах байшингаа болон малынхаа хашаа саравчыг барьчихдаг л болгосон доо. Яахав түүний буянд миний том хүү Б.Батмөрөн сумын төв дээр тов хийсэн байшин бариад орчихлоо. Түүнээс гадна сумын Соёлын төвийг засч янзалсан болон өөр бусад ажлаараа шалгараад 2018 оны сумын “Тэргүүний бүтээлч залуу” өргөмжөл авсан даа.

-Танай мал сүрэг нэг хэсэг сүрхий өсч үржээд 1000 хол гарч байсан гэх юм билээ. Харин одоо бол та болон таны эхнэр У.Отгон гуай нарын өмч гэвэл 400-аад толгой хонь, ямаа болон хэдэн үхэр л үлдсэн юмуу даа?

-За тийм шүү. Би анх хувьчлалаар 100 гаруй толгой малтай л хөдөө гарч байсан. Тэгээд удахгүй 4-5 жилийн дараа мал сүрэг маань гайгүй сайн өсөөд 1000 нэлээн гарч байсан үе бий. Тэгтэл удалгүй хүүхдүүд өсч томроод, тус тусдаа айл болоод гарахаар нь тодорхой тооны мал салгаж өгсөөр байгаад одоо эдгээр л үлдсэн дээ. Тэгээд ч одоо бид хоёрын нас нэлээн ахиад олон малын араас хөөцөлдөх чадал тэнхээ ч ихээхэн суларсан байна шүү. Би чинь одоо худгаас ус авах, хэдэн малаа мотоциклээр эргүүлэх зэрэгт л ядраад байх болж. Ер нь ч тэгээд бид хоёрт олон малын хэрэг юу байх вэ дээ. Яах вэ зүгээр аймгийн төвд улсын ажил хийдэг нэг охин болон сумын төв бараадаж хүүхдээ сургуульд оруулсан нэг хүү, за тэгээд тус дэм хэрэгтэй гэсэн болгонд нь л чадлаараа зүтгээд жаахан хоол ундтай л байлгах санаатай явж байгаа нь энэ л дээ. Би чинь уг нь дөрвөн хүүхдээ малчин болгосон санаатай. Харин нэг хүүхэд хөгжмийн сургуульд явж, нөгөөх нь бас л сураад одоо төрийн албан  хаагч, санхүүгийн хүн  болсон доо.

-Таны жинхэнэ овгийг  Пунцаг биш, Тунсаг гэж таны эхнэр У.Отгон гуай  хэлж байсан. Тэр ямар учиртай хэрэг вэ?

-Аа тэр яах аргагүй тийм л дээ. Миний аавыг уг нь Тунсаг гэдэг байсан юм. Гэтэл нэг мэдсэн чинь л Пунцаг болчихсон юм даг. Би чинь эцэг эхээс ердөө  хоёулхнаа юм шүү дээ. Миний дуу насаараа л хотод цэргийн сургууль, дараа нь жолооны сургууль төгсөөд насаараа шахуу жолооны багш хийж байгаад л тэтгэвэртээ гарсан бас нэгэн өвгөн бий дээ.

-Та эхнэртэйгээ анх яаж танилцаж, хэдэн онд гэр бүл болоод зургаан сайхан үртэй болсон түүхээсээ жаахан хуваалцахгүй юу?

-За тэгэхээр манай эхнэрийг Ухнын Отгон гэдэг, айлын том охин л доо. Бид хоёр чинь үндсэндээ 1977 оноос хойш л хань ижил болж, өнөөдрийг хүртэл гал голомтоо бадраагаад л явж байгаа хоёр байгаа юм. Манай эхнэр надаас хэд дүү болохоор энэ онд жил нь ороод одоо 60 гарчихаад л явж байгаа хүн дээ. Энэ хооронд бид хоёроос долоон сайхан үр заяасан ч нэг хүү маань дөнгөж 18 нас шүргэж байхдаа бурхан болчихсон юм даа, зайлуул. Уг нь ээж нь тэр хүүгээ “Энэ маань л энэ хэдэн эгч, ах, дүү нараа авч явах хүн дээ” гэдэг байсан юм л даа. Яагаад гэвэл хамгийн толгой сайтай, тэр хэрээрээ сурлага нь ч мундаг хүү минь байсан юм. За тэгээд яах вэ дээ. Хорвоо ямар дандаа шулуухан, тэгшхэн байдаг биш, үлдсэн хэд нь амьдрах гээд л зүтгээд явж байгаа юм.

-Таны өөрийнхөө гараар барьж босгосон тэр сайхан чулуун байшин, малын хашаа саравч байгаа газрын нэр нь юу билээ?  

-Аа тэр газар бол манай Халив багийн Гүн Шанд гэдэг нэртэй газар байгаа юм. Бид анх  өмч хувьчлалаар авсан 100 гаруй толгой малаа аваад л энэ Гүн Шанддаа ирж нутагласан айл юм даа. Манай энэ нутаг чинь өвөл тэгтлээ хатуурхдаггүй, хад асга, уул толгодын нөмөр сайтай, зундаа малын бэлчээр ч гайгүй гардаг байсан чинь сүүлийн жилүүдэд эргэн тойрон баахан уурхайнууд нээгдэж,  энд тэндгүй зам гарган давхилдсанаас болоод газар нутаг тун их сүйдэж, газрын гүний ус ч маш бага болчихоод байна. Одоо бид хоёрын дурандаж суугаа энэ Баян-Улаан хайрхан дээрээс энд тэндгүй салбарлан гарсан олон зам маш тодорхой харагдаж л байгаа биз дээ. За тэгээд манай энэ хавьд цөлжилт, элсний нүүдэл ч тун ихээр тархаж   байна. Үнэндээ хөрөнгө, мөнгөний асар их шуналтай болчихсон Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд нь энэ олон уурхайн эздүүдтэй хань хамсаатан болчихсон, яавал энэ газар орны баялгийг ахиухан шиг тонон дээрэмдэж болох нь вэ, яавал арай ахиухан ашиг орлого олох нь вэ гээд л өдөр шөнөгүй бужигналдаж байдгаас биш нутгийн ард түмэн, малчин биднийг хумсын чинээ хайхарч үздэггүй, огт тоодоггүй болчихсон юм билээ. Үндсэндээ Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат гэх нөхөр өнөөдрийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат за тэгээд бас баахан этгээдүүд Сулинхээрийн отрядын газар дороос илэрсэн Цагаан алтны их баялагтай ордод эзэн сууцгаахаар улайран дайрцгааснаас болоод л хилийн отряд сумын төв дээр ирчихсэн л дээ. Ингээд яриад байвал мөн ч их зовлон бэрхшээл бий дээ.

-Энд ирээд ажиглаж байхад танай ямаанууд ихэр ишиг нэлээн гаргаж байна  лээ. Ер нь энэ байдлаараа бол энэ хавар нэлээн сайн төл хүлээн авах бололтой дог оо?  

-Ер нь жил өнжсөн ямаанууд голдуухан л ихэрлээд байдаг юм. Гэхдээ ихэрлэсэн ямаанууд чинь бас жаахан явдалтай л даа. Тухайлбал ишигнүүдээ цадтал нь хөхүүлэхгүй, зугатаж давхиад байдаг золигнууд байгаа юм. Харин хонь бол хургануудаа цадтал нь хөхүүлнэ шүү дээ. Тэгээд ч хурганууд бол ишиг шиг майлалдаад л эхийнхээ араас хөөцөлдөөд байдаггүй юм. За манайх энэ жил том хүү Б.Батмөрөнгийнхтэйгээ нийлээд 300 гаруй төл хүлээн авах болов уу даа. Магадгүй түүнээс арай ахиухан ч байж болзошгүй.

Уг нь манайх чинь адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ гээд таван хошуу малын зах зухтай л айл байгаа юм. Үхэр гэхэд одоогоор нэг 40-өөд юм л үлдсэн байх. Адуу ч бас цөөхөн дөө. Тэмээ бол угаасаа 20-иод л юм үлдсэн болов уу. Харин хонь ямаа гайгүй шиг байгаа ухаантай. Тэгээд хоёр хөгшинд чинь олон малын сүйдтэй хэрэг алга л даа. Яах вэ хоёр гурван хүүхдийнхээ  л хоол ундных нь мах, борцыг  тасалчихгүй байж байгаад буцаж ирдэггүй аяндаа мордох юмсан л гэж боддог болцордог юм байна даа. Хүн чинь тэгээд үр хүүхдүүдээ бодсоор яваад л өнгөрдөг гэдэг нь яах аргагүй үнэн юм байна. Өөр ч одоо юу гэхэв дээ.

Ер нь бол хөдөөний амьдрал чинь энэ хэдэн малан дээр л тогтож байна шүү дээ. Мал гэдэг чинь үрэгдэж, асгараад дуусчихдаггүй мөнгө болохоор энэ хэдийгээ л бараадахаас  өөр юу ч хийх билээ дээ. Энэ хэдэн малын буянд л өвөг дээдэс минь амьдраад ирсэн болохоор бид ч тэр жишгээр л явж байна. Тэгээд ч одооны энэ төр засгаас юугаа ч горьдож, юугаа ч гуйж амьдрах вэ дээ. Одоо ч тэгээд нэг үеэ бодвол хөдөөний амьдрал бас сайхан л болж байна. Бид чинь одоо зурагтаа үзээд, богино долгионы утсаар хүүхдүүдтэйгээ холбогдчихно. Хааяа хэдэн малаа тэр богино долгионы утсаараа л сурна шүү дээ. Ер нь бол зарим айл нь бүр угаалгын машинтай ч болчихсон байх жишээтэй.

-Танай гадаа нэг жийп, бас нэг ачааны машин, хоёр ч мотоцикл, за бүр том трактор хүртэл байх юмаа?

-Өө одоо чинь малаа эргүүлэх мотоцикл, сум руу давхих унааны машинтай байхгүй бол болохгүй л дээ. За тэгээд заримдаа түлээ, нүүрсээ дөхүүлэх ачааны машин ч хэрэгтэй учраас л манай гадаа тэдгээр чинь сойлттой байгаа нь тэр л дээ. Манай энэ хүүгийн суман дээрх байшингийн гадаа машины граш байгаа биз дээ. Эдний эхнэр нь сумын цэцэрлэгийн эрхлэгч учраас нөхрийнхөө машинаас гадна өөрийн гэсэн машинтай байх шаардлагатай болоод саяхан Приус авснаа одоо голдог болсон гэсэн шүү. Тэгээд энэ хоёр өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатар орж бас нэг жийп авсан нь өнөөдөр суман дээр ирж байгаа гэсэн. Миний энэ муу жийп ч яах вэ дээ. Одоо бол усанд явах, хааяа сум руу давхих л үүрэгтэй байдаг юм даа. Би гэхэд жишээ нь морин дээр мордолгүй нэлээн хэдэн жил болж байна шүү.

-Уг нь та бид хоёр энэ Баян-Улаан хайрхан дээрээс Аргаль янгир дурандах гэж гарч ирсэн ч сая тээр урагшаа дахилдаж байгаа хэдэн зээр л харлаа даа. Нөгөө хэдэн Аргаль янгир маань хаачсан юм бол?

-Аа энэ чинь өдрийн их дуу чимээнээс дайжаад, тэгээд тэр нүүрс, Төмрийн хүдэр зөөж байгаа том оврын ачааны машинуудын их дуу чимээнээс үргээд хойшоо тал руугаа гарчихсан хэрэг л дээ. Сая тэр урагшаа давхилдаж байгаа зээрнүүд бол бас л салж бутраад, сүрэг нь хэдэн хэсэг болчихсон л зээрнүүд явж байгаа нь тэр. Ер нь бол манай Хатанбулагт хэдэн жилийн өмнө  Аргаль янгирын томоохон сүрэг давхилддаг байсан бол одоо уртаашаа 50 орчим тоо толгой л үлдсэн юм билээ.

Тэгээд өнөөх л бүх зүйлд шуналтай улстөрчид, одооны баячуул чинь давхиж ирцгээгээд л хулгайгаар агнаж устгаад, ачиж аваад давхиад явчихдаг болсон юм билээ.

-Сулинхээрийн отряд байсан газрын доороос  илэрсэн Цагаан алтны ордын тархац хаашаа үргэлжилдэг гэлээ?

-За тэр чинь Ж.Гүррагчаа баатар нарын сансраас авсан зургаар бол энэ баруун хойшоо л чиглэлтэй үргэлжилж байгаа гэх юм билээ. За тэгээд ганцхан Цагаан алт ч биш Газрын ховор элемент энэ тэр гээд баялаг ихтэй нь тодорхой болсон гэнэ лээ. За хүү минь салхи жаахан ширүүсэх янзтай болоод явчихлаа. Хоёулаа бууж гэрийн зүг мордох уу даа.

-Нээрээ ч салхи сүрхий үлээж байх чинь. За хоёулаа яриагаа дуусгаад энэ хайрхан дээрээсээ ч бууя даа, гэснээр П.Баярлах гуай бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Эрхэм уншигчид та бүхэн Монгол Улсын зүүн өмнөх хилийн харуул болсон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын унаган иргэн П.Баярлах ахын яриаг анхааралтай уншиж таалан болгоогоорой...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.