Б.Дүгэржав: Дандар баатар манайд очоод аавыг минь жинхэнэ баатар болох хүн энэ гэсэн...

Twitter Print
2019 оны 03-р сар 12-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Халх голын  ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн үеэр заавал дурсагдах нэг хүнийг эрсээр төрсөн хүү Б.Дүгэржавтай нь уулзлаа. Онцгой гавъяа байгуулсан таван хүний 4-ийг нь Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнаад С.Баянбилэгийг Улсын баатар болгоно гэж тодорхойлоод сураг тасарсан юм гэдэг. Баянбилэг гуай саяхан хүртэл Гачууртад амьдарч байгаад таалал төгсчээ. Хүү Б.Дүгэржавтай нь ярилцаж байна.

-Хоюул  уугуул нутаг уснаасаа яриагаа эхлэх үү?

-Бололгүй яахав. Манайх чинь Увс аймгийн Өмнөговь сумын айл. Хуучнаар бол Ховд аймгийн Чандмань уулын хошуу. Хошуу захирагч нь Хонбаатар гэж хүн байсан гэдэг. Аав минь бие даагаад бичиг үсэг сурчихсан, тухайн үедээ боловсролтой хүний тоонд багтаж байсан юм билээ. Тэгээд хошуу захирагч нь аавыг дэргэдээ аван ажиллуулж байсан гэдэг. 1931 оны засаг захиргааны шинэчилсэн хуваариар аймаг хоёр хуваагдахад Увс аймаг маань Өмнөговь, Давст гэсэн хоёр сумтай болж, Өмнөговь сумын даргын тамгыг аав минь хүлээж авсан гэдэг юм. Тэгэж байснаа аймгийнхаа хоршоодын холбооны анхны дарга болсон юм билээ.

-Төрийн хар хүн байж дээ?

-Тийм гэсэн. Арван хэдхэн наснаасаа Монголын төрд хоёргүй нэг сэтгэлээр зүтгэсэн хүн дээ. Төр захиргааны ажлын овоо туршлага сууж байтал нь 1937 онд хугацаат цэргийн албанд дайчлагдаж. Тэгээд Улаанбааатарт ирээд албаа хааж байсан чинь Цэргийн Ерөнхий сургуульд хуваарьлаад хэдэн жил суралцуулан офицер болгочихсон гэдэг юм. Сургуулиа төгсгөөд Дорнод аймгийн Баянтүмэнгийн цэргийн ангид томилогдон “Сахал” Батаагийн удирдсан салаанд алба хааж байтал нь Халх –голын дайн эхэлчихэж. Ингээд л нөхдийн хамт байлдаанд орсон юм билээ.

-Аав чинь байлдааны сонин хачин  түүхээс ярьдаг байв уу?

-Аав минь дуу цөөтэй, яриа хөөрөө муутай хүн байсан. Тэгээд ч хүүхэд залуучууд бидэнд юу ярих билээ дээ. Аавыг үе тэнгийхэн, нөхөдтэйгээ ярилцаж байхад нь дуулсан, сонссон зүйл бол зөндөө л бий.

-Аавыг чинь галын шугаман дээр онцгой гавъяа байгуулсан хүн гэж ном сэтгүүлд цухас дурдсан, бас ахмадууд ярьдаг байсан л даа. Тэгээд уулзаж сайхан ярих юмсан гэж бодсоор яваад хожимдож. Харамсал илэрхийлье. Аавынхаа дурсамжаас хуваалцах уу?

-Галын тэргүүн шугаманд эдний салаа атакад ордог байсан юм билээ. Аав минь пулемётчин байсан. Нэг удаа хөнгөн шархдаад ар талын эмнэлэг рүү явуулна гэхэд аав “үхсэн ч энэ довон дээрээ үхнэ” гээд яваагүй гэсэн. Тэгээд ч шарх нь дорхноо эдгэрсэн гэдэг.

-Нөгөөх улсын баатарын тодорхойлолт юу боллоо?

-Дивиз командлагчаар орост сургууль төгссөн залуу дарга Л. Дандар ирж. Дандар гуай аавыг их дэмждэг, хариуцлагатай үүрэг даалгавар бүхнийг аавд хүлээлгэдэг байсан гэдэг.

-Тухайлвал?

-Ангиас нь хэдэн хүн Японд олзлогдчихсон юм билээ. Олзлогдсон хүмүүсээ хаана байгааг тандаж мэдээд суллаж авчрах үүргийг ааваар удирдуулсан таван хүнд үүрэг болгож. Аав, нөгөө дөрвөн хүнээ ёстой л шилж сонгож авсан гэдэг юм. Тэгээд , тавуул бүрэн зэвсэглэж, үүрийн таван жингээр дайсны бэхлэлтийг сэм гэтэлж, өөрийнхөө хүмүүсийн байгаа газрыг мэдээд оргуулсан байгаа юм. Нэлээн холдсон хойно дайснууд мэдэж, харанхуй шөнөөр буудалцсан боловч манай хэд ямарч хохиролгүйгээр нөхдөө эсэн мэнд авчирсан гэдэг юм.

-Тэгээд л шагналын асуудал тавигдсан хэрэг үү?

-Тийм юм билээ. Онцгой гавъяа байгуулсан гэж аавыг улсын баатарт тодорхойлоод дээш нь явуулчихсан. Нөгөө дөрвөн байлдагчдыг нь байлдааны гавъяаны улаан тугийн одонд тодорхойлсон. Тэгтэл дөрвөн байлдагчийнх нь шагнал хүрээд ирсэн, аавын шагнал хүлээгдэж байгаа гэсэн нь сураг тасарсан юм билээ. Аав, байлдаан дууссан хойно ч хүлээж л байсан гэсэн. Дээшээ очоод л таг чиг болсон гэдэг юм.

-Чухам юунаас болсон юм бол? Арай мартчихааргүй юм даа?

-Аав бол янз бүрээр л боддог байсан байх. Тодорхойлолт нь хэн нэг хариуцлагагүй хүний гар дээр очоод дарагдаж, мартагдсан байж болох юм гэдэг. Бас ураг удмын холбоотой ч байж болох юм л гэдэг байсан.

-Ямар холбоо байсан юм болоо?

-Их хэлмэгдүүлэлтийн үеэр манайхны өвөг дээдсийг толгой дараалан хороосон юм билээ. Ээжийн талын таван хүнийг баривчилж эцэг Мөглөөг нь цаазалсан. Мөглөөг буудаж алсан хүн сүүлд морийг нь уначихсан явсан гэдэг. Бас аавын талын Чогров гэж хүнийг цаазалсан  гэдэг юм. Чогров нь Намирын хүрээний хамба лам байсан. Аавын эцэг Сайнбаярыг бас л Чогров ламд мөнгө хөрөнгө, мал өгсөн хэргээр 1939 онд цаазалсан. Ингээд эсэргүү нэрээр аав ээжийн талын хүмүүсийг цаазалж, заримыг нь арван жилээр хорьж, яллаж байсан болохоороо аавыг тэр эсэргүүний үр хүүхэд гээд шагнаагүй байж болох юм гэдэг. Юутай ч учир битүүлэг шалтгаанаар аав минь шагналаа авч чадалгүй таалал төгссөн дөө.

Зүүн гар талаас 2 дахь нь С.Баянбилэг, 3 дахь нь Л.Дандар

-Аав чинь цэргээс халагдаад хаана юу хийж байв?

-Аав цэргээс халагдаад янз бүрийн л хар бор ажил хийж биднийг тэжээсэн. Төмөр замд олон жил ажиллаад төмөр замын авто баазаас тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарахад нь баазынх нь удирдлага “Баянбилэг гуай сайн малчин болоорой” гээд тугалтай үнээ, морин тэрэгтэй өгч билээ. Аавын минь амьжиргааны сүүлчийн хөрөнгийг өгчихсөн юм шиг билээ. Манайх Гачууртад суурьшин, аав минь морин тэргээрээ их ажил амжуулсан даа. Тугалтай үнээ нь ч өссөн. Овоо хэдэн малтай Гачууртын хөдөөд гар хумхилгүй ажилллаж байгаад, насан өндөр болсон хойноо төв суурин газрыг бараадсан. Гачууртад л байсан даа.

-Аав чинь амьд сэрүүндээ цэрэг дайны нөхдүүдтэйгээ уулзаж учирдаг байв уу?

-Аавын найз нөхөд гээд байнга л хүмүүс ирдэг байсан. Нэг удаа Л.Дандар баатар хэдэн нөхөдтэйгээ манайд ирж өдөржин хуучилсан. Тэхдээ л “Жинхэнэ баатар болох хүн чинь энэ байгаа юм. Бичиг баримтны нь хуулбар миний архивт байгаа. Шагналаа нэхэмжил” гэж байсан. Аав инээгээд л сууж байсан. Явсан хойно нь: “Олон жилийн өмнөх юмыг одоо нэхэмжлээд яахав дээ” гээд л өнгөөрөөнө билээ. Түүнээс хойш Дандар баатар манайд дахиж ирээгүй. Сураг сонсохноо таалал төгссөн гэсэн. Аав минь энэ шагналын тухай огт ярьдаггүй байгаад өндөр наслаж таалал төгссөн дөө.

-Та өөрийгөө жаахан танилцуулна байгаа. Ардчиллын анхдагч дунд таны нэр явдаг юм билээ?

-Би бага залуугаасаа жолоо мушгин эх орноо хөндлөн гулд хэрэн аяласан хүн. 1977 онд Улаанбаатар дахь Оросын барилгын трестэд жолоочоор орж ажилласнаас хойш тээвэр-зорчигчдын байгууллагад ажилласаар тэтгэвэртээ гарсан. Хүний амьдралын зовлон жаргал бүхнийг л туулж явна даа.

-Таныг чинь “Ардчиллын Дүгэрээ “Гачууртын халзан” л гэх юм билээ. Монголын ардчилсан хувьсгалд ямар үүрэг зорилготой оролцсон хүн бэ?

-Би Монголын ардчилалд үнэнч яваа мянга мянган анхдагчдын л нэг. Үүнд нөлөөлсөн зүйл бол бий. Тухайн үеийн СОТ-3-ын баазад ажиллаж байхдаа Гадаад яамны сайд байгаад хилс арга хэмжээ авагдсан Авирзэд гуайтай хөдөө гадаа хамт явдаг байлаа. Эх оронч Авирзэд хэмээн олноо алдаршсан тэр хүн над их зүйл ойлгуулж, одоо, ирээдүйн олон чухал зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэж билээ.

Тэгээд л ардчилсан хувьсгалыг эхнээс нь дэмжиж оролцсон. 1989 оны 12-р  сарын 17-нд Д.Сүхбаатарын талбайд болсон өргөн олон нийтийн цуглаанд оролцож, С.Зориг, Дарь.Сүхбаатар, Рэнчинтавхай, “малыш” Энхтүвшин, “хонхны” С.Цогтсайхан, самбо бөхийн тамирчин Ч.Машбат нартай  танилцан, түүнээс хойш байнга уулзаж учран үйл хэрэгт нь хамтран зүтгэж билээ.

-Манай ардчиллынхан ялж ч үзлээ, ялагдаж ч үзлээ. Тэр бүхэнд таны нэр явж л байдаг?

-Ардчилсан хувьсгалаас хойших бүх сонгуульд АН-ынхаа үйл ажиллагааг дэмжиж оролцож байсан даа. Манайх Гачууртад байдаг учраас Баянзүрх дүүрэгтээ л ажиглагч, ухуулагч, хэсгийн хорооны ахлагч, зөвлөх... зэрэг ажлыг хийж байлаа. Ардчилсан намаа ялчихаар хөл гэзэр хүрэхгүй баярлаж явна. Ялагдчихаар нь хөөрхийлөлтэй амьтан болно шүү дээ.

-Та ер нь Монголын ардчилалд хоёргүй нэг сэтгэлээр зүтгээд юу хожив? Юу алдав?

-Би жирийн жолооч хүн. Энэ их үйлсэд эхнээс нь зүтгээд алдсан ч зүйл бий. Хожсон ч зүйл бий. Монголд  буй болсон ардчиллын үнэт зүйлс бүхнийг харахдаа “Би авчиралцсан юм шүү дээ” гэж баярлаж байдаг нь миний аугаа их хожил! Бас алдсан зүйл бий. “Чи эмх замбараагүй зүйлд  оролцлоо” гээд СОТ-3-ын  орос монгол удирдлагууд намайг ажлаас халж, амьдарч байсан 3 өрөө сууцнаас минь хөөж гаргаад, эхнэр бид хоёр хүүхдүүдээ хувааж аваад айлын өрөө дамжин, аж төрж явлаа. Тэр хүнд нөхцлийн нөлөөллөөр эхнэр, хоёр хүүхдээ алдсан. Одоо хүртэл би байр орон сууцанд орж чадаагүй Гачууртдаа амьдарч байна.

-Сүүлийн жилүүдэд та ер нь юу хийв?

-Олон жил байгаль хамгаалагчаар ажилласан. Одоо ч энэ ажил үйлсдээ гар санаа салаагүй. Хулгайч нартай хөөцөлдсөөр л явна.

-Та Ардчилсан нам, Ардчилсан холбоотойгоо хэр зэрэг ойр дотно байдаг вэ? Сонгууль ч хаяанд ирлээ шүү дээ?

-Би чинь Монголын ардчилсан холбооны ахмадын зөвлөлийн гишүүн, өдөр тутмын ажилд оролцоно. Санаа бодлоо хэлнэ. Тэд маань ч миний үгийг анхааралтай хүлээж авдаг юм. Та сонгууль хаяанд ирлээ гэлээ. Миний бодлоор бол үүд тогшиж байна. Нас дээр гарсан ч Баянзүрх дүүргийнхээ ардчилсан намын үйлсэд чадлаараа зүтгэнэ.        

Г.Жамьян

(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.