СГЗ Г.Жамьян: Баячууд хүний зовлонг мэддэггүй, тоглож тохуурхдаг юм билээ

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

“Бөөдий” сангийн тэргүүн, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцлаа.

-Бөөдий гэж ер нь юу юм бэ?

-Бөөдий гэдэг чинь зарааны зулзага шүү дээ. Зарааны нялх зулзага үзсэн хүн бол мэднэ дээ. Дүрлэгнэсэн хоёр нүдтэй хачин хөөрхөн амьтан байдаг юм.

-Та чинь яагаад зараатай холбогдчихсон хүн бэ? Арай л зараа судлагч биш байлтай?

-Тохиолдлын юм. Намайг хүүхэд байхад манайх хоёр зараатай байлаа. Манай Алтанширээ сум бол зараа элбэгтэй. “Зараа” “Бударгана” гээд нэршчихсэн газрууд бий л дээ. Би сургуульд ороогүй жаахан хүүхэд байж. Манай хоёр зараа, яг л гэрийн тэжээмэл амьтан шиг амьдардаг байсан. Гэтэл нэг өдөр гурвуул болчихсон, нэг хачин хөөрхөн амьтан дагуулчихсан явсан. Зулзагалчихаж. Нялх зулзага нь тийм хатуу үзүүртэй үс арьсгүй, зөөлхөн үстэй, их хөөрхөн дөө. Бид барьж аваад гар дамжуулж өхөөрдөнө. Хүүхэд шиг биднээс юм горьдоно. Таваганд жаахан сүү хийгээд өгөхөөр хачин дуртай идчихнэ. Ишиг хурга оруулаад ирэхээр айгаад зугтаагаад алга болчихно. Өдөр бол сүүдэр, дулаан газар сүргээрээ амьдарна. Шөнийн харанхуйд ч ёстой ажиллана даа. Юм торчигнуулаад л байна. Идэх  юм л эрээд байгаа нь тэр. Ил задгай сүү, өрөм хурууд, мах шөлийг бол байлгахгүй. Хоёр ээж минь ядаад л, идэж уух юмаа дээш нь тавиад, бүтээж хучдаг байсан. Өдөр бол тэгтлээ үзэгдэхгүй.

-Хүнд их дасдаг амьтан байх нь дээ?

-Дасахаар барах уу. Гэр амьтай, гадна дотнын хүнийг бол хачин ялгаж танина. Ээж минь нэг өдөр, “Энэ муу гурваас салъя. Хоол унд байлгахгүй юм” гээд гурвууланг барьж авч шуудайд хийгээд, тэмээний бөхөнд өлгөөд аваад явчихсан. Баг дээр аваачаад тавьчихлаа гээд орой хоосон ирж билээ. Баг гэдэг маань манайхаас хагас өртөө (15 км) газар шүү дээ. Тэгсэн чинь гурав хоногийн дараа өнөө гурав чинь ирчихсэн байсан. Яаж гэрээ олсон юм, бүү мэд. Хэзээний ирчихсэн, нэг шөнө тожигнуулаад эхлэх нь тэр. Хэдэн сарын дараа ээж минь бас л  аваад явсан. “Сумын төв дээр орхичихлоо. Одоо олж ирэхгүй” гэсэн. Хориод хоногийн дараа гурвуулаа ирчихсэн байсан. Яаж гэрээ олдог юм, ухаан мэдрэмжээрээ онцгой амьтан билээ.

-Гурван зараанаасаа яаж салсан бэ?

-Намайг долоон настай байхад аймгийн сургуульд оруулна гэж нүүсэн. Нүүхдээ гурвууланг барьж аваачаад сургуулийн дотуур байрны хоолны гэрт орхичихсон. Тэгэж л салсан даа. Би уйлахыг хэлэх үү?

-Говийн зараа тэгвэл сонин амьтан байх нь ээ. Судласан хүн байдаг л байх даа?

-Байдаг юм гэсээн. Хуучин ном сударт их гардаг. Этгээд сонин домог яриатай амьтан шүү дээ. Зараа, зарааны үс байгаа газарт хар цагаан хэл ам, хараал зүхэл халддаггүй гээд зарааны арьсыг орон доороо тавьсан, зарааны хэдэн туг үс биедээ хадгалж яваа хүмүүс байдаг л даа. Өөр ч олон ач холбогдолтой гэж байгаа.

-Та яагаад “Бөөдий сан” байгуулах болов? Үүнд заавал нэг учир шалтгаан байгаа даа?

-Арваад жилийн өмнөөс ийм сан байгуулах юмсан гэж мөрөөдөж явлаа. Сангийн гол зорилго нь гадаадад эмчилгээгээр явж байгаа балчир үрсдээ, тэдний гэр бүлийнхэнд туслах л зорилготой юм. Би энэ амьдралыг бие сэтгэлээрээ туулсан хүн. Ямар гашуун, хатуу үнэн тулгардагийг сайн мэднэ. Бид галын ганц зээгээ Бөөдий гэж өхөөрддөг байсан юм. Яг л бөөдий шиг бүлтэгнэсэн цагаан хүү. Арваннэгдүгээр ангийг онц төгсгөөд, анагаах ухааны дээд сургуульд орсон даруй өвчилж билээ. Англи орос хэлтэй, Хятадад жил зургаан сар эмчлүүлэхдээ хятадаар чөлөөтэй ярьдаг болсон. Компьютерт гаргуун. Бүх мэдээллийг гадаадын хэвлэл мэдээллээс авна. Хичээлээ тарж ирээд л компьютер шагайгаад суучихна. Шөнө дөл болтол программтай ноцолдоно. Тэгээд “компьютерийн өвчин” авчихсан юм. Би тэгээд энэ компьютер, ухаалаг утас гэхчлэн бүх зүйл маань ирээдүйд хүн төрөлхтнийг цөмийн зэвсэгээс дутуугүй хөнөөх юм биш байгаадаа гэж бодох болсон.

Манайх гэж айл шиг айл, би гэж хүн шиг л хүн явлаа. Хүүгээ гадаадад эмчлүүлэхийн тулд бүх зүйлээ зараад гуйлгачин болсон. Нэг муу ядуу сэтгүүлч 160 сая төгрөг цуглуулна гэдэг амар ажил биш билээ. Монголын сэтгүүлчдийн холбооны дарга асан, одоо Эрүүл мэндийн сайд байгаа Д.Сарангэрэл, “Петровис” компанийн захирал Оюунгэрэл нарын ярилцаж өгсөн 10 сая төгрөгийг тарааж бүслүүлээд явуулж байж билээ. Олон түмэн сайн хандсан. 200 орчим байгууллага, хүмүүсээс 160 сая төгрөгөө цуглуулчихсан. Гадаадад ч хэцүү шүү дээ. Төлбөрөө хоёр хоног хождуулахад л эмчилгээгээ тасалчихна. Нэг үгээр хэлвэл, хүний эрхэнд үхэлтэй тулалдаж байгаа юм даа.

-Та олны танил хүн болоод их мөнгө цуглуулчихаж. Бас гар татах байгууллага, хүмүүс таарах уу?

-Олны дунд байх л юм билээ. Жирийн хүмүүс бол “өгье гэвэл ганцаасаа” гээд боломжоороо л туслана. Харин энэ тэрбумтнууд, баячууд бол хэцүү л юм билээ.

-Нууц биш бол ганц хоёрыг хэлж болох уу?

-Бололгүй яахав. Одоо энэ УИХ-ын гишүүн байгаа тэрбумтан оффшорчин Б.Дэлгэрсайхан чинь манай нутгийн, аав ээж нь бидэнтэй аяга амандахаа хувааж байсан хүмүүс л дээ. Ядарсан үед энэ хүү л туслаж магадгүй гээд хоёр удаа өргөдөл өгч арваад удаа ажил дээр нь очсон. Уулзах байтугай оруулаа ч үгүй. Тэдний оффис Урт цагааны ард байсан л даа. Сүүлдээ  жижүүр нь миний нэрийг асуугаад л захирал алга байна гэдэг болсон. Хүмүүсээс нь асуухаар байж байсан байдаг. Ингээд хэдэн сар яваад уулзаж чадаагүй.

-Төрийн албаны том хүмүүст хандаж байв уу?

-Хандсаан хандсан. Эрүүл мэндийн яамны тухайн үеийн удирдлагуудтай уулзсан. Жинхэнэ эмч, хүний төлөө санаа тавьдаг хүмүүсийг энд л олж харсан. Эх нялхасын асуудал хариуцсан Соёлгэрэл гэж эмэгтэй ямар сайхан хандсан гээ. Ээлжийнхээ амралтыг орхиж ирээд өчнөөн хоног хөөцөлдөж арван сая төгрөгийн зөвшөөрөлийн бичиг гаргуулж өгсөн. ЭМЯ гэдэг газар ийм л сайдтай баймаар юм билээ гэж бодогдож байсан. Түүний нь бариад Сангийн Яамны сайд С.Баярцогт дээр очсон чинь “Сайд дарга нарт 10  саяын тусламж үзүүлдэг юм. Жирийн хүмүүст бол таван саяас илүү олгох ёсгүй” гээд талыг нь хасаад хаячихаж билээ. Өнөөх тэрбумтан-оффшорчин С.Баярцогт шүү дээ. Би “Монголын төрд гавъяат болтлоо зүтгэлээ. Битгий хасаач дээ” гэж бараг л өвдөгөнд нь сөхөрч гуйсан даа. Тэрээр огт жишим ч үгүй  “харин танд жирийн иргэдийн дээд хэмжээгээр олголоо шүү дээ” гэхчлэн тохуурхана билээ. Ийм явдал бол тохиолдох л юм билээ. Гачууртын Чинбатыг яаж царайчиллаа даа?! Баячууд хүний зовлонг мэддэггүй, тоглож тохуурхдаг юм билээ.

-Та тэгээд л Бөөдий сан байгуулъя гэж шийдэв үү?

-Тэгсэн. Миний адил мянга мянган хүн хүүхдээ эмчлүүлэх гэж, өөрсдийгөө эмчлүүлэх гэж харь оронд, харь хүмүүсийн өмнө аврал эрж яваа шүү дээ. Энэ дээд ямбатнууд чинь үүнийг ойлгодоггүй юм. Тэдэнд мөнгө байна. Дуртай цагтаа дэлхийн хамгийн хөгжилтэй орон руу онгоц хөлөглөөд алга болж байна. Өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг бараг л мэдэхгүй хүмүүс тэнд сууж байна. Монголд, дотооддоо эмчлэх ямарч боломжгүй гуч дөчөөд өвчин байдаг гэсэн. Тэр өвчнүүдийг, ядахдаа хүүхдийг нь эмчлэх “эрхтэн шилжүүлжэн суулгах эмнэлэгийн цогцолборыг Улаанбаатарын агаар ус сайтай хамгийн сайхан газар, орчин үеийн лабараторийнх нь хамт байгуулаач, эрдэмтэн мэргэдээ энэ чиглэлд гадаадад сургаач” гэж би мөн ч олон удаа бичсэн дээ. Төр, засгийн газар солигдох болгонд л  бичиж байсан. Ахмад сэтгүүлч миний үгийг нохой хуцсантай адил өнгөрөөх юм билээ. Гавъяат эмч Жамбалжав, Дорж нарын хүмүүс сайхан санаачлагууд гаргаж байсан боловч, бараг л өөрсдөө хэрэгт ороход дөхсөн. Харин сүүлийн үед манай эмч нар элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, олон хүний амь аварч байгааг сонсоод баярлаж л суух юм даа. Баар цэнгээний газар, архи тамхины үйлдвэр, сан нэртэй шулааны газруудад мөнгө цацаж байхын оронд хүнийхээ, тэр дундаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө орчин үеийн бүх төрлийн шаардлага хангасан эмнэлэгийн цогцолбор бариасай гэж бодож явдаг.

-Та үүнд л тус болох гэж Бөөдий санг санаачлаад байнаа даа?

-Тэгэлгүй яахав. Ойрын хэдэн арван жилд зайлшгүй гадагшаа явж эмчлүүлэх цуваа зогсохгүй. Өнөөдөр үл танигдах шинэ өвчнүүд нэмэгдэж байгаа нөхцөлд, гадагшаа явж эмчлүүлэх шаардлага илүү ч гарч мэднэ. Иймээс Бөөдий сан хэзээ ч чухал.

-Та Бөөдий сан байгуулсан тухайгаа ярина байгаа?

-Сан ч гэхэд “ичмээр дамшиг” л даа. Би чинь нэг л  сайхан юм мөрөөдөхөөс биш, Монголын хамгийн ядуу сэтгүүлч нь. Зовоод энэ сангаа албан ёсоор бүртгүүлж чаддаггүй юм. Хувьдаа л сантай хүн. Эх үүсвэр нь, над сар болгон олгодог “гавъяатын” 150 мянган төгрөг, сүүлийн үед хэвлэгдсэн таван номныхоо борлуулалтыг нэмэрлээд “Бөөдий сан” гэж байгаа юм. Уул нь хөрөнгө мөнгө сайтайсан бол эхний удаад, гадаадад явж эмчлүүлж байгаа хүүхдүүддээ дор хаяж л 1-5 сая төгрөг бэлнээр аваад өгчих юмсан гэж боддог байхгүй юу. Гол нь төрийн ачааллыг хамт үүрэлцэх гээд байгаа юм. Одоо чинь Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Засгийн газрын яамдууд дээр туслалцаа дэмжлэг хүссэн өргөдлүүд овоолоотой байдаг юм гэнэлэй. Тэндээс горьдсон хүмүүст олдох ч байна, олдохгүй ч байна. Тэгэж олон сар жилээр хүлээж цөхрөлөө барж байхын оронд Бөөдий сандаа хандаад л өдөрт нь хэдэн төгрөг авчихдаг болоосой гэж бодсон хэрэг. Над нь даанч тийм чадал алга. Гэхдээ зүгээр суугаагүй ээ.

-Бага ч гэсэн таны тус дэмийг сонсмоор байна?

-Асрамжийн ясли цэцэрлэгийн хүүхдүүдэд живх тараагаад л эхлэсэн дээ. Сүүлийн хэдэн жилд, жил бүр эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн цусны тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд агааржуулагч, хол нутгаас  ирсэн, амьдралын боломж муутай хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүллээ.

-Мөнгөн тусламж нь?

-Жил бүр 10  хүүхдэд тавь тавин мянган төгрөг буюу хагас сая төгрөг бэлнээр өгдөг юм. Миний чадал тэр боловч, хүүхэд эцэг эхчүүд чамлалгүй их баярладаг юм шүү дээ. Гадаадад явж эмчлүүлж байгаа хүүхэд, өөрийгөө болон хүүхэд гэр бүлийнхнээ эмчлүүлж байгаа сэтгүүлч нөхөд, арав хориод хүнд 100-200 мянган төгрөг хандивласан. Өгье гэвэл ганцаасаа гэгч л юм даа.

-Өөр ямар ажлууд зохиов?

-“Бөөдий” гэж дууны үг бичсэнд, хөгжмийн зохиолч Шараа ая хийгээд хүүхдийн дуртай дуутай болсон. Хүүхдийн ордонтой хамтарч энэ дууг дуулаачдын уралдааныг нийслэлийн цэцэрлэг, сургуулийн, бага ангийн сурагчдын дунд хэдэн удаа зохион явуулсан. Нэг удаагийн уралдаанд 100 гаруй хүүхэд оролцдог байсан. Эхний байруудад алт мөнгө хүрэл медаль, диплом, мөнгөн шагналтай. Оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг өгнө. Хүүхдүүд их урамшдаг юм шүү дээ. Энэ уралдааны тухай болон Бөөдий дууны хамтлагийн дуу бараг бүх телевизээр цацагдсан. Бас ном сонинд зөндөө хэвлэгдсэн л дээ.

-Та бол нэр хүнд бүхий дарга сайд нар, урлаг соёлынхон, бизнесменүүд олон хүн таньдаг, заримтай нь их дотно холбоотой ч байдаг биз. Тийм хүмүүсээс дэмжлэг алга уу?

-Би ч сэтгэл зовоод, дэмжлэг хандив эрээд явсангүй. Хүмүүс ч над санал тавьж байгаагүй. Одоо чинь хүмүүс заавал нэг “хариу” хардаг болсон байна. Тэтгэврийн хөгшнөөс ямар хариу харах билээ дээ. Сонгуулийн үеэр хүмүүс намайг санаж, над “хайртай” болдог л доо. Би зарим тэрбумтанд энэ саналаа тавьж байсан. Нэг нөхөрт би: “Чи уяачдын холбооны наадмыг тэрбумаар ивээн тэтгээд, санал гуйж явахын оронд Бөөдий санд ганц зуун сая төгрөг хандивлачих л даа. Би сайхан сурталчилаад өгнө. Хаанаас ч дэвшлээ гэсэн таныг “Буянт үйлстэн” гээд хүн бүхэн санал өгнө. Та дэвэн дэлхий тойрч, дэмий юм ярьж явсны хэрэггүй. Монгол хүний нэг онцлог нь буянт үйлс бүтээсэн хүнд их дуртай. Таныг гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад чинь л, зуун хувь саналаа өгчихсөн байна” гэсэн чинь чихээ бөглөөд л арилж өгсөн. Одоо хүртэл уулзаагүй. Дээдчүүл иймэрхүү л байдаг байхгүй юу.

-Та Бөөдий сангаа албан ёсоор бүртгүүлэх үү?

-Надаас өмнө албан ёсоор бүртгүүлчихсэн “Бөөдий сан” байдаг юм билээ. Ямар зорилготой, юу хийдэг сан гэдгийг мэдэхгүй. Хэрэв би бүртгүүлэхэд хүрвэл “Их Бөөдий”, “Том Бөөдий” гэхчлэн арай өөр нэрээр л бүртгүүлэх байх. Санг бүртгэхэд хөрөнгийн хэмжээ ч гэх юм уу, зохих шаардлага хангасан байх ёстой л доо. Миний сан бол дэндүү ядмаг. Гэхдээ Монголд буянтан олон л доо. Хэн нэгэн буянтан дэмжээд, олны талархал хүлээсэн Бөөдий сан болохыг ч байг гэх газаргүй. Гол нь Монголчууд намайг сан байгуулах нэрээр хэдэн төгрөг тонших хүн биш гэдгийг л сайн ойлгож байгаа байх.

-Та чинь номнууддаа “Миний ээжийн арван сургаал” гээд юу гэж бичдэг билээ?

-Миний ээж арван сургаал дотроо “Хөлс гаргалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм” гэж сургасан. Би болон манайхан тэр л сургаалаар яваа.

-Та түрүү хэллээ. Гадаадад зайлшгүй явж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн цуваа ойрын хэдэн арван жилдээ татрахгүй гэж. Тэгэхээр Бөөдий сангийнхаа ирээдүйг та ер нь юу гэж харж байна?

-Би мөрөөдөмтгий хүн гэдгээ түрүү хэлсэн. Хэзээ нүд анина, тэр хүртэл Бөөдий сангийн тухай сайхан бодол сэтгэлд минь байх л болно. Бөөдий сан аривжаад, нэр хүнд нь өсөөд ирвэл Улаанбаатарын ойролцоо хамгийн сайхан газар нутагт “Бөөдий” цогцолбор сүндэрлэж босно. Бөөдий цогцолборт орчин үеийн тоног төхөөрөмжөөр өвч бүрэн тоноглогдсон эмнэлэг, лабаратори, сувилал байнга ажиллаж байна. Дотооддоо хүүхдийн бараг бүх өвчнийг эмчилдэг, зайлшгүй гадаадад явах болвол бүх зардлыг нь Бөөдий сан даадаг, сан тайлангаа жил бүрийн эцэст эцэг эх олон түмэнд тавьдаг, нээлттэй орчин байна. Гадаадын хүүхдийн эмнэлэг, сувилгааны газруудтай холбоо тогтоож байнга өвчтөн, сувилуулагчид солилцдог болно гэхчлэн...  

Жишээ нь цацрагийн хордлогыг гүүний саамаар эдгээсэн туршлага Монголд л бий. Хэдэн жилийн өмнө нэрт эмч Батчулуун “Найрамдал” зуслангийн захирал байхдаа Украйны цөмийн цацрагийн хордлогод нэрвэгдсэн олон хүүхдийг авчирч амраахдаа гүүний саам уулган сайхан эдгээсэн шүү дээ. Ийм харилцан эмчилгээ-сувилгааны газар болгох зорилготой юм. Энэ бүхнийг ганцхан Бөөдий сан амжуулна гэвэл худлаа л даа. Төр засаг, олон нийтийн зүгээс дээд зэргийн анхаарал халамж чухал. Магадгүй Бөөдий сан хожим хойно Монголын бүх ард түмэнд үйлчилдэг өгөөмөр буяны сан болохыг ч байг гэх газаргүй. Бөөдий сангийн ордны босгыг алхахад л энэ ариун үйлсэд хандив өргөсөн хүмүүсийн нэр хаяг алтан үсгээр бичигдсэн самбар угтах болно. Энэ бол өвгөн сэтгүүлчийн нь зөгнөл ч гэх үү дээ.

Дав даруй хийхээр бодож төлөвлөж байгаа зүйл бий юу?  

Гуравдугаар сарын 16-нд Эх нялхасын эрдэм шинжилгээний төв (хүүхдийн больниц)-ийн цусны тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 10-д нь өнөөх хэдэн төгрөгөө гардуулна.

Ярилцсан   Н.Гантулга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ё

      (202.72.245.122) 2019-03-18 10:02
      • 0
      • 0

      шудрага хүн дээ бас гавьяатай

      Хариулах

    • иргэн

      (103.229.123.128) 2019-03-17 21:32
      • 0
      • 2

      Энэ агуу хүнийг шүтэхээ байг гэхэд хүндлээд тусалж болдоггүйм байхдаа. Амнаас нь унасан бүхэн нь алт шиг хүн гэдгийг нь ойлгодоггүй оркууд уу. Төрийн толгойд оркууд гарсан гэж үнэн юмдаа. Баттулга ерөнхийлөгч л хүоээн авч ойлгож туслах байх

      Хариулах

    • золоо

      (203.91.115.44) 2019-03-12 21:02
      • 1
      • 1

      ер нь бусдыг доромжилж дээрэлхэхийн тулд улайран зүтгэж хагартлаа баяждаг.

      Хариулах

    • Ганаа

      (77.218.249.135) 2019-03-12 18:45
      • 0
      • 2

      Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шинэчлэл хийж чадахгүй байгаа дээд эрх мэдэлтнүүдээс илүү санаа тавин өөрөө эхлүүлээд байгаа, хүүхдийн сайн сайхны төлөөх мөрөөдөл нь төр засгийн хэмжээнд хэрэгжих биелэх болтугай! Сайн сайхан бүхэн дэвжин дэлгэрэх болтугай!

      Хариулах

    • зочин

      (202.9.42.203) 2019-03-12 12:30
      • 0
      • 5

      Монгол хүнээ аварсан залууг магтан бичээд Цэдэнбалд яллуулж насаараа хохирсон хүн. Тэр үед монгол хүн, хэл бичигээ харийнхнаас өмөөрсөн хүн бүрийг ингэж хавчин матдаг байснаас одоо энэ мэт эх орончид байхгүй болж харийнхны өмнө долигнож эх орончдоо матаж амьдарах арга л улам сайхан зам болжээ

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.197) 2019-03-11 21:28
      • 0
      • 4

      Энэ хүн насаараа шударга явснаараа хэлмэгдэж явсан. Хүний амьдралыг там болгосон хүмүүс нэртэй устай л хүмүүс байсан байдаг.

      Хариулах

    • Zochin

      (202.9.43.217) 2019-03-11 21:24
      • 0
      • 4

      Ene mundag hun.Shudarga ch hun.Medeh humuus nu mednee.Ene sang uuriin buer tuulj unguruulsen amudralaas oilgon humuust ter dyndaa huuhduuded heregtei buyntai l uil hiij yvaa hun shuu. Sanaj muruuduj baigaa zuil ni buelelee olvol say setgel amrah hun gedeg ni oilgomjtoi bna shuu dee. Gadaadiin buynii baiguullaguudad handaad tuslaad holbood uguusei dee. Tanid bolon ger buliibhend ni sain saihaniig husie.

      Хариулах

    • Нара

      (122.201.22.30) 2019-03-11 20:57
      • 0
      • 4

      Бөөдий санд нь баячууд оффшорчид хөрөнгө оруулаасай.

      Хариулах

    • Zochin

      (122.201.31.163) 2019-03-11 20:36
      • 5
      • 0

      Ene hun estoi hudlaa nuhur,bas yun san be,ichmer yum daa

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.234) 2019-03-11 19:21
      • 0
      • 5

      Манай баячууд улам л их баяжья гэж бодно уу гэхээс буян үйлдэе гэж бодохгүй ээ. Уул нь ийм л юманд хандив өргөж баймаар байгаа юм. Гунигтай түүхтэй сан байна.

      Хариулах