Өсвөрийн бөхчүүд Сэлэнгэд өрсөлдлөө

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын БТСГ-ын зааланд боллоо. 42 дахь удаагийн тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Монгол ардын нам, БТСГ, аймгийн чөлөөт бөхийн холбоо, Сүхбаатар сумын Засаг даргын газар хамтран зохион байгуулсан юм.

ОХУ-ын Буриад, Эрхүү, Кижинга, Улан-Үд, Могойт, Хиагт, болон 21 аймаг, есөн дүүрэг, клуб гэсэн нийт 36 байгууллагын 700 гаруй тамирчин хөвгүүдийн 15, охидын долоо, нийт 22 жинд өрсөлдөв. Тэмцээний үеэр Сэлэнгэ аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч М.Баярмандахыг Монголын чөлөөт бөхийн холбооны “Ялалт“ одонгоор, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын нягтлан бодогч А.Энхжаргал, нярав С.Насанжаргал нарыг “Жуух бичиг“-ээр шагнаж урамшуулсан бол дасгалжуулагч Ё.Батдархан, Батор Бадамаев Иванович, олон улсын шүүгч Б.Золзаяа, М.Энхмөнх нарт хамтран ажилласанд талархан өргөмжлөл гардуулан өгсөн юм.

Тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч А.Дарханбаатар, шилдэг эрэгтэй тамирчнаар ОХУ-ын Эрхүүгийн тамирчин Владимир Балдунов, шилдэг эмэгтэй тамирчин Спортын төв сургуулийн тамирчин Т.Алтжин нар тодров. Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 74 оноогоор тэргүүлж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургууль 63 оноогоор хоёр, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг 34 оноогоор гуравдугаар байрт орлоо. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Раднаа, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг нар ажилласан юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.