Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын спортоор 5 настайгаас хичээллэж эхэлжээ

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Крансноярск хотод үргэлжилж байгаа дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXIX наадам маргааш өндөрлөнө. Энэ удаагийн наадамд 58 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байна.

Харин манай улсын баг тамирчид анх удаа таван төрөл буюу цана, цанын орон зай баримжаалах, шорт-трек, уран гулгалт, фристайлын төрлүүдэд оролцлоо. Энэ удаагийн Монголын багийн бүрэлдэхүүнд Япон улсад суралцаж байгаа уран гулгалтын тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ өрсөлдлөө.

Монголын тамирчдаас уран гулгалтын төрөлд тэрбээр анхны шанг татлаа. Манай улсын хувьд томоохон тэмцээн уралдаанд тэр дундаа өвлийн спортын “Бага олимп” гэгддэг универсиад наадамд уран гулгалтын төрөлд тамирчин өрсөлдсөн нь түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал боллоо.

Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт өрсөлдсөн. Энэ төрөлд 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Марал-Эрдэнэ 24,5 оноогоор 30-р байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Жакомо Пуччинигийн “O mio babbino caro” арийн аянд гулгаж, хоёр эргэлттэй аксель, тулуп үсрэлтүүдийг гүйцэтгэсэн ч нэг унаж оноогоо хасуулсан юм.

Тэгвэл үзүүлбэрийн төгсгөлд ахин хоёр эргэлттэй тулуп хийн богино үзүүлбэрээ дуусгасан. Г.Марал-Эрдэнэд шүүгчид 24,75 оноог өгснөөр Индонез, Исланд, Филиппин, Малайз, Бразилын тамирчдын урд 30-р байрт орсон юм.

24 тамирчин чөлөөт үзүүлбэрт орох эрхээ авсан бөгөөд тэднээс Азийн цомын аварга Японы Май Михара, Азийн наадмын хүрэл медальт Казахстаны шинэ од Элизабет Турсынбаева, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Станислава Константинова нар медальт байранд шалгарлаа. Энэ жил 21 настай Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдарч уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Тэрбээр Япон улсын Нагоя хотын Чюүкёо их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралцдаг бөгөөд ирэх хавар сургуулиа төгсөх юм байна.

Г.Марал-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Универсиад 2019 тэмцээн өндөрлөлөө. Намайг дэмжиж энэ сайхан тэмцээнд ороход тусалсан хүн бүрт маш их баярлалаа. Сүүлчийн шатандаа орж чадсангүй харамсалтай байна. Цаашид хичээх болно их баярлалаа" гэжээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.