Оросууд цахим эрх чөлөөний төлөө жагслаа

Twitter Print
2019 оны 03-р сар 11-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Мянга мянган оросууд өнгөрсөн сард өргөн барьсан цахим орчинг хязгаарлах тухай хуулийн төслийн эсрэг жагсчээ. ОХУ-ын цахим орчинг дэлхийн бусад улс орнуудынхаас тусгаарлах хуулийн төсөл нь Оросын цахим аюулгүй байдлыг сайжруулна хэмээн ОХУ-ын засгийн газраас мэдээлсэн байна.

Энэхүү хуулийн тусламжтайгаар засгийн газар иргэдэд тавих хараа хяналтыг нэмэгдүүлэх, эрх баригчдын эсрэг үзэл бодлыг илэрхийлэгчдийг дарах зорилго агуулж байна хэмээн оросууд үзэж байгаа аж. Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлсэнээр маргаан дагуулаад буй тус хуулийн төслийн эсрэг Москвад 15 мянга гаруй хүн жагссан байна. Оросын томоохон хотуудад болсон жагсаалд оролцсон зарим иргэдийг хууль сахиулагчид баривчилсан талаар сөрөг хүчнийхэн мэдээлсэн бол цагдаагийн албанаас энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Эрх баригчдын тайлбарласнаар бие даасан цахим орчны тухай хуулийн төслийг баталсанаар ОХУ АНУ дахь интернэт серверүүдээс хараат бус болох гэнэ. Ингэснээр Оросын цахим мэдээлэл гадаадын серверээр дамжихгүй болох аж. Энэхүү хуулийн төсөл энэ сарын сүүлээр дахин ДУМА-ын хэлэлцүүлэгт орох ба дэмжигдсэн тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус хуулийн төслийг баталж, гарын үсгээ зурах ёстой юм байна. Сүүлийн жилүүдэд Оросын эрх баригчид цахим орчны тухай хэд хэдэн хууль баталсан юм.

Өнгөрсөн пүрэв гарагт л гэхэд ДУМА-ын гишүүд эрх баригчдыг “үл хүндэтгэсэн” агуулга бүхий мэдээ мэдээлэл, тэдний талаар худал хуурмаг мэдээлэл түгээн дэлгэрүүлсэн иргэд албан байгууллагад захиргааны шийтгэл ноогдуулах талаарх хуулийн төслийг баталсан байна.

Өнгөрсөн жил цахим мессежийн үйлчилгээ явуулдаг Telegram-ыг хаах эрх баригчдын оролдлого мөн л иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Оросын Холбооны Аюулгүйн албанаас мэдээлсэнээр ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүд Telegram ашиглан, хоорондоо харилцаж байсан нь тус платформыг хаах үндэслэл болсон гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.