Улаанбаатараас 1050 гаруй км-ын алсад Дорноговийн Хатанбулаг сум цөлжиж, шороонд даруулсаар л...

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн Улаанбаатар нийслэлээс зүүн урагшаа 1050 орчим км-ын алсад орших Дорноговь аймгийн хамгийн зүүн өмнө захын сум болох, 1924 онд үүсэн байгуулагдсан Хатанбулаг сум орж, сумын төвөөсөө баруун урагш 30-аад км-ын алс дахь Халив хэмээх нэгдүгээр багийнхаа нутагт амьдардаг П.Баярлах гуайн жилийн дөрвөн улиралд нутагладаг чулуугаар барьсан байшин бүхий гэрт нь тухалж яваад ирлээ. Дорноговь аймгийн хамгийн зүүн урд захын сум болох Хатанбулаг сум байгуулагдсаны 95 жилийн түүхт ой нь энэ зун болох юм билээ. Монгол орныхоо зүүн урд хилийг манан сахиж суугаа Хатанбулаг сум нь Халив, Эргэл, Замын Шанд, Цээл, Аман-Ус хэмээх үндсэн таван багтай байснаа 2016 оны намар Хатанбулаг сумын төвийн хойно шинээр байгуулагдсан Хилийн цэргийн 0168 дугаар Тусгай ангийг нэг баг болгосноор зургаан багтай болжээ.

Энд Монголын улстөрчдийн цадаж ханадаггүй шунал хүслийн талаар нэгэн хачирхалтай түүх, бодит явдлыг өгүүлэхэд Хатанбулаг сумын төвөөс зүүн урагшаа 60-аад км-ын алсад байрлаж байсан хилийн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн хил хамгаалах отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн байршуулах шийдвэрийг анх Монгол Улсын Засгийн газар 2010 онд гаргаж байсан гэдэг.Тэгээд ч  тэр шийдвэрийнх нь дагуу улсын төсвөөс хоёр тэрбум 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтынх нь ажлыг өрнүүлсээр байгаад 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулсан юм билээ.

Гэхдээ Монголын улстөрчдийн шунал хуслийг хамгийн ихээр гозогнуулсан зүйл нь Сулинхээрийн хил хамгаалах отряд байсан газрынх нь гүнээс Цагаан алтны томоохон орд илэрч, тэрхүү илэрц нь баруун хойшоо үргэлжлэн тогтсон  гэдэг нь сансраас авсан зургаар баталгаажсан тул тухайн үеийн Ерөнхий сайд болох, Оюутолгойг РиоТинтод бэлэглэж ихээхэн хэмжээний авилга авсан нь тодорхой болсон Ч.Сайханбилэг болон түүний дараах Ж.Эрдэнэбат нар ханцуй шамлан дайрсаар лав л тэрхүү ихээхэн нөөцтэй нь тодорхойлогдсон  Цагаан алтны ордод эзэн сууцгаасан гэдэг. Зөвхөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат төдийгүй өнөөдөр УИХ-д сууж байгаа МАН-ын залуухан гишүүд ч Сулинхээрийн отрядын дороос илрэн гарсан ихээхэн нөөцтэй Цагаан алтны ордод эзэн суугаад байгааг Хатанбулаг сумын уулзсан иргэн бүр ярьж, эсэргүүцлээ илэрхийлж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Лав л тэрхүү Цагаан алтны ордод эзэн сууж, зүгээр ч үгүй үүнийхээ шанд Хатанбулаг сумын иргэдэд баахан хоосон амлалт хэлчихээд сүүлийн үед үзэгдэхээ ч байчихсан УИХ-ын гишүүдийн дунд нэгэн яруу найрагч нөхөр ч цохиж л яваа юм билээ.

Түүгээр ч зогсохгүй хууль тогтоох дээд байгууллага, УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож, УИХ-ын дэд даргын суудалд ч заларч л явсан Ц.Шаравдорж хэмээх нөхөр ч нутгийнхаа иргэдэд олон жил баахан худлаа амлалт хэлж, тэднийг ёстой нэг хашрааж явсан гэсэн шүү. Монгол орны зүүн урд хилийн харуул болсон Хатанбулаг сум нь 1924 онд байгуулагдсан цагаасаа хойш  тог цахилгаангүй, таг харанхуй оршсоор байгаад, 75 км-ын хойно орших Хөвсгөл сумтайгаа  хамт 2017 онд л нэг юм төвийн эрчим хүчинд холбогдож, 93 жилийн харанхуйгаас арайхийн ангижирсан байдаг. Харин Хатанбулаг болон хөрш зэргэлдээх Хөвсгөл сумдыг төвийн эрчим хүчинд холбож, харанхуйгаас ангижируулах тэрхүү маш чухал ажилд тухайн үеийн Эрчим хүчний сайд П.Ганхүү болон өнөөдрийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар ихээхэн хүчин зүтгэл гаргасныг нь нутгийн иргэд одоо ч бахархалтайгаар дурсаж байна лээ. Харин яахын аргагүй л энэ нутгийн охин болох УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болохоор Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн орд чиглэлийн 160 км урт, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын нээлт болсон 2017 оны  зургаадугаар сарын 20-ны өдрийн баяр ёслолд л сүр дуулиантай оролцож байснаас өөрөөр бол бараагаа ч цөөхөн харуулсан гэх иргэд олон байсан юм.   

Мөн түүнчлэн одоогоор “Монголын төр өмчөө эргүүлэн авна” гэдгээ зарлаад байгаагаар яах аргагүй төрд буцааж өгөхөөр болчихоод байгаа Цагаан суваргын зэсийн том ордын Бодлогын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир ч Хатанбулаг сум эрчим хүчинд холбогдож, 93 жилийн харанхуйн хаанчлалаас ангижрахад багагүй сэтгэл, зүтгэл гаргасан гэх юм билээ.  

Ер нь бол Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн ордыг  чиглэсэн 220  кВ-ын 160 км агаарын шугам барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "МАК" ХК ажилласан гэх бөгөөд энэ хүрээнд Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 кВ-ын агаарын шугам, Цагаан суваргаас Хөвсгөл  сум руу чиглэсэн 22 кВ-ын агаарын шугам ч баригдсан байна.

За Хатанбулаг сумын өнгөрсөн хоёр жилийн түүхийг түр хойш нь тавиад өнөөдөр 3150 орчим хүн амтай болсон суманд тулгараад байгаа эмзэг асуудлуудыг хөндөе гэж бодлоо. Миний очсон П.Баярлах гуайн малын хашаа саравч, өөрсдийнх нь амьдардаг чулуун байшингаас ердөө л 500 метр ч хүрэхгүй газраар тэдний гэрээс 70 орчим км-ын хойно байдаг “Айл Баян”-ы коксжих нүүрсний уурхай болон хажууханд нь байдаг “Мон-лаа” ХХК-ны эзэмшлийн "Элстэй"-н Төмрийн хүдэрийн уурхайгаас коксжих нүүрс, элс шиг нунтагласан Төмрийн хүдэрийг Ханги-Мандалын хилийн боомт руу зөөдөг 75-90 тоннын даацтай ачааны том машинууд Хатанбулаг сумын Халив хэмээх нэгдүгээр багийн нутгийг ёстой нэг сүйтгээд дуусгаж байгааг нь нүдээр харж яваад ирлээ. Учир нь тэртэй тэргүй байнгын хур бороогүй, маш их хуурайшилттай болчихсон Хатанбулаг сумын нутаг улам л цөлжиж, элсний нүүдэлд даруулж байхад хажууд нь коксжих нүүрс, Төмрийн хүдэрийг нь байнга урагш нь зөөж байгаа “Мон-лаа” ХХК-ны эзэд баахан хятадууд оруулаад ирчихсэн, П.Баярлах гуайн гэрийнх нь хаяанд шахуу гурван ч кемпээ босгочихоод коксжих нүүрс, Төмрийн хүдэрийг 70 орчим км-ын алсад байрлах Ханги-Мандалын хилийн боомт руу зогсоо чөлөөгүй зөөж байгаа 90 тоннын даацтай машинуудыг тоолоод л сууцгааж байгаа юм байна.

Хамгийн аймшигтай нь говийн хөрс сул шахуу, туйлын эмзэг учир тэдгээр том машинуудын дугуйнд сүйтгүүлсэн газрын хөрсийг яаралтай сэргээхгүй бол Хатанбулаг сум тун удахгүй жинхэнэ цөл болж, элсэндээ даруулах нь ч тодорхой болж байгаа аж. П.Баярлах гуайн гэрийн хажуухнаар өнгөрч байгаа “Мон-лаа”-гийн эзэмшлийн Төмрийн хүдэрийн "Элстэй"-н ордын тэрхүү 140 орчим км замын 70 хүрэхгүй км-ыг нь л чулуу дэвсэн хатуужуулсан ухаантай ч тэндээс босч байгаа улаан түйрэн, битүү тоос шороог дүрслэн хэлэхэд ч хэцүү.

П.Баярлах гуай гурван хүү, гурван охинтойгоос тэднийхтэй хаяасан буусан буюу том хүү Б.Батмөрөн гэгч тун ч ажилсаг залуу нь өнгөрсөн 2018 онд Хатанбулаг сумын “Хөдөлмөрч залуу”-гаар шалгарсан 

Уг нь “Мон-лаа”-гийнхан тэдний өвөлжөө, хаваржааны арын хатуу чулуутай хоёр ч толгойг ухаж сэндийлэхээсээ өмнө тэднээс зөвшөөрөл авч, ухаж сэндийлээд хатуу чулуугаар нь замаа сайжруулсаныхаа дараа хоёр толгойг нь яг хуучнаар нь сэргээж, нөхөн төлжүүлж өгнө гэсэн ч тэр чигээр нь хаячихаад зугтан алга болцгоожээ. Одоо энэ ноцтой асуудлаар Б.Батмөрөн нь Дорноговь аймгийн Шүүхэд хандаад байгаа ч “Авлига хээл хахуульд идэгдэж гүйцсэн” Монголын шүүгч нар малчин ард иргэдийнхээ эрхийг хамгаалах бус, харин ч тэдэнд учиргүй их хохирол учруулчихаад зугтаж алга болсон “Мон-лаа”-ын талд л ажиллаад байгаа гэдгийг хэлж байв. Уг нь Дорноговийн хууль, шүүхийнхэн шударга журмаа барьж ажиллаж чаддаг бол Хатанбулаг сумын Халив багийн иргэн Б.Батмөрөн өөрийнх нь гэр бүлд учруулсан “Мон-лаа” ХХК-ны хохирол болох бараг 10 орчим сая төгрөгийг гаргуулан авах байжээ.юм билээ. Гэхдээ намайг П.Баярлах гуайнд очиход аав, ээжийнхтэйгээ хонь, ямаагаа нийлүүлж, өөрөө ч “Хөх толгой” хэмээх газарт барьсан чулуун байшин, малын хороо, машины чулуун граш, түлээ нүүрсний амбаар болон ачаа бараагаа хадгалдаг чулуун байшинтай тохилог өвөлжөө, хаваржаагаа орхин нүүж ирсэн нь мөн л “Мон-лаа” ХХК-ны зүгээс Б.Батмөрөнгийнд тарьсан гай балгаас үүдэлтэй юм билээ. Учир нь Б.Батмөрөнгийн өөрийн хөдөлмөрч гараараа барьж босгосон чулуун байшин, чулуун малын хашаа хороо, машины граш зэрэгтэй тохилог өвөлжөө, хаваржааных нь арын хатуу чулуу бүхий хоёр ч толгойг “Мон-лаа”-гийнхан ухаж нураагаад тэндээс авсан чулуугаараа тэдний өмнүүр өнгөрдөг замаа хатууруулан сайжруулсанаас болж дөрвөн метр хэртэй ухаж, сэндийлэн нураасан уулынх нь энгэрээс хонь, ямаа тэр ч байтугай үхэр ч доошоо унан үхэж байсан гэнэ. Тэгээд л эдийн засаг, санхүүд нь ийм их гай тарьсан “Мон-лаа”-гийн тэрхүү ухаж сэндийлсэн өвөлжөө, хаваржаагаа эзэнгүй хаячихаад аав, ээжийгээ бараадан ирж хонь, ямаагаа төлүүлж байхтай нь таарсан юм.

Мөн түүнчлэн П.Баярлах ахтай хамт Хатанбулаг суманд 50 орчим л тоо толгойтой үлдээд байгаа Аргаль, янгирыг дурандахаар тэдний байшин, өвөлжөөнөөс зүүн хойш 10 гаруй км-ын зайд байдаг Баян-Улаан хайрханы оройд гараад сууж байхад П.Баярлах гуай “Манай Монголын улстөрчид за тэгээд нүүрс, Төмрийн хүдэрийг маш ихээр нь ухаж, урагш нь Ханги-Мандалын боомтоор Хятад руу гаргадаг этгээдүүд миний төрсөн нутгийг баллаад дуусгаж байгааг яаж ч чадахгүй хараад, санаа алдаад л сууж байна. Би залуудаа трактор барьж, барилга бариад төрсөн нутаг Хатанбулагтаа нэлээн зүйл хийсэн хүн. Уг нь газрын гүний ус сайн байхад би нутагтаа 40 орчим худаг гаргаж, унд устай нь залгуулж л явсан хүн. Гэтэл одоо хаа сайгүй уурхай нээгдэж, газрын гүний усыг хайр найргүй хэрэглэж байгаагаас болж, гүний ус улам л доошилж, худаг ухаад ч ус гарахаа больчихоод байна. Үндсэндээ манай Хатанбулаг сум цөлжиж, хувхайраад дуусах тийшээ явж байгаа.

Уг нь манай сумаас БНМАУ-ын Ардын зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт, Монголын театрын анхны мэргэжлийн зураач  Лувсангийн Гаваа,  БНМАУ-ын Ардын жүжигчин, ХХ зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид,  БНМАУ-ын цэрэг армийн нэртэй жанжин, Хурандаа генерал Сономын Лувсангомбо нарын алдартай хүмүүс төрөн гарч эх орон ард түмэндээ ихийг бүтээж өгсөн юм шүү дээ. Гэтэл одооны улстөрчид, шинэ цагийн уурхайн эзэд, баячуудын балгаар хатаж, хувхайраад дуусч байна даа”  хэмээн туйлын гунигтай өгүүлж суусан юм.

Яг үнэндээ миний хоёр хонож, төллөж байгаа хонь, ямаа, ишиг хурганы дуунд сэтгэл дэгэлзсэн П.Баярлах гуайн өөрийнхөө гараар барьж босгосон чулуун байшин, хонь малынх нь хашаа хорооны хаяагаар газар, тэнгэрийг нийлүүлэх шахсан бөөн харанхуй улаан тоос татуулан давхин өнгөрч байгаа “Мон-лаа”-гийн коксжих нүүрс, элс шиг нунтагласан Төмрийн хүдэрийг зогсоо зайгүй Ханги-Мандалын боомтоор зөөж байгаа одоо цагийн улстөрчид хийгээд уурхайн эзэд гэгч чухамдаа ямар этгээдүүд вэ. Тэд жинхэнэ эх орондоо хайртай, Монгол хүмүүс мөн үү.

Хатанбулагчуудын амьдрал ерөнхийдөө дунд зэрэг л байдаг юм байна. Сумынх нь төв дээр залуучууд тун цөөхөн үлдсэн гэнэ. Тэдний ихэнх нь Оюутолгой, Цагаан суваргын уурхайд ажиллахаар нутгаасаа явцгааж, сумын төв дээр харж хандах хүнгүй шахуу эмгэд, өвгөд л үлдсэн гэж байна. Тэгээд ч сумын төв дээр 96 настай ээжийгээ  харж хандаж, ус түлээг нь зөөн амьдарч байгаа, 38 жил  Хатанбулаг сумын 8 жилийн сургуульд Газарзүйн багш, Хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо 74 настай С.Чулуун зохиолчтой таарч уулзсан юм. Үргэлжилсэн үг, шүлгийн 10-аад ном гаргасан С.Чулуун зохиолч ч “Манай суманд амьдрал тун тааруухан л байна даа. Хөгшид нь Тэтгэврийн хэдэн төгрөгөө ч хугацаандаа авах нь ховор шүү. За тэгээд сумын хэдэн дэлгүүрт нь  Хятадын хүнсний ногоо, бэлэн гоймон, архи дарс л байх юм даа. Одоо удахгүй ямаа самнах болохоор хэн хүнгүй жаал мөнгөтэй болох ч дор нь үрээд дуусдаг юм даа” гэж байв. Ер нь бол Монгол орны зүүн урд хилийг манаж байгаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг цөлжүүлж, хамаг баялагаар нь тоглоод дуусгаж байгаа этгээд бол Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбаттай нийлж багагүй луйвар хийж, хууль хяналтын байгууллагаар явж байсан “Мон-лаа” ХХК-ны Ерөнхий захирал М.Энхсайхан гэгч этгээд болж таарч байна.

Тэр этгээдийн тус бүр нь 90 тоннын даацтай ачааны машинаар урагш нь зөөж байгаа  “Айл Баян”-ы коксжих нүүрс, хажуухнаас нь ухаж гаргаад элс шиг нунтаглан урагш нь зөөж байгаа "Элстэй"-н ордын Төмрийн хүдэр зэрэг баялгууд нь утгаа бол Хатанбулагчуудын өмч, хөрөнгө мөнөөсөө мөн билээ. Гэтэл сумын иргэд, малчдыг байдгаар нь хохироочихоод ор сураггүй алга болчихсон “Мон-Лаа” ХХК-ын  Ерөнхий захирал М.Энхсайхан гэгч этгээдтэй Монголын хууль , шүүх хэзээ нэг шударгаар тэмцэлдэж, Хатанбулагчуудын эрх ашгийг найдвартай хамгаалах хэрэг вэ.

Тэгээд ч Хатанбулаг сумын төвөөс 70 орчим км-т байрлаж байсан Сулинхээрийн отрядыг сумын төвийн хойд талд баахан зардал гарган нүүлгэж авчирсанаас болж Монгол Улсын зүүн өмнөд хилийн харуул манаа аль хэр найдвартай байдаг нь ч тодорхойгүй болжээ. Уг нь олон жил Сулинхээрийн отряд буюу өнөөдрийн 0168 дугаар  анги Монголын торгон хилийг найдвартай харж, хамгаалсан түүхтэй ч өнөөдөр Цагаан алтны ордод шунахайрсан улстөрчдийн балгаар бууриа сэлгэж Хатанбулаг сумын төвийн хойно байршжээ.

Түүнээс гадна Дорноговь аймгийн хамгийн зүүн захын хоёр сум болох Хөвсгөл, Хатанбулаг сумдын хоорондох 75 орчим км зам бол нэлдээ овон товон болж, улаан шороо манаруулсан жинхэнэ “Тамын зам” болжээ гэдгийг хэлэхгүй байхын аргагүй санагдлаа. Ер нь бол Сайншандаас Хатанбулаг сум ордог 245 км замын эхний 25 км нь засмал байснаа тасарч, Зүүн баянгаас цааш бас л 20 гаруйхан км үргэлжилж байгаад дахин тасраад алга болчихдог юм байна. За даа Хатанбулагийн 245 км зам бол “Жинхэнэ там юм” байна лээ.

Зүүнбаян гэснээс социализмын үед “Зүүн баян хот” гэгдэж, нефть хайдаг Оросууд, бас цэргүүд нь ч байснаас гайгүй тохилог суурин байсан бол одоо хэдэн 5 давхарынх нь лав л 3 нь балгас болсон харагдлаа. За нөгөө Зүүнбаянгийн алдарт дивизээс бүрэн бүтэн үлдсэн зүйл тун цөөхөн бололтой. Уг нь 132 гээд алдартай л хороо, дивиз байсансан. Гэтэл одоо бол Зүүнбаянгийн урд, хойд зах нь элсэнд даруулж, цөлжилт тун ч идэвхитэй урагшилж байгааг харж явлаа.

Ер нь энд л гэж онцлоход саяхан УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар төрсөн нутаг Баянхонгор болон Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж ард иргэдтэй уулзахдаа “Энэ жил ноолуурын ханшийг 110 мянгаас дотогш нь оруулахгүй. Түүнээс гадна удахгүй малчин иргэдийнхээ Тэтгэврийн хэмжээг багагүй нэмэгдүүлэхээр болж байгаа” хэмээн тун ч бахархалтай дурдаж явсан нь ажил хэрэг болоосой билээ. Яагаад гэвэл хөдөөгийн иргэд, ялангуяа Монгол Улсын зүүн өмнөд хил дээрх Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчин иргэдийн амьдрал тийм ч аятайхан биш л байна. Тэд мөнгөгүй болохоороо сумын төв дээрх хэдэн дэлгүүрээсээ байнга л зээлээр идэж уух ойр зуурын хэрэгцээт бараагаа авдаг гэж байна. За тэгээд тэтгэврийн хэд нь ч хугацаандаа буудаггүй зовлонтой гэнэ. Ингээд тоочоод байвал Хатанбулагчуудад даруйхан шийдвэл зохилтой зовлон, бэрхшээл мөн ч олон байна даа.

Одоо тэд удахгүй хэдэн ямаагаа самнаж, жаал ноолууртай болонгуутаа УИХ-ын дарга Г.Занданшатарын саяхан амласан “Хил ноолуур 110 мянгаас доош буухгүй”-г хүлээгээд сууж таарна. Гэтэл түүнээс нь өмнө ноолуурын ченжүүд давхилдаад жаал ноолуурыг нь хэдэн төгрөгөөр хуураад бөөндчихдөг болов уу, яадаг бол.

Сая намайг П.Баярлах гуайнд байхад нэг том ачааны тэрэгтэй ченж ирээд жаал багсармал тэжээл бөөндөж байснаа буцахдаа тэднийхээр дайрч, хүү Б.Батмөрөнгөөс хоёр сайхан атан тэмээг нь хоёрхон сая төгрөгөөр цохиж аваад л давхичихаж байхыг харсан даа. Хөдөөгийн бодит амьдрал яг үнэндээ ийм л даржин, ядуухан, бужигнасан улаан тоос шороон дунд л үргэлжилж байна санж.

Уг нь Хатанбулаг тийш Улаанбаатарын энэ олон телевизүүдээс тодорхой үүрэг зорилготой, басхүү гайгүй сайн мэргэжлийн баг очиж нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэвэл мөн ч олон зүйлийг өгүүлэх боломж байна даа. Ядаж л Хатанбулагийг цөлжүүлж, хамаг баялгийг нь ухаж аваад, нутгийн малчдыг дарлан доромжилж байгаа улстөрчид болон “Мон-лаа”-гийн Ерөнхий захирал М.Энхсайхан мэтийнхний жинхэнэ багийг хуулсан, дуулиантай нэвтрүүлгүүд тун олныг хийж болмоор.

Энэ доорх зураг бол Хатанбулаг сумын Халив багийн нутаг "Элстэй"-н ордоос Төмрийн хүдэр олборлож, 90 тоннын даацтай аварга том ачааны машинуудаар Ханги-Мандалын боомт тийш зогсоо чөлөөгүй зөөж байгаа "Мон-лаа" ХХК-ны Ерөнхий захирал М.Энхсайхан гэгч нь Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй 2018 оны есдүгээр сарын 5-нд Нийгмийн хариуцлагын гэрээ гэгчийг байгуулах үеэр авхуулж байсан зураг юм. 

За ингээд Дорноговь аймгийн зүүн өмнө захын Хатанбулаг сумаар аялсан энүүхэн тэмдэглэлээ өндөрлөе дөө.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.