О.Орхон: Өмнөх өдөр нь Л.Оюун-Эрдэнэ "О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын залуучууд хоригдох болсонд харамсаж байна" гэж мэдээлсэн

Twitter Print
2019 оны 03-р сар 07-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд болсон аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зөв гэж бодож байна. Энэ бол улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалттай холбоотой болсон явдал.

Өнгөрсөн 2018 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Харин өчигдөр /2019.03.06/ ажил руугаа явж байхад хууль бус баривчилгаа явууллаа. Хуулийн дагуу мэдүүлэг авах боломж байсан ч цагдаагийн тусгай хүчнийг ашиглаж, онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр баривчилгаа явуулсан. Баривчилгаа хийхийн өмнөх өдөр сайд Л.Оюун-Эрдэнэ "О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын залуучууд хоригдох болсонд харамсаж байна" гэж мэдээлсэн.

Л.Оюун-Эрдэнэ сайдын ил болгосон схем гээд байгаа зүйл бол саяхан ил болсон зүйл биш. Тэр схем бол "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем. Схемд хууль, шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, худал зүйл олон бий. Схемд ашигласан материалууд нь харилцагчийн нууцтай холбоотой нууц мэдээллүүд бөгөөд энэ мэдээллийг хууль бусаар хууль шүүхийн байгууллагуудын олж авсан зүйл.

Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, сайн явагдаж байгаа. Өнөөдөр банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.