Ё.Лхагвасүрэн: Мэдээлэл өгсөн багшид эрүүгийн хэрэг үүсгээгүй

Twitter Print
2015 оны 12-р сар 09-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Ой гуравхан сартай хүүг өмдөндөө бие заслаа хэмээн шалтаглан "Хүүх­дийн клиник сувилал 41" цэцэрлэгийн багш Б.Эр­дэнэ­болор хоолойг нь боож хүнд гэмтээсэн хэрэг гарч шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оноож байсан нь саяхан. Гэтэл энэ удаад бас л цэцэрлэгийн хүүхдийг зодсон хэрэг олон нийтийн сүлжээгээр ил болов. 

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт туслах багшийн үүрэг гүйцэтгэж байсан тогооч 10 сартай хүүхдийг хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар тамлан зовоож, зодож буй бичлэг цахим сүлжээгээр тархаж олон хүний зэвүүцэл, дургуйцлийг төрүүлсэн билээ. Тус бичлэгийг багшаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй cap гаруйн өмнө хийсэн ч өөрөө ажиллаж байсан учраас олон нийтэд дэлгээгүй аж. Харин өөрөө ажлаас халагдсаны дараа уг бичлэгийг эцэг, эхэд нь өгч, асуудал үүссэн байна.  

Хүүхдийг харгис хэрцгий зодсон тогоочийн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд мөн бичлэг хийсэн багшид ч хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.

-Хүүхэд зодсон цэцэрлэгийн туслах багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Энэ хэрэг одоо ямар шатандаа явж байна вэ?

-Цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай  гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа.

-Бичлэг хийсэн багшид ч эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл байна?

-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг ирсэн байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мэдээлэл өгсөн багшид эрүүгийн хэрэг үүсгээгүй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.