ХДХВ-ийг эмчилсэн 2 дахь тохиолдол бүртгэгджээ

Twitter Print
2019 оны 03-р сар 05-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

ХДХВ-ын дэгдэлтээс хойш тус вирусээс ангижирч, эдгэж чадсан 2 дахь тохиолдол бүртгэгдсэн болохыг Нью Йорк Таймс сонинд бичжээ.

12 жилийн өмнө ХДХВ-ээс ангижирч, эдгэж чадсан Тимоти Рэй Браунаас хойш ХДХВ-ыг эдгээж чадсан 2 дахь тохиолдлын эзний нэр нь тодорхойгүй байгаа түүнийг “Лондон дахь өвчтөн” хэмээн нэрлээд байгаа аж. Дээрх 2 өвчтөн нь хоёулаа чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын ачаар ХДХВ-ээс ангижирч чадсан байна. 

ДОХ-ыг үүсгэгч ХДХВ-ээс ангижирч чадсан 2 дахь өвчтөнд ХДХВ-ын эсрэг дархлаа бүхий СиСиАр5 нэртэй генийн мутацитай өвчтний ясны чөмгийг шилжүүлэн суулгасан аж. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 2016 оны 5-р сард хийсэн ба 2017 оны 9-р сараас эхлэн өвчтөн ХДХВ-ын эсрэг ретровирусын эм бэлдмэлээ хэрэглэхээ зогсоосон байна. Жил хагасын турш өвчтөн ямар нэг эмчилгээ хийлгээгүй ба түүний цуснаас ХДХВ-ээр халдварлагдсан эс илрээгүй нь өвчтөн ХДХВ-ээс бүрэн ангижирч, эдгэсэн гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн байна.

Эрдэмтэд энэ талаар Nature сэтгүүлийн мягмар гарагийн дугаарт дэлгэрэнгүй нийтлэхээр төлөвлөж байгаа ба АНУ-ын Сиэттл хотноо болох ретровирус болон тохиолдлын халдварт өвчтнүүдийн талаарх чуулга уулзалтын үеэр танилцуулах аж. 

ХДХВ-ийн халдварын тархалт одоог хүртэл үргэлжилж байгаа ба АНУ-д л гэхэд 2017 онд ХДХВ-ийн халдвар авсан 39 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн бол дэлхий даяар 37 сая хүн тус вирусын халдвартай амьдарч байна. Харин ХДХВ-ээр үүсгэгддэг ДОХ-оор 1980 оноос хойш 35 сая хүн нас бараад байгаа юм. 

Эх сурвалж: https://ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.