
Үр хөврөлийн үед тохиолддог зүрхний болон цээжний хөндий дэх том судаснуудын томоохон бүтцийн гажгийг зүрхний төрөлхийн өвчин хэмээн тодорхойлдог бөгөөд өнөө үед ч хамгийн түгээмэл тохиолдож буй төрөлхийн гажиг бөгөөд перинаталь эндэгдлийн гол шалтгаан болдог.
Тархвар судлалын хувьд дэлхий даяар зүрхний төрөлхийн гажгийн тархалт бүх амьд төрөлтийн 8.22% гэж тооцогддог бөгөөд жил бүр ойролцоогоор 1.35 сая зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрж байна гэж үздэг аж. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох юм.
Манай улсад ойролцоогоор жилд 80 орчим мянган эх төрдөг бөгөөд 1000 амьд төрөлтөд төрөлхийн гажгийн тохиолдлын улсын дундаж 8.1 байгаа ажээ (Эх сурвалж: “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдэл, төрөлхийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгааны тайлан” ЭХЭМҮТ). Улсын дундажаас харахад тархалтын түвшин дэлхийн тархалтын түвшинтэй ойролцоо байгаа хэдий ч яагаад ч юм манай улсад зүрхний гажигтай төрөх хүүхдийн тоо өндөр байна хэмээн хэлж яригдаад байдаг.
Ер нь бол хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн, эрхтэн тогтолцоо ялгаран хөгжих явцад тодорхойгүй шалтгаан, олон тооны хүчин зүйлийн нөлөөллөөр зүрхний төрөлхийн гажиг үүсдэг гэж үздэг. Тэгвэл жирэмсэн эхийг хүрээлэн буй орчны нөлөөнөөс (байгаль газарзүй, цаг агаар, хүнсний хэрэглээ, нийгмийн стресс гэх мэт) гадна, эцэг эхийн хорт зуршил чухал нөлөө үзүүлдэг ажээ. Энүүнтэй холбоотойгоор гэр бүл төлөвлөж, аав ээж болох гэж буй манай залуучуудыг анхаараасай гэсэн үүднээс ганц нэг судалгааны дүн танилцуулахыг зорьлоо.Буруу болгоныг бусдаас хайгаад байж болохгүй байх.
ААВУУДЫН АРХИ УУХ НЬ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГТАЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ УУ?
Хүүхэдтэй болох хүртлээ өмнөх хэдэн сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэж байсан аавууд эхнэрийгээ жирэмслэхээс өмнө архинаас татгалзсан аавуудтай харьцуулахад зүрхний өвчтэй хүүхэдтэй болох магадлал илүү өндөр байдаг болохыг Хятад улсын Чанша дахь Өмнөд төв Их Сургуулийн Сяньяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид олж тогтоогджээ. Мета-анализ судалгаа учраас нэлээн үнэн зүйлийг хэлж байгаа боловуу гэж бодож байна.
Судлаачид энэхүү судалгаанд нийт зүрхний төрөлхийн гажигтай 41,747 нярай, ийм төрлийн гажиггүй 297,587 нярай хүүхдийг хамруулсан нийт 55 судалгааны үр дүнд мета-анализ дүн шинжилгээ хийж үзсэн байна.
Жирэмслэхээс өмнөх 3 сарын хугацаанд аав нь архи ууж байсан бол архи уугаагүй аавтай харьцуулахад хүүхдэд нь зүрхний төрөлхийн гажиг тохиолдох магадлал 44% өндөр байгааг олж тогтоожээ. Түүнчлэн, аав нь архи, согтууруулах ундааг маш ихээр, өөрөөр хэлбэл нэг удаад 5-аас дээш уулт (12 гр цэвэр архины хэмжээг 1 уулт гэж тооцжээ. ДЭМБ-аас өдөр тутмын цэвэр архины хэмжээг 13.5 грамм байхаар тогтоосон байдаг ч манайд хийсэн судалгаагаар энэ хэмжээ
18.9 грамм байдаг гэнэ) ууж байсан бол хүүхэд нь төрөлхийн зүрхний гажигтай төрөх нь 52%-иар илүү байж.
Жирэмслэлтийн өмнө эсвэл жирэмсний эхний 3 сард ээж нь архи ууж байсан бол хүүхдэд зүрхний төрөлхийн гажиг үүсэх эрсдэл 16% -иар нэмэгдэж байжээ.
Судалгааны багийн ахлагч “Эцэг эх болох хүсэлтэй хүмүүс их хэмжээгээр архи уух нь зүрхний гажигтай хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй өөрийн эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулж болзошгүй өндөр эрсдэлтэй бөгөөд аюултай үйлдэл юм” хэмээн дүгнэсэн байна.
Судалгааны үр дүнгээс харахад эрэгтэйчүүд хүүхэдтэй болох оролдлого хийхээс 6-аас доошгүй сарын өмнөөс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, эмэгтэйчүүд жирэмслэх оролдлого хийхээс нэгээс доошгүй жилийн өмнөөс архийг хориглох ёстой байна гэж үзжээ.
Төрөлхийн зүрхний гажиг нь хамгийн түгээмэл тохиолддог төрөлхийн гажиг бөгөөд жирэмсний хожуу үеийн ургийн нас баралт болон төрсний дараах эхний долоо хоногт нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болдог. Ийм хүүхдүүд гажиг засах мэс засал эмчилгээ хийлгэдэг боловч эдгээр гажгууд нь хүүхдүүдийг хижээл насанд хүрсэний дараа ч зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг зүрхний бүтцийн хэвийн бус байдлыг дагуулдаг.
Өмнөх зарим судалгаануудад нь жирэмслэлтийн өмнөх болон жирэмсэн үеийн эцэг эхийн архины хэрэглээ нь зүрхний төрөлхийн гажгийн эрсдлийг ихэсгэж буй талаар ихэнхдээ ээжтэй нь хамааралтай тухай онцолсон байдаг. Эхийн архи уух нь нярайд зүрхний гажиг үүсгэх генийн өөрчлөлт бий болоход нөлөөлдөг гэж үздэг бөгөөд энэ нь аавуудын хувьд ч нэг ижил хамаарах тайлбар байж болох юм.
Энэ нь аав ээжүүд хэн ч гэсэн жирэмсэн болох гэж оролдох үед архи уухаас татгалзах хангалттай шалтгаан юм. Судалгаагаар бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн ч зүрхний төрөлхийн гажиг үүсэх эрсдлийг ихэсгэдэг болох нь тогтоогдож байгаа болохоор жирэмслэхий өмнө болон жирэмсэн үедээ архийг хориглохыг зөвлөж байна гэжээ.
Бид ч бас зүрхний төрөлхийн гажигтай төрж буй хүүхдүүдийнхээ эцэг эхийн архины хэрэглээний талаар судлаж үзэх зайлшгүй шаардлага байж болох юм.
Эх сурвалж: Parental alcohol consumption and the risk of congenital heart diseases in offspring: An updated systematic review and meta-analysis.
European Journal of Preventive Cardiology. October 2, 2019 Review Article
https://doi.org/10.1177/2047487319874530
Ойдовын Батгэрэл Ph.D
Холбоотой мэдээлэл: Эцэг эхийн тамхидалт ургийн зүрхэнд гажиг үүсгэх эрсдэлтэй - http://mongolcom.mn/read/5495