Буруу уяатай морины засал

Twitter Print
2019 оны 07-р сар 01-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Таргадсан морины хүчийг буулгах гэж ажлыг ширүүдүүлснээс зүдэргээ авдаг. Дулаан өдөр тарган морины хүчийг буулгахдаа өглөө нарнаас өмнө нэмнэж хөлс авч болно. Мөн бороо орсны дараа юмуу үгүй бол зориуд усаар сайн угаагаад үсийг хатахлаар нэмнэж сайн хөлс авбал ядаргаа зүдэргээ бага, хүч нь амархан буудаг. Их дулаан өдөр хөлс авч үсийг хатсаны дараа хүйтэн усаар шавшиж чичиргэж болно. Хөдөлгөөн муутай морийг үдшийн бүрэнхийд нэмнэж хөлслөнө. Хөлсөлсний дараа зөөлөн хөдөлгөж байгаад адууг нь холдуулан ганцааранг нь сул тавь.

Буруу уясан морины үсний өнгө нь буурч хөлс нь гарахгүй болдог. Үүнийг салхин хий цохих гэнэ. Хий цохиулсан морийг нартай дулаахан өдөр дөрвөн туурайг нь сэтэртэл хөлс авч том майханд оруулж хөлсийг даацалдуулж хусна. Гэхдээ төрөлхийн задгай биш хөлстэй адуу байдгийг анхаарууштай. Ийм адууг их оролдох хэрэггүй. Зүдэргээ авч үс нь унаж эхлэх үед нь 3-5 өдөр дараалан ойролцоо уруу газар тарлавал тохирно.

Олон хоног уягдсан морь ажилдаа хэт давтагдаж хоол нь хэвийн байвч давхил нь саарч болзошгүй байдаг. Үүнийг засахдаа хоёр хар цагааны харагдах газар ганцаарчлан үдшийн бүрэнхийд давхиулж үсэргэнэ. Унасан хүүхдээр нь амы нь сайн татуулж, сайн гүүглүүлэхэд бие болон сэтгэл нь цочирч давхил нь идэвхждэг. Уяаны сүүл хэрд гэдэс нь хэт хатуурч хөвөө суусан морийг гэдсээр нь их дулаалан уяж хоноод маргааш өглөө нь уяа тойруулж ергүүлж баалгаад нэг цаг орчим идүүл. Дараа нь услаад уяж байгаад үдээс хойш хоёр удаа баалгаж байгаад 1 км орчим газар тарлаж хөвөөг гарга. Ингэснээр бие болоод гэдэс нь чангарна. Ийм морийг адуундаа 5-7 хоног тавих юмуу ажил хийлгүй уяан дээр зогсоож амраагаад 1-2 өдөр зөөлөн ажил хийж уралдуулж болно.

Морины хөлс эрдсийн дутагдлаас болж гарахгүй болдог. Үүнийг зөв оношилбол хоёр өдөр дараалан хужирласны эцэст нартай дулаан үед хөлслөвөл хөлс нь гарч зөвдөнө. Зунтай үеэс гантай үеийн морины хүч их бөхөжсөн байдаг. Мөн гантай үед морио уяж байгаа газарт нь ус асгаж байвал уяандаа сайн.

Эх сурвалж: Хурдан морь сонирхогчид групп

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.