Дөрвөн хүн тутмын нэг нь тархины харвалтаар өвдөх эрсдэлтэй байна

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ваншингтоны Их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн судалгааны бие даасан байгууллага болох Institute for Health Metrics and Evaluation (Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний судалгааны институт) нь Дэлхийн өвчлөлийн ачаалал судалгаа (Global Burden of Disease; GBD)2016 оны дээтаг ашиглан дэлхийн хүн амын дунд тархины харвалтын насан туршын эрсдлийн талаар анализ хийсэн дүнг The New England Journal of Medicine 2018 оны сүүлчээр нийтэлжээ.

Эндээс харахад дэлхийн 25-аас дээш насны хүн амын тархины харвалтын насан туршийн эрсдэл 25 хувь буюу “4 хүн тутмын 1” нь амьдралынхаа туршид тархины харвалтаар өвдөх эрсдэлтэй байгааг олж тогтоожээ.

Аль ч насанд эрсдэл байна

“Дэлхийн өвчлөлийн ачаалал-2016” -ын дээтаг анализ хийж үзэхэд “тархины харвалтын насан туршын эрсдэл” нь дэлхийн нийтэд 25 наснаас дээш хүн амд 25 хувь буюу “4 хүн тутмын 1” нь амьдралдаа тархины харвалтаар өвдөх эрсэдтэй байна гэж таамаглал гарчээ.

Эх сурвалж: The New England Journal of Medicine 2018;379: 2429-2437、University of Washington Institute for Health Metrics and Evaluation

Тархины харвалтын насан туршын эрсдэл 70 насны эрэгтэйд 22.6 хувь, эмэгтэйд 22.3 хувь байгаа бол мөн нэг ижил 25 насны эрэгтэйд 24.7 хувь, эмэгтэйд 25.1 хувь, 94 насанд ч 13.9 хувь байгаа буюу аль ч насны ижил хэмжээний эрсдэл үүрч амьдарч байгаа дүр зураг харагдаж байна.

Эх сурвалж: The New England Journal of Medicine 2018;379: 2429-2437

Тархины харвалтын насан туршын эрсдэл нь 1990 онд 22.8 хувь байсан бол 2016 онд даруй 24.9 хувь болж өсчээ. Ялангуяа дээрх хугацаанд хамгийн ихээр өссөн бүс нутаг бол Зүүн Ази, Төв Европ байна. Нөгөөтэйгүүр энэ эрсдэл хамгийн их буурсан бүс нутаг бол Төв Ази, өндөр орлоготой Ази Номхон Далай Орнууд (Япон г.м) байсан. Дэлхийн нийт хүн амын хэмжээнд тархины харвалтын насан туршын эрсдэлд хүйсийн ялгаа байгаагүй хэдий ч бүс нутаг, улс орнуудаар нь авч үзэхэд хүйсийн ялгаатай байна. Бүс нутгаар Зүүн Азийн эрэгтэйчүүд, Зүүн Европ болон Зүүн Азийн эмэгтэйчүүд, улс орнуудын хувьд хятад эрэгтэйчүүд, латви эмэгтэйчүүдэд тархины харвалтын насан туршын эрсдэл хамгийн өндөр байлаа.

Эндээс харахад манай монгол улс бүс нутгийн хувьд ч (Зүүн Ази), улс орны хувьд ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины харвалтын насан туршын эрсдэл 1990-2016 оны хооронд хамгийн ихээр өссөн болон эрсдэл хамгийн өндөр байгаа нь харагдаж байна.

Тархины харвалтын өвчлөлийн хэлбэрээр нь авч үзэхэд тархины харвалтын насан туршын эрсдэл тархины ишими 18.3 хувь, эдийн цус харвалт 8.2 хувь байна. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болгож цусны даралт ихсэлт, агаарын бохирдол, жимс, хүнсний ногооны хэрэглээний дутагдал, цусан дах саахар ихсэлт, БЖИ хэмжээ өндөр байх зэрэгт хариу арга хэмжээ авч байгаа хэдий ч бүс нутгийн хэмжээгээр энэ хариу арга хэмжээ харилцан адилгүй байна. 

Тархины харвалтын урьдчилсан сэргийлэлтэд зөвхөн цусны даралт ихсэлт болон архидах өвчинд чиглэсэн хариу арга хэмжээнээс гадна, цус хомсрох хэлбэрийн тархины харвалтын эрсдэл болдог тамхидалт, чихрийн шижин, өөх тосны солилцооны эмгэг өвчин, тосгуурын жирвэгнэх хэм алдагдал зэрэгт чиглэсэн хариу арга хэмжээг санаачлага гарган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.

Өнөөдрийг хүртэл “6 хүний 1” байсан бол

2010 онд Дэлхийн тархины харвалтын байгууллагаас тархины харвалтын дэлхий нийтэд тархаж буй байдалд яаралтай арга хэмжээ авах шийдвэр гаргаж, 10 сарын 29-ны өдөр буюу тархины харвалтын дэлхийн өдөрт “One in Six People” компанит ажлыг эхлүүлсэн байдаг.

Энэ нь тархины харвалттай хийх тэмцлийг дэлхийн бөмбөрцгийн хэмжээнд хийх эрүүл мэндийн төлөвлөлтийн голд нь авчрах зорилготой байлаа. Дэлхийд 6 хүн тутмын 1 нь амьдралынхаа туршид тархины харвалтаар өвдөж, жил бүр 6 сая орчим хүн тархины харвалтаар нас барж байна. Энэ нь ДОХ, сүрьеэ, хумхаа гэх мэт халдварт өвчнүүдээр нас барж буй хүмүүсийн тоог нийлүүлснээс ч хавьгүй их тоо юм. Дэлхийн тархины харвалтын байгууллага “6 хүний 1” урианы ард байгаа бодит фактыг “2 сек тутамд 1 хүн тархины харвалт болж”, “6 сек тутамд 1 хүн тархины харвалтаар нас барж”, “6 сек тутамд 1 хүн тархины харвалтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй” болж байгаа хэмээн тайлбарлаж байна. Дэлхийд хамгийн нэр хүндтэй судалгаа болох Framingham судалгаагаар “6 эрэгтэй хүн тутмын 1”, “5 эмэгтэй хүн тутмын 1”нь амьдралынхаа туршид тархины харвалтаар өвдөж байна гэсэн судалгааны дүн мөн гаргасан байдаг.

Монгол хүн амд “4.25 хүн тутмын 1” нь

Энэ судалгааны хавсралт материалд тархины харвалтын насан туршын эрсдлийг улс бүрээр гаргасан байна. Монгол хүний эрсдэл эрэгтэй 25.8 хувь, эмэгтэй 21.5 хувь, нийтдээ 23.5 хувь байгаа нь Монгол хүн амын “4.25 хүн тутмын 1” нь амьдралынхаа туршид тархины харвалтаар өвдөх эрсдэлтэй гэсэн үг.

Энэ байдлаар бол тархины харвалтын салбарт “One in Six people” гэсэн уриатай урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг явуулж ирсэн бол хойшид магадгүй “One in Four People” болж өөрчлөгдөх болох нь ээ.

Дээрх судалгааны дүн Монгол төрийн бодлого шийдвэр гаргах түвшинд яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол болохгүй болсныг харуулж байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг тархины харвалтаар үндэсний хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлж, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилладаг юм. Энэ үүргийн хүрээнд Тархины харвалтын тусламж, үйлчилгээг илүү оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тархины харвалтын тусламж үйчилгээний өнөөгийн байдлыг ЭМС-ын зөвлөлд танилцуулж, бодлогын шийдвэр гаргуулахаар чармайн ажиллаж байна.

Ойдовын Батгэрэл, PhD

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.