Ч.Жаргалбаатар: Талийгаачийг хээл хахууль өгөх хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

Twitter Print
2019 оны 03-р сар 01-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан иргэн Л.Бямбаагийн ар гэрийнхний өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

 

Тэрбээр АТГ-ыг хууль зөрчин хүнийг хорьсоноос болж тухайн иргэн амь насаа алдсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Ц.Баасандорж өмгөөлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан АТГ-аас тухайн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Талийгаачтай холбоотой мөрдөн шалгах ажил явагдаж байх хугацаанд буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын дуудах хуудсаар талийгаачийг дуудаж ирүүлсэн. Тодорхой хугацаанд гэрчийн мэдүүлэг аваад, зайлшгүй зарим газарт нэгжлэг хийх шаардлага гарсан. Прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн гэр, ажлын байр, зуслангийн байранд тухайн өдрийн 14:00-21:00 цагийн хооронд нэгжлэг хийсэн.

Нэгжлэгийн явцад хэрэгт холбогдол бүхий баримтууд хураагдсан. Тэдгээр баримтуудыг үндэслэл болгоод тухайн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэл тогтоогдсон. Ингээд тухайн шөнийн 23:58 цагт сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолоо үйлдсэн. Прокурорт хянуулсан. Прокурор 00:40 цагт хэргийн материалтай танилцаж, зөвшөөрөл олгосон. 

Үүний дараа талийгаачийг 461 дүгээр анги буюу баривчлах байранд бид хүргэсэн. Тухайн хэрэгт 4-5 хүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байсан. Прокуророос саналыг хүлээж аваад, хэргийн нотлох баримт хангалттай цугларсан гэж үзээд хэрэгт тухай нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах тогтоол үйлдээд бидэнд ирүүлсэн.

Ингээд сэжигтнийг баривчилсан тогтоолыг 17:10 цаг гэхэд шүүхэд хүргэсэн. Тухайн өдөр 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу процесс зөрчилгүй бүрэн хийгдсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээгээд 48 цагийн хугацаа дуусаж, суллаж авъя гээд очиход нас барсан байдалтай олсон гэдэг мэдээллийг бидэнд өгсөн” гэлээ.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.3-т прокурор 24 цаг саатуулах эрхтэй гэсэн байгаа. Үүнийг тайлбарлаж өгөөч?

-24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тогтоолоо прокурорт нэн даруй танилцуулсан. Үүнээс хойш 24 цагийн дотор прокурорт хүргүүлж байгаа юм. Прокурор тухайн тогтоолыг шүүхэд хүргүүлж байгаа юм. Шүүх хянаж үзээд шийдвэрээ гаргах ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйл дээр сэжигтнийг суллах үндэслэлийг заасан байгаа. Шүүхээс шийдвэр гаргаагүй бол баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татах тогтоол шийдвэрийг ирүүлээгүй бол прокурор мөрдөгчид мэдэгдээд, цагдан хорих байрны дарга өөрөө суллах хуулийн зохицуулалттай. 

24 цаг гэж төөрөгдүүлээд байгаа зүйлийг ойлгомжтой болгох үүднээс та бүхэнд үүнийг тайлбарлаж байгаа юм шүү. 

-АТГ-т бүтэн өдөр хорьсон, дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар? 

-Ц.Баасандорж өмгөөлөгч ямар баримтан дээр тулгуурлаж ийм мэдээлэл хийж байгааг би мэдэхгүй байна. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох мэдэгдлээ өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Тэр хүнийг ямар хугацаанд байлгасныг би сая хэллээ. Эхлээд гэрчээр мэдүүлэг авлаа. Дараа нь нэгжлэг хийлээ. Энд байгаад хоригдоод байсан юм биш.

Үзлэг хийх ажиллагаанд ар гэрийнхнийг нь оролцуулаагүй гэсэн зүйл яригдаж байгаа. Нэгжлэг хийх ажиллагаанд хамт ажилладаг хүнийг нь оролцуулсан. Гэр бүлийнх нь хүнийг оролцуулсан. Оролцуулсан цаг хугацаа бүх юм нь камерт давхар бичигдсэн байгаа. 

-Ар гэрийнхний зүгээс уулзуулаагүй гэсэн?

-Хүү С.Төмөрбатын уулзая гэсэн шаардлага тавьсан гэдэг дээр би эргэлзэж байна. Өөрийнх нь надтай 17:34 минутад уулзаад, бичиж өгөөд гарсан бичиг нь байгаа. Хувцасыг нь солиулах шаардлагатай байна гэж ар гэрийнхэнд нь хэлсэн. Энэ дагуу хувцсыг нь солиулахаар ирсэн ар гэрийнхнийх нь бичлэг манайд байгаа. 

-Өмгөөлөгч Ц.Баасандорж танайд ямар шаардлага тавьсан юм бэ? 

-Тухайн хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцох болсон бол гэрээгээ болон мэдэгдлээ манайд өгдөг. Одоогоор Ц.Баасандорж өмгөөлөгчийн мэдэгдэл манайд ирээгүй. Манай байгууллагын зүгээс талийгаачийн ар гэр, өмгөөлөгч ирсэн байна. Уулзая гэсэн. Гэтэл Ц.Баасандорж өмгөөлөгч уулзалгүй гараад явсан. Ямар нэгэн шаардлага тавиагүй. 

-Талийгаачийг ямар үндэслэлээр шалгаж байсан юм бэ? 

-Тухайн хэрэгт сэжиглэсэн үндэслэл нь хээл хахууль өгөх хэрэгт хамтран оролцсон гэж бид өмнө нь мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон юм байна гэдгийг прокурорын байгууллага хянаад тогтоолоо гаргачихсан байгаа.  

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.