МАН-ынхны өмчилсөн баяр “Мандтугай” гэж...

Twitter Print
2019 оны 03-р сар 01-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр бол 1921 оны гуравдугаар сарын 1-нд өнөөдрийн эрх баригч МАН үүсэн байгуулагдсаны ихээхэн түүхт, 98 жилийн ойн баярынх нь өдөр өө. Тэгээд ч өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргатай эрх баригч МАН-ынхан тун ч сүртэй баяр ёслолын байдалтай, тэгээд ч баярын хурлаа бөөн бахдал жаргалтайгаар хийцгээж байна. Яагаад гэвэл өнөөдөр бол МАН байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын өдөр гэж байгаа ч яс юман дээрээ бол тэдний “Өмчилж авсан” түүхт их баярынх нь өдөр гэж байгаа юм. Тийм ч болохоор өнөөдөртөө “Монголын төрд шударга ёсыг цогцлоон байгуулах” их тэмцэлийнхээ улмаас Монголчуудаас багагүй итгэл хүлээж, хайр талархлынх нь эзэн болчихоод байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “60 тэрбумын хэрэгтнүүдийг цавчин цэвэрлэх” тэмцлийн багийнханы хувьд хамгийн ёслол төгөлдөр тэмдэглэх өдөр гэдэг нь ч юм бүхнээс тодорхой харагдах болов уу.

Өнөөдөр 3.2-хон сая тоо толгойтой, Азийн хамгийн бага буурай Монгол орны хувьд улстөрийн эрх мэдэл булаацалдсаар байгаад, төр засгийн толгойд гарцгааж, төрд данстай бүх л мөнгөнд эзэн сууцгаан, гар хөлөө тун ч лавхан дүрцгээхээр улайран тэмцэлдэж байгаа улстөрийн 30 орчим намд хуваагдсан ядуу буурай Монголчуудын хувьд “МАН-МАХН”-ынхны хувааж, өмчилцгөөж авсан “Эх орончдын өдөр” нь тийм ч бахдалтай, хөөр баяр болоод байх өдөр биш билээ.

Тэгээд ч дөнгөж түрүүхэн л жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” хэмээн өмчилж авсан өнөөдрийн эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “Улаан, цэнхэр”-үүд 1921 онд өнөөдрийн МАН-ыг байгуулж байсан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, 800 гаруй жилийн өмнө Ертөнцийн талыг нэгэн их эмх цэгцэнд оруулж, Их Монгол Улсыг байгуулж байсан Агуу их эзэн хаан Чингисийн хөшөөнд толгой мэхийн хүндэтгэлээ үзүүлцгээв. МАН-ынхны өнөөдрийн тэрхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар болон өчигдөрхөн НИТХ-ын дарга болсон их баяр хөөр нь арайхан замхраагүй байгаа Р.Дагва, мөн Монголчуудын тал нь түлхэлцэн толхилцож, угаартаж үхмээр болчихсон хар бараан утаан хөшигт Улаанбаатар нийслэлийн Засаг даргаар хоёрхон хоногийн өмнө томилогдож, бас л сэтгэлийн их баяр цэнгэлийг эдэлж яваа С.Амарсайхан болон УИХ-ын гишүүд, жирийн иргэдийн төлөөллүүд оролцсон юм.

Тухайн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр МАН-ын удирдлагууд “Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн агуу их түүхийн баталгаа мөн юм” хэмээцгээж байна лээ.

За яг одоо бүгдээрээ л нүүр дүүрэн малилзацгаагаад 98 жилийнхээ ойн баярын хурлыг сүр дуулиантай хийцгээж байгаа эрх баригч МАН-ынхан өчигдөрхөн БНХАУ-ын Засгийн газрын 20 жилийн хугацаатай, хоёрхон хувийн хүүтэй нэг тэрбум хөнгөлөлттэй зээлийн 267 саяар нь Орбитод барьж, 2022 онд ашиглалтанд оруулахаар амласан Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж, за тэгээд Дорноговь аймгийн Алтанширээ суманд мөн л Энэтхэгийн нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлээр 2018 оны зургаадугаар сарын 22-нд шавыг нь тавьж, ажлыг нь эхлүүлсэн Нефть боловсруулах үйлдвэрээ бас л амласан ёсоороо 2022 онд ашиглалтад оруулж чадах уу, тэгээд саяхан эхлүүлээд байгаа 1990-ээд оны Өмч хувьчлалын ихээхэн хулгай луйврыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тушаалаар эмх цэгцэнд нь оруулж чадах болов уу гээд Монголчуудын хүсэн хүлээж байгаа маш олон томоохон бүтээн байгуулалт, “Шударга ёсны төлөө”-х тэмцлийн сураг чимээ байгаа билээ. Эрх баригч МАН-ынхан энэ бүх “Шинэ бүтээн байгуулалт”-ын ажлыг УИХ-ын гишүүд дундаа “Хар багаасаа бизнесийн амтыг мэдэрч, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өнөөдрийнхөө амжилтыг бүтээн босгосон” гэгддэг С.Бямбацогт гишүүн хариуцуулж, “Түүнээс бид дан ганц дорвитой шинэ бүтээн байгуулалтыг л хүлээж авахыг хүсч байгаа” гэцгээгээд байгаа билээ.

За иймэрхүү л сүр дуулиантайгаар өнөөдрийн эрх баригч МАН-ынхны “Өмчилж авсан” Эх орончдын өдөр буюу МАН байгуулагдсаны 98 жилийн ойн баярын үйл ажиллагаагаа сүртэйхэн эхлээд, дуулиантайхан үргэлжлүүлж байнам.

Харин энд нэмж өгүүлэхэд Шарагчин гахай жилийн эхний барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд 14:00 цагаас эхэлнэ гэснээрээ эхлээд явж байна. Гэхдээ энэхүү барилдааныг “Эх орончдын өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гэж байгаа ч үнэн хэрэгтээ бол өнөөдрийн эрх баригч МАН байгуулагдсан өдрийн баярт зориулсан томоохон шагналын сантай, МАН-ын дарга, ихэс дээдсүүдийг баясуулах үндсэн зорилготой л барилдаан билээ.    

Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн энэхүү барилдаанд Увс аймгийн Ховд суманд 1987 онд төрсөн, энэ жил 32 нас л шүргэж яваа  Улсын аварга Н.Батсуурь, 1993 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мэндэлсэн, энэ жил дөнгөж л 26 хүрч яваа ч ихээхэн хэл амны эзэн болоод байгаа Улсын арслан Э.Оюунболд, за тэгээд Улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Улсын харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй бөхчүүд барилдахаар бүртгүүлсэн байсан. Өнөөдрийн барилдаанд сумын цолтой бөхчүүд багтаагүй нь МАН-ынхан “Баярынхаа барилдааныг тэгж доош нь оруулахгүй шүү” гэсэн сүржин, дээрэлхүү зангийн илрэл гэдэг нь тодорхой.

Тэгээд ч өнөөдрийнх нь барилдааны 256 бөхийг тэргүүлэн барилдах Улсын аварга Н.Батсуурь гэгч овилгогүй нөхөр энэ оны нэгдүгээр сарын 13-нд болсон Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдааны дөрвийн даваанд учраа таарсан Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржийг араас нь тэврэн аваад өндөр өргөснөө ар дагзаар нь шидэж тархийг нь доргиож, хүзүүнд нь суулт үүсгэж байсан тавьтиргүй нэгэн билээ. Тэгээд ч өнөөдрийн эрх баригч МАН-ынхны “Шүтээн бөх” нь болчихоод байгаа Улсын аварга Н.Батсуурь нь хэдэн жилийн өмнө өөрийн аав, улсын харцага Г.Намсрайжавтайгаа нийлэн Замын цагдаа зодон танхайрч байсан, мөн Улсын аварга Ч.Санжаадамбын ам руу нь гараа хийж, завжийг нь сэтлэх шахан татаж байсан үнэхээр тавьтиргүй нэгэн гэдгийг Монголын бөх сонирхогч ард түмэн мартаагүй л байгаа билээ. Тэгээд ч ийм тавьтиргүй нөхдүүд болох Н.Батсуурь болон Э.Оюунболд нарын тэргүүлэн барилдаж эхлээд байгаа энэ өдрийн “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан саяхныг хүртэл Х.Баянмөнх болон Б.Бат-Эрдэнэ аваргуудын булаацалдан тэмцэлдэж, хаалга нь тас түгжээтэй байсан Монгол бөхийн өргөөнд дөнгөж саяхан эхлүүлээд байгаа юм.

Мэдээж өчигдөрхөн болсон НИТХ-ын даргыг сонгох хуралдаа тав зургуулаа архи гудран ууж согтууран орж ирцгээж байсан эрх баригч МАН-ынхан яг одоо бол Монгол бөхийн өргөөг дайвалзуулах шахсан “Архин далай” цэлэлзүүлж байгаа нь ойлгомжтой. Яагаад гэвэл өнөөдөр чинь эрх баригч МАН-ын мэндэлсний 98 жилийн ойн баяр, "Эх орончдын өдөр” тохиож байгаа ер бусын ёслол төгөлдөр, баяр жаргалын өдөр юмсан билээ.

Ер нь бол эцэст нь энэ бүхнээс эргэцүүлэн бодож, үнэн худалыг дэнсэлсэн дүгнэлт хийвэл өнөөдөр "Эх орончдын өдөр"-өө ёслон тэмдэглэж, хаа сайгүй найрлан жаргацгааж байгаа өнөөдрийн эрх баригч МАН-ынхан л бүгдээрээ "Эх орончид" бөгөөд харин Монголын бусад улстөрийн намыхан болон, МАН-аас нэр, данс нь салангид яваа жирийн иргэд бол яавч "Эх орончид" бус зүгээр л нэг даржин ядуус гэдэг хатуу үнэнтэй эвлэрэх цаг болжээ. Тийм ч болохоор Монгол Улсын тэргүүн зэрэгтэй "Эх орончид" буюу МАН-ынхан л Монголын баялгийг дээгүүр, доогуургүй хуваан залгицгааж, эхнээсээ хагартлаа баяжицгаах нь ч яах аргагүй "Болох ёстой зүйл болдгоороо л болж байгаа" хэрэг ажгуу. Туйлын хатуу ч яах аргагүй ийм л үнэний дунд хоног тоолон өнгөрүүлж яваа Монголчууд бид "Эх орончид"-д зам тавьж өгөх учиртай бус уу. Яагаад гэвэл "Эх орончдын баяр"-ын өдөр Мандтугай гэхээс өөр ямар ч сонголт байхгүй билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.