"Эко Алтан Заамар"-ын уурхайд аврах ажиллагаа явуулахад тун хүнд нөхцөл байдал үүсчээ

Twitter Print
2019 оны 03-р сар 01-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлогч "Эко Алтан Заамар" компанийн уурхайд 80 м-ийн гүнд хөрсний нуралт үүсч, 8 машин унаж хүмүүс сураггүй болжээ. Компанийханы мэдээллээр нуралт үүссэн карьерийн уланд ажиллаж байсан 6 хүнээс 1 эксковаторын жолооч, 1 иргэнийг гаргасан бол 4 хүн дарагдаад одоо болтол ор сураггүй байна.

80 м-ийн өндөртэй карьерийн нуралтад уурхайд ашиглаж байсан хоёр хүнд даацын машин механизм буюу 1 эксковатор, 1 бульдозер дарагдсан байна. Уг техникийг ажиллуулж байсан хоёр ажилчин болон карьерт үүссэн хөрсний усыг насосоор соруулж байсан хоёр иргэн нурангид дарагджээ. Дөрвөн иргэн дөрвүүлээ тус компанийн үндсэн ажилчид юм байна.

Осол болсон даруйд тус уурхайн удирдлагууд уурхайн ажлаа бүрэн зогсоосон бөгөөд ажилчдыг гадагшаа мэдэгдэхгүй байхыг хүссэн гэнэ. 

Өчигдөр ОБЕГ-т 17 цаг 20 минутын үед Заамарын алтны уурхайгаас ослын дуудлага иржээ. Уг газарт Төв аймгийн Онцгой байдлын газрынхнаас гадна ОБЕГ-аас 20 аврагч нисдэг тэргээр очоод байна. Аврах хайх ажиллагаа үргэлжилж байна.

Онцгой байдлынханы "Аврах ажиллагаа явуулахад маш хүнд. Карьерийн хананаас маш их ус урсаж, хүйтэнд хөлдөж байгаа. Дахиад нурахгүй гэсэн баталгаагүй тул аврагчдынхаа аюулгүй байдлыг эхлээд хангах ажил хийж байна" гэлээ.

Хамгийн ноцтой нь "Эко Алтан Заамар " компани уурхайн хаягдал усны далангаа карьерийнхаа газрын дээд талд, маш ойрхон байгуулсан нь даланд хуримтлагдсан ус нь карьер руугаа нэвчиж урсаж, доогуураа хөндийлснөөс нуралт үүссэн байх магадлалтай гэнэ. Ийм нөхцөлд хяналт тавьж ажиллах ёстой Мэргэжлийн хяналтынхан "Уурхай аюултай нөхцөлд ажиллаж байсан байна. Карьерийн доор 6-7 м-ийн гүнтэй нуур дарагдсан. Карьерт маш аюултай нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн 9 сард шалгалт хийсэн. Одоо зогсооно" гэж мэдэгджээ. 

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компани 2018 оны 5 дугаар сарын 30-наас үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг.

"Эко алтан Заамар” ХХК буюу "Эко Алт” ХХК-ыг тойрсон хэл ам байнга үргэлжилсээр өнөөг хүрсэн. Хоёр өөр нэрээр үйл ажиллагаа явуулдаг нууцлаг энэхүү компани Кадастрын бүртгэлийн системд "Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг аж.

"Эко алтан заамар" компани нь Говь-Алтай аймгийн Цээл суманд хүдэр олборлогч "Алтайн хүдэр" компаний охин компани бөгөөд Заамарын "Их тохойрол" хэмээх үлдсэн ганц эрүүл газарт нь алт ухаж эхэлснээр нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан билээ. 

Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Харин тус компани нь "Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч.

"Эко алтан заамар" хэмээх компани Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирласаар ирсэн. Бүр тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсаж буй Туул голын хоёр талын эргийг аль аль талаас нь гурван метр хүрэхээргүй шахам эрэг үлдээгээд ухаж, онгичиж байгаа аж.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн ч өдий хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж иржээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.