Г.Хайдав гуайн нууц жор

Twitter Print
2014 оны 03-р сар 28-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш энэ жил 90 насны  өндөрлөгтэйгээ золгож  байгаа энгийн хэрнээ эгэлгүй нэгэн. Тэгээд ч Улаанбаатарын уугуул энэ эрхэм хүний өндөр нас, туулж өнгөруулсэн гайхамшигтай амьдралыг нь хүндэтгэж Үндэсний үйлдвэрлэгч “Лавшаа” брэнд удахгүй ашиглалтад орох байрнаас нэг өрөө бэлэглэсэн нь ёстой л нүдээ олсон шагнал гэж нийслэлчүүд төдийгүй нийт Монголчууд баярласан билээ. 

1933 оноос Нийслэл  Хүрээний суугуул болсон энэ буурал шиг 100 насныхаа ойг тэмдэглэж байгаа өнөөгийн Улаанбаатарын үүх түүхийг барин тавин мэдэх хүн өнөөдөр гарын арван хуруунд багтах төдий. 80 жил амьдарч байгаа жинхэнэ Улаанбаатар хотын унаган иргэн гэвэл түүнийг л хэлнэ. 

 

Халгиж цалгисан гайхамшигтай их амьдрал туулахдаа ээжийнхээ сургаалийг насан туршдаа чандлан мөрдсөн нь  мөнхийн рашаан хүртсэн юм шиг гайхалтай урт амьдрал туулах шидийг  олгожээ. ”Ямарваа зүйлийг хэзээ ч битгий хэтрүүлж бай” гайхалтай  их ухаан, амьдралын их сургаал хайрласан хайрт ээжийнх нь захиас ердөө л энэ байж. Г.Хайдав багш ч хайртай ээжийнхээ сургаалиас алхам ч хазайлгүй явсаар өнөөдөртэй золгоод байгаа нь ийм л учиртай.

Тэр баяр жаргалтай үед ч, зовлон гунигтай үед ч сэтгэлийн их тэнхээгээр ямарваа үйлдэлдээ хянуур байж чухам юуг ч хэтрүүлж үзээгүй гэдэг. Найр наадамд уригдвал гурван хундага тогтоочихоод “За боллоо” гэнэ. Бүжиг шийд очвол хэд сайн эргэчихээд “Сэтгэл сэргэж бие хөнгөрлөө. Одоо харъя даа” гэнэ. Тэр насан туршдаа ийм л зарчимтай амьдарчээ. Ямар ч хоолыг хэзээ ч гурван аяга идэж үзээгүй гэдэг. Харин түүний хааяа хэтрүүлчих гээд байдаг хамгийн дуртай идээ нь сайн болгож хөргөсөн хонины сүүл ажээ. Хөргөгчинд нь сайн гэгч нь болгосон хонины сүүл хэзээ ямагт бэлэн зэхээстэй. Тэгээд хар гурилын талх. Түүний хамгийн амтархан зооглодог хоол нь өөр юу ч биш, зөвхөн хонины сүүл, хар гурилын талх хоёр.

“Хонины сүүл шиг хүний биед хэрэгтэй амин дэм ихтэй хоол байхгүй. Миний өндөр насласны  бас нэг нууц нь ердөө л хонины сүүл” гэснийг нь бодоход хонины сүүл гэдэг аргагүй л шидтэй нууц жор нь ажээ.

Д.Монгол

-

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.116.34) 2014-03-28 14:03
      • 0
      • 0

      Хайдав гуайгаар би их бахархаж явдаг юм. Танд аз жаргал, урт удаан наслахыг ерөөөе.

      Хариулах