
Сүхийн талбай дээгүүр буурал их гэзэг үсээ сугсалзуулан Д.Урианхай найрагч намс намсхан алхаж явна. Цал буурал сахал, үстэйгээ өнгө ижил дээл өмсчээ. Эрхэм энэ найрагч миний л мэдэхийн дээлтэй л явдагсан. Хэзээ ч билээ “Та ер нь дээлнээс салахгүй юм аа даа” гэж асуусан санагдана. Буурал найрагч намуухан мишээснээ “Хүү минь хүнд чинь дөрвөн улиралд ээлжлээд өмсөх хэдэн дээл, ул, оёдол сайтай хөнгөхөн дулаан ганц хоёр гутал байхад л болох юм шүү дээ. Ээ дээ, хэрэглээгээ л багасгах ёстой юм. Илүү хэрэглээ сэтгэлийн зовлон болохоос цаашгүй” гэсэн билээ.
1940 онд Булган хангайд мэндэлсэн гүн ухааны буурал тэргүүн маань энгэртээ ёлтойлгох ганц ширхэг одонгүй нэгэн. ”Таны үеийхэн гавьяа шагналдаа даруулж гүйцлээ. Харин танд нэг нь ч алга” хэмээвэл “Шагнал чинь дөнгө юм шүү дээ. Амаа үдүүлэх төмөр зүүж явснаас амар тайван цээж нүцгэн гэлдэрч явсан нь илүү жаргалтай” гэнэ. Түүний ертөнцийг ойлгоход бэрх. Саяхан утас цохиж тухтайхан уулзах санаагаа цухуйлгатал “Өвгөн ах нь нэг л юмнаас өрсөх санаатай өмдөндөө дусаачих гээд түмэн завгүй бие, сэтгэлээ чилээж сууна. Эрхэм дүү хэрэв амжвал хаврын сүүл сараас уулзья” гэсэн билээ.
Таныг хүмүүс ойлгодоггүй.
Та ер нь хэн бэ гэвэл,
Өөрийн минь тодотгол-Биеийн зорилго үүрэхдээ бух мэт гүжир зүтгүү амгалант
Хэлийн минь тодотгол-Зовлон үмхэхдээ загас мэт дуугүй зөнгөөр амгалант
Сэтгэлийн минь тодотгол-Золионд үйхдээ хонь мэт хоргүй амгалант
Бодохуйн минь тодотгол-Утгын гүнд улайран шунах уйгагүй амгалант
Үйлдэхийн минь тодотгол-Тусын ихэд тухлан шунах туйлгүй амгалант гэсэн бөлгөө.
Тэр-
Шивэрсэн булаг дээгүүрээ алхаж гардаггүй тойрч гардаг Алжаал үгүй амгалант
Тэр-
Шивнэсэн судрын үг давхиж уншдаггүй гэлдэрч уншдаг Цөхрөл үгүй амгалант
Тэр-
Амьдад ач сэтгэхийн цагт харам үгүй Баян амгалант
Тэр-
Амьсгалын тоо гүйцэхийн цагт харуусал үгүй Бардам амгалант мөн буюу. Аяа агуу их ч асар дөлгөөхөн хүмүүн заяа гэж.
Д.Монгол
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.