Домогт Фредди Меркьюри мартагдах болоогүй байна...

Twitter Print
2019 оны 02-р сар 25-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөөгүүр Улаанбаатарын цагаар 8:30-аас АНУ-ын бас нэгэн том хот болох Лос-Анжелесын “Долби” теарт болсон 91 дэх удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол, тэгэхдээ хамгийн гол онцлог нь анх удаа хөтлөгчгүйгээр эхлээд, хаалтаа хийтэл тэрхүү горимоороо явагдаж өндөрлөсөн ёслол боллоо.

Уг нь өмнөх бүх л түүхийнхээ хугацаанд Америкийн хамгийн алдартай одуудыг урин залж, хөтлөгч хийлгэж, нөгөөдүүл нь ч танхимд хуран цугларсан үзэгчдийг алиа хошин яриа, элдэв үзүүлбэрээр уйдаахгүй хөгжөөсөөр “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болдог байсан ч энэ 2019 оны “Оскар” гардуулах ёслол анх удаа хөтлөгчгүй явагдсанаараа ихээхэн онцлогтой болж өнгөрөв. “Оскар 2019” шагнал гардуулах ёслолын хөтлөгч болох саналыг авсан хошин шогч, хөтлөгч, жүжигчин Кевин Харт нь хөтлөхөөс татгалзсанаа мэдэгдсэнээр энэ бүх асуудал дэгджээ. Учир нь тэрээр "LGBT+" нийгэмлэгийн эсрэг хэлсэн бүдүүлэг буюу “Ижил хүйстнүүд үр хүүхдийнхээ царайг хэрхэн харж чаддаг байна даа” гэсэн шүүмжлэлт үгс нь олны шүүмжлэлийг багагүй хүртээд байжээ. Тийм ч болохоор Кевин Харт нь өөрийн хэлсэн, Ижил хүйстнүүдийг дайрч доромжилсон үгсийнхээ өмнөөс уучлалт гуйж, уг шийдвэрийг гаргасан гэдэг юм.

Тэгээд ч Америкийн Кино академи энэ 2019 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны тухайд шинэ шинэ өөрчлөлтүүдийг хийж, урьдынх шиг хөтлөгчийн оронд олон алдартнуудыг оролцуулж, хэсэг хэсгээр нь шинэ булан үүсгэн хөтлүүлж, танхимд хуран цугларсан үзэгч, хөгжөөн дэмжигчдийг уйдаахгүй байх онцлогтой шийдвэр гаргасан гэнэ.   

Анх удаа хөтлөгчгүй явагдсан 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд энэ удаад нэр дэвшсэн бүтээл, уран бүтээлчдийг эргэн сануулвал  найруулагч Альфонсо Куароны "Roma" болон Йоргос Лантимосын "The Favourite" кинонууд тус, тус 10 шагналд нэр дэвшиж, номинацын тоогоороо тэргүүлсэн байдаг. Тэгээд ч дээрх хоёр бүтээл нь "BlacKkKlansman", "Bohemian Rhapsody", "A Star Is Born", "Vice", "Green Book" болон "Black Panther" кинонуудын хамтаар наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд өрсөлдсөн билээ.

 

Брэдли Куперын "A Star Is Born" кино нийт найман төрөлд нэр дэвшсэн бол үүний араас "Black Panther" кино нийт долоон номинацид шагнал хүртжээ. Мөн "Black Panther" кино нь Оскарт нэр дэвшсэн анхны супер баатартай кино болж түүхэнд бичигдэж байгаа юм билээ. Найруулагч Спайк Лигийн "BlacKkKlansman" энэ жил зургаан шагналд өрсөлдөж, Брайан Сингерийн "Bohemian Rhapsody", Питер Фарреллигийн "Green Book" бүтээлүүд тус, тус таван номинацид нэр дэвшжээ.

Тэгвэл энэ удаагийн “Оскар”-ын шагналын хамгийн гол буюу шилдэг эрэгтэй жүжигчнээр 20-р зууны домогт рок од, алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн дүрийг амилуулсан Америкийн шинэ гарч ирж байгаа залуу жүжигчин Рами Малек ялагч болон тодорсноор 20-р зууны домогт од  Фредди Мерькюри өнөөдөр ч "Амьд мэт хүмүүсийн сэтгэлд оршсоор" л байгааг нотолсон юм.

Фредди Мерькюригийн намтар түүхийг өгүүлвэл жинхэнэ нэр нь Фаррох Булсара. Тэрээр 1946 оны есдүгээр сарын 5-нд Африк тивийн Занзибар улсын Парси хэмээх газар төрөөд есөн нас хүртлээ Энэтхэгт амьдарсан тул түүнийг Их Британий хамгийн анхны  Ази дуучин, “Рок од” хэмээн үздэг ажээ. Гэвч 20-р зууны “Домогт од” Фредди Мерькюри эр хүний ид залуу, хийж бүтээх нас болох 45-хан насандаа буюу 1991 оны 11 дүгээр сарын 24-нд 20-р зууны аймшигт “Тахал” болсон ДОХ-оос үүдэлтэй уушигны идээт үрэвслээр хорвоог орхисон байдаг.

Харин 2006 онд Азийн хамгийн нөлөө бүхий “Тайм” сэтгүүл түүнийг “Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Ази тивээс тодорсон хамгийн нэр нөлөө бүхий баатар” хэмээн хүндэтгэн нэрлэсэн нь байдаг нь зүгээр ч нэг өргөмжлөл биш гэдэг нь ойлгомжтой юм. Тэгээд ч 2005 онд “Блендер” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг “Домогт рок од”-оор шалгарч байжээ. Мөн тэрээр 2008 онд “Роуллинг Стоун” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучдын жагсаалтын 18 дугаарт бичигдсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үнэлэлт, дүгнэлт биш гэдэг нь хэнд ч тодорхой, ойлгомжтой шүүлт биз ээ.

 

Энд нэгэн гайхалтай түүхийг өгүүлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Тэр нь Фредди Меркьюри 1983 Испанийн болон дэлхийн дуурийн "Гайхалтай од" Монсеррат Кабальетай танилцсан нь юм. Тэгээд түүнд өөрийн нэгэн кассетаа бэлэглэсэн бөгөөд тэр нь ч дуурийн одод тун их таалагдаж, удалгүй салж хагацашгүй анд найз нар болсон гэдэг. Тийм ч болохоор дөрвөн жилийн дараа буюу 1987 онд Монсеррат Кабальегийн санаачлагаар анхны хамтарсан цомгоо гаргасан байдаг. Харин жилийн дараа буюу 1988 онд Испанийн алдарт «Ку-Клаб» концертын заалд алдарт "Барселона" дуугаа хамтран дуулсан нь дэлхий даяар эгшиглэж, хоёр одыг бишрэн шүтэгчдийнх нь тоог ч "Тэнгэрийн од" шиг л дүүргэсэн түүхтэй. Харамсалтай нь тухайн үед ДОХ-ын халдвар нэгэнт авчихаад байсан "Домогт од"-ын амьдрал хоног өдрөөр хэмжигдсээр гуравхан жилийн дараа "Тэнгэрт нисэн одсон" билээ. Түүнийг оршуулах ёслолд оролцсон дуурийн гайхалтай од, "Сайн найз" Монсеррат Кабалье нь болон олон бишрэн шүтэгч нь асгаран гарах нулимсаа тэвчилгүй, сад тавиулж байсан гэдэг. 

Өнгөрсөн зууны байтугай, энэ цаг үеийн ч “Домогт рок од” Фредди Мерькюригийн эцэг эх Борни болон Жер Булсара нар нь Их Британийн харъяанд байсан Энэтхэгийн Гужарат мужийн жижигхэн хот Булсарагаас гаралтай тул тэрээр амьд ахуйдаа Энэтхэгчүүдийг “Өөрийн минь цусан төрөл, ах дүү нар” хэмээн ихэд хүндлэн дээдэлдэг байсныг домогт “Queen” хамтлагийн Соло гитарчин Брайн Мэй нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.  

2019 оны “Оскар”-ын эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрд анхнаасаа инээдмийн киноны нэрт жүжигчин Саша Барон Кохеныг тоглуулахаар болоод байсан ч тэрээр эцэстээ киноны уран бүтээлчидтэй ойлголцоогүйн улмаас татгалзсан гэдэг. Тэгээд 2016 оноос өнөөдөр “Оскар” гардсан залуу жүжигчин Рами Малектай ярилцан тохиролцсоноор киноны ажил ч амжилттай урагшилсаар, гол дүрд нь тоглосон залуу ч Фредди Мерькюригийн жинхэнэ “Улаан фен” нь байсан нь ч сайнаар нөлөөлж, эцэстээ ийнхүү  өнгөрсөн зууны “Домогт рок од” өнөөдөр ч бидний дунд амьдарсаар байгааг яруу тодорхой нотолж өглөө.  

Ер нь ч өнөөдөр Улаанбаатарын цагаар 8:30-аас эхлэн явсан 2019 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг гардсан Америкийн залуу жүжигчин Рами Малекийн дуулсан домогт Фредди Мерькюригийн дуугаар энэ удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн нь өнгөрсөн зууны домогт дуучныг шинэ ХХI зуун ч толгой мэхийн хүндэтгэж байгаагийн амьд нотолгоо байсныг дурдах ёстой болов уу.

Мөн түүнчлэн өнгөрсөн зууны “Домогт од” Фредди Мерькюригийн өөрийнх нь зохиосон “Bohemian Rhapsody” дуугаар нэрлэгдсэн кино энэ жилийн “Оскар”-ын гол гол шагналын эзнээр тодорч, домогт “Queen” хамтлагийн “We Are the Champions”, “Radio Ga Ga”,”We Will Rock You”, “Another One Bites the Dust” дуунууд Лос-Анжелесын “Долби” театрын тайзнаа эгшиглэсэн нь “Нэр нь домог болсон хүн хэзээ ч мартагдагддаггүй, үйл хэрэг нь ч хүмүүсийн сэтгэлд мөнхөрдөг”-ийн яруу эгшиглэнт нотолгоо, эргэн дурсах гэгээн сайхан агшин болоод өнгөрлөө.

Үүнийг тэрлэгч нь домогт Фредди Мерькюригийн нэгэн их бишрэн шүтэгч, түүний дуулсан “Bohemian Rhapsody”, “We Are the Champions”, “Radio Ga Ga”,”We Will Rock You” зэрэг домог болсон дуунуудыг нь хэзээ ч сонсохоос уйддаггүй, хоёр зууныг дамнан амьдарч байгаа нэгэн билээ.

Сайн амгалан болтугай....

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.