Гэрээ байгуулаагүй иргэн, ААН байгууллагын гүний худгийг битүүмжилнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 18-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллах ёстой юм байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас "Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд үргэлжлүүлэн хийж байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг заасан хугацааны дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулахыг мэдэгдье" хэмээн анхааруулжээ.

Гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж хуулийн хариуцлага тооцохыг тус газраас анхааруулж байгаа аж.

-Худаг гаргах болон ашиглах талаар түгээмэл асуултын хариу-

-Худаг гаргахын тулд иргэн хэнд хандах ёстой вэ?

-Иргэн буюу ус хэрэглэгч нь зөвшөөрөл авахдаа харьяа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргана. Өргөдөлдөө ус хэрэглэх зориулалт, тoo хэмжээ, худгийн мэдээллээ тусгана. Тэгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбараа хавсаргана.

-Худаг гаргах зөвшөөрлийг нийслэлийн Байгаль орчны газар өгөх нь ээ?

-Ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус зөвшөөрөл өгнө.

-Ус хэрэглэгч гэж хэн бэ. Худаг гаргаж буй иргэн би хэрэглэгч үү, ашиглагч уу?

-Усны тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас нь хамааруулан ус хэрэглэгч, ус ашиглагч гэж ангилсан байгаа. Ус хэрэглэгч гэдэг нь ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашиглаж буй хэрэглэгчийг хэлнэ.

Тэгэхээр та бол ус хэрэглэгч гэсэн үг. Харин ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус , усан орчин, рашааныг ашигладаг иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглагч гэдэг. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худаг гаргах бол тухайн үйлдвэрийн оршин байгаа газрын харьяалах Сав газрын захиргаа зөвшөөрөл олгоно.

-Худгийн усыг хаана шилжлүүлэх вэ?

-Иргэд унд, ахуйн хэрэгцээнд гаргасан худгийн усаа заавал усны чанарын шинжилгээнд хамруулна. Шинжилгээг усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийлгэнэ. Ер нь бол манай орны онцлог, геологийн тогтоцоос хамааран зарим бүс нутагт газрын доорхи гүний ус хатуулаг эрдэсжилт ихтэй байдаг учраас хүн амын унд, ахуйн усны чанарын шаардлагыг зарим үзүүлэлтээр хангаж чаддаггүй. Ийм тохиолдолд тухайн худаг дээр нэмэлтээр цэнгэгжүүлэх, цэвэршүүлэх  төхөөрөмж суурилуулж усыг хэрэглэвэл эрүүл мэндэд тустай.

-Орон нутагт ус шинжлэх лабораториуд байдаг уу?

-Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны харъяа Байгаль орчин, хэмжил зүйн тов лабораторид усаа шинжлүүлэх боломжтой.

-Худаг гаргана гэсэн зар их байх юм. Юуг үндэслэж тэдэнд хандах вэ?

-Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худаг гаргадаг. Тэгэхээр зөвшөөрөл авсан эсэхийг нь шалгах хэрэгтэй л дээ.

-Худгийн паспорт авдаг гэсэн. Хаанаас авах вэ?

-Аймаг, нийслэлийн байгаль орчны алба хэрэглэгчийн худгийн усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгодог. Танд хэрвээ нэг анхаарах зүйл хэлье. Та хэрвээ унд, ахуйн хэрэгцээндээ зориулж худаг гаргах зөвшөөрөл авчихаад зориулалтаа өөрчлөн, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, суваг шуудуу татах, худаг гаргах бол хууль зөрчсөн үйлдэл хийж байна гэсэн үг. Ингэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-Усыг ямар саваа хадгалбал чанараа алддаггүй вэ?

-Төмөр сав, модон сав гэхээсээ ил зориулалтын саванд хадгалбал илүү тохиромжтойг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна лээ. Сүүлийн үед ус зөөх болон хадгалах саваа зориулалтын бус гаднаас өөр зүйл савлаж оруулж ирсэн хуванцар сав их хэрэглэж байгаа нь эрүүл ахуйд таарахгүй шүү гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгааг бид анзаарч, хэрэглэхээсээ татгалзах л хэрэгтэй.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.81) 2019-03-19 20:35
      • 0
      • 0

      Эхлээд аж ахуй эрхэлж бгаа болон цаашлаад ОТ мэтийн гүний цэнгэг ус ашиглаж цөлмөж бгаа уул уурхайн этгээдүүдээ бүртгэж тооцчоод дараа нь энэ асуудлаа тавих ёстой юм болов уу,,?!!

      Хариулах