Мансууруулах эм тээвэрлэж яваад баригдсан дипломат Т.Мөнхбатад Германы шүүх ял оноолоо

Twitter Print
2019 оны 09-р сар 29-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түдгэний Мөнхбатад есдүгээр сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүхээс гурван жил, есөн сар хорих ял оноосон гэдгийг Германы saechsische.de сайт мэдээллээ.

Харин түүнтэй хамт баривчлагдсан жолооч Эрдэнэбаатарын Оргилыг суллах шийдвэрийг тус шүүх гаргасан байна. Дрезден хотын шүүх Э.Оргил нь мансууруулах төрлийн эм бэлдмэлийг тээвэрлэж байгаа гэдгээ мэдэж байсан эсэхийг нотолж чадаагүй учраас найман сар хорих ял оноожээ. Жолооч Э.Оргил нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нийтдээ есөн сарын турш хоригдсон тул ялаа эдэлж дууссан хэмээн суллажээ. ХБНГУ-ын цагдаа нар 2018 онд А17 дугаартай хурдны замаар явж байсан дипломат дугаартай, консулын газрын машиныг зогсооход Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь зөвхөн эмчийн зөвшөөрлөөр л  олгодог долоон хайрцагт хийсэн 150,000 ширхэг, тайвшруулах, мансууруулах үйлчилгээ бүхий 40000 еврогийн үнэ хүрэх Lorazepam бэлдмэл тээвэрлэж явсан нь илэрсэн юм.

Т.Мөнхбат Дрезден хотын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Будапешт хотын шатахуун түгээх станцад ажилладаг найзаасаа дипломат дугаартай машиныг зээлсэн гэдгээ хэлсэн боловч тэрхүү найзынхаа нэрийг хэлээгүй байна. Мөн тэрбээр“Би Герман Улсад бизнес аяллаар явж байсан. Монгол Улсад үйлдвэрлэх гэж байгаа энержи ундааны савны үйлдвэрийг судлахаар ирсэн. Харин тэрхүү эм бэлдмэлийг зарж олсон орлогоороо Монгол Улсад устахад хүрээд байгаа Мазаалай баавгайг аврах гэж байсан” хэмээжээ.

Сонирхуулахад, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ХБНГУ-д баривчлагдсан хоёр хүн ГХЯ-тай ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн бол “Улаанбал” нэвтрүүлэгт дуулиантай ярилцлага өгсөн БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотын Ерөнхий консул  асан Д.Мөнхбат “Европын шоронд хар тамхины хэргээр хоригдож байгаа Т.Мөнхбатыг би танина. Тэр хүн чинь Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын найз. Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захираа, удирдлагын газрын захирал болонгуутаа найздаа дипломат ямба өгөөд тийш нь явуулсан” гэж хэлсэн билээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.