Монголд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага заавал хэрэгтэй юу...

Twitter Print
2019 оны 02-р сар 24-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хоёр гуравхан жилийн дотор Монгол Улсын төр Засгийн удирдлагуудын зүгээс Евразийн улстөр, эдийн засаг, аюулгүй байдлын томоохон байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын албан ёсны гишүүн улс болох хэрэгтэй байгаа талаар ихээхэн ярьдаг, тэрхүү санаархлынх нь улмаас багагүй маргаан дэгддэг болоод удаж байгаа билээ.

Маргалдаад байгаагийн гол утга санаа нь хуучин Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн зэрэг туршлагатай улстөрчид “Монгол шиг жижигхэн улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор ашиг тус бус, ихээхэн ноцтой үр дагаварт хүрэх замаа л шулуутгахаас өөр сайн зүйлгүй. Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй.

Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

ШХАБ-д гишүүнээр орчихвол баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг, олон жил гацсан том төслүүд гэнэт хөдлөх ч юм шиг боддог, ярьдаг тал бий. Хэрвээ тэгж сэтгэж байгаа бол эндүүрэл. ШХАБ бол гишүүн болохоор нь хадаг яндар өргөдөг, зээл тусламж өгдөг байгууллага биш.” хэмээн эсэргүүцэж байгааг хэлж байна гэж ойлгож болох юм. Тэгээд ч энэ байгууллагад албан ёсны гишүүнээр элсэх цаг нь Монгол Улсын хувьд яагаа ч үгүй, хэрэв элсвэл эдийн засгийн ашиг орлого гэхээсээ илүүтэй газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын хувьд ч ихээхэн эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байдалд шилжих аюултайг олон улстөр судлаачид, эрдэмтэн мэргэд сануулсаар байгааг хаа хаанаа хатуухан анхаарах ёстой санагдана. Ер нь ч Монгол Улс хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ гэсэн дэлхийн хэмжээний хоёрхон том хөрш улстай олон мянган км шугамаар хиллэдэг, ямар нэгэн маргаан, үл ойлголцол дэгдвэл энэ дэлхий дээрх хамгийн эмзэг, аюултай хил хязгаартай улс гээд нэрлэчихэд үнэнээс хол зөрөхгүй амьдралын үнэнтэй дэлхий дээрх ганцхан улс билээ.

Хамгийн гол нь өнөөдрийн Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхийг тун ч их хүсч, тэрхүү адармаатай үйл хэргийг өөрийн биеэр манлайлан удирдаж яваа нь тун ч ноцтой, басхүү сэтгэл эмзэглүүлсэн үйлдэл гэж ойлгож болох юм. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 2018 оны тавдугаар сарын 22-нд төрийн ордонд болсон “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ыг нээж үг хэлэхдээ “Монгол улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэх болно. Өргөдлөө гаргасан, тун удахгүй эдгээр таван улсуудтай импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгднэ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих болно. Ингэснээр БНХАУ-тай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн гэдгийг хэлмээр байна. 

Евроазийн интеграцид нэгдэн орсноор монголд үйлдвэрлэсэн 7,300 нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгдэнэ.

ХАА, мал аж ахуйгаас олох орлогоо байгальд явавал ээлтэй болгох вэ гэдгээ тодорхойлбол ажлын байр, орлого ихээр нэмэгдэх судалгаа байна. Хийх мөнгө, мэдлэг чадвараас илүү улс төрийн чин эрмэлзэл дутаж байна.

Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна.  Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна. Ядахнаа хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор байна.

Мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна” хэмээн хатуухан мэдэгдэл уншиж байсан билээ.

Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага руу Монгол Улсыг хүчтэй түлхэж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч өмнө Монгол Улсыг ардчилсан нийгэм рүү түлхэн оруулалцаж байсан нийтлэлч Б.Баабар “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны гишүүн болох цаг нь болооогүй, бүр яагаа ч үгүй. Хэрвээ яах аргагүй ШХАБ-д гишүүнээр элсэх дээрээ тулбал заавал УИХ-аар хэлэлцэж хууль гаргуулах шаардлагатай.

Гэтэл яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хорхойг хөдөлгөж байгаа ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд огтхон ч яригдаагүй, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга байгаа болохоор ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. Гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй нь ойлгомжтой юм” хэмээн тус байгууллагад Монгол Улс элсэх цаг нь яагаа ч үгүй гэдгийг хатуухан мэдэгдсээр байгаа билээ.  

Мөн түүнчлэн улстөр судлаач, дипломатч Г.Баярхүү ч “Өрнөдийн эсрэг байр суурьтай, ШХАБ-ын тэргүүлэгч гишүүн  ОХУ  нь Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй, гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэнэ гишүүнээр элсвэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. 

Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуулад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй, харин гишүүн нь болж жинхлэх нь одоо арай л эртддэхээс гадна улстөр, цэрэг эвслийн хувьд ч халгаатай, нэг ёсны хэтийдсэн байр суурь юм” гэсэн байсан.

Ингэхэд манай Монголын төрийн эрх баригчид болон эрдэмтэн мэргэд, улстөр судлаачдыг хоёр хэсэгт хуваасан ихээхэн маргааны талбар болоод байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түүхээс сонирхвол   тус байгууллага  нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага гэгдэн анх байгуулагдаж байсан түүхтэй ажээ. Бүр тодруулвал ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекстан Улсын удирдагчид 2001 оны зургаа дугаар сарын 15-нд БНХАУ-ын өмнөд эргийн томоохон хот болох Шанхайд  зарлан тунхагласан байдаг. Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны мөн л зургаа дугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны ес дүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн түүхтэй юм билээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны дөрөв дүгээр сарын 26-нд мөн л Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан байдаг. Харин 2017 онд Казакстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улсууд зургаа дугаар сарын 9-ны өдөр бүрэн эрхт гишүүнээр элссэн гэдэг.

Ер нь бол өнөөдөр Монголын томчуудыг хоёр хуваачихаад байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь анх 1996 онд Шанхай хотод “Шанхайн тав” нэртэйгээр Төв Азийн бүс нутагт хилийн маргааныг цэгцлэх, цэргийн сөрөг төвлөрлийг багасгах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх үүднээс байгуулагдсан гэдэг. Ялангуяа ОХУ, Хятадын гол оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд  дараа нь 2001 онд Узбекистан улс ШХАБ-д гишүүнээр элссэнээр “Шанхайн зургаа” болж өргөжсөн гэдэг. 2001 оны есдүгээр сарын 11-ны үйл явдлын дараа ШХАБ терроризмын эсрэг тэмцэх, салан тусгаарлахын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ. Үүний хүрээнд цэргийн хээрийн сургуулилт явуулж жижиг дайны хэмжээний сургуулилтуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулж ирсэн гэдгээрээ ихэд алдаршсан. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д 2004 онд ажиглагч гишүүн орноор элссэн нь маргашгүй үнэн билээ. Тухайн үед ОХУ-д ШХАБ-ыг улс төр, цэргийн аюулгүйн байдлын чиглэлээр илүү гүнзгийрүүлэх бодлого давамгайлж байсан нь ч манайхныг яаруулсан байж таарна. Харин БНХАУ-ын  хувьд эдийн засгийн интеграци бүтэц рүү илүү хөгжүүлэх гэсэн бодлогууд явагдаж байсан гэх. 2015 онд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын 2025 он хүртэлх 10 жилийн стратегийн баримт бичгийг гаргажээ. Тус баримт бичигт “ШХАБ бол цэрэг, улс төр, аюулгүй байдлын байгууллага эсвэл улс орны бүрэн эрхээс дээгүүр тавигддаг интеграцийн байгууллага болж хөгжихгүй” гэдэг байр сууриа маш тодорхой илэрхийлсэн гэдэг. Үүнээс хойш ШХАБ бүтцийн хувьд жигдрэх, зүгшрэх шат руугаа орсон гэж тодотгож ч болно гэх юм билээ.

Гэхдээ тус байгууллага нь цэрэг, улстөрийн байгууллага гэдэг нь Тажикстан, Киргизстан зэрэг Төв Азийн жижиг буурай улсуудын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний цэргийн хээрийн сургууль явуулахаар шахаж шаардах, зарим үед зайлшгүй тулган шаардлага тавьж ч үзсэн тохиолдлуудаас нь тодорхой харагдсан билээ. Одоогоор энэ байгууллагын албан ёсны гишүүнээр анхны тав дээр 2001 оны зургаадугаар сарын 15-нд элсэн орсон Узбекстан, дараа нь буюу 2017 оны зургаадугаар сарын 9-нд хөрш зэргэлдээ, хэрүүл тэмцэл ихтэй Энэтхэг, Пакистан улсууд нэмэгдсэнээр одоогоор албан ёсны найман гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Гэхдээ доторх гишүүн улсууд нь тухайлбал хөрш зэргэлдээ Энэтхэг, Пакистан улсууд нь Жамми кашмир мужаа булаацалдан байнга л дайны байдалтай оршсоор байгааг ч олигтойхон зохицуулж чадахгүй байгаа хэрнээ Афганистан, Сири зэрэг дэлхийн халуун цэг болсон улсуудад энх тайван, амар амгаланг цогцлон байгуулахад хүчин зүтгэнэ хэмээн томхон ам гарсаар л яваа билээ. Хэдийгээр манай улс нь Беларусь, Афганистан, Иран зэрэг орнуудтай адил эрхтэй, ажиглагч орны байр суурьтай байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулга болон Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон, Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун зэрэг олон улстөрчид “Монгол Улс одоо л Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэн орохгүй бол олон томоохон төслүүдээс хоцроход хүрнэ” гэцгээж байгаа ч өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан  Лу.Болд, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Нямбаатар гээд маш олон улстөрчид “Монгол Улс энэ байгууллагын гишүүнээр элсэх цаг нь яагаа ч үгүй. Яагаад гэвэл тэд эхлээд гар барина. Гар бариад бугуй барина. Бугуй бариад тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Энэ бол Шанхайн ломбард. Боль оо, Х.Баттулга аа, Чи Шанхайн ломбардад Монголыг тавьж болохгүй. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй” гэсэн Ц.Элбэгдоржийн эсэргүүцлийг уухайлан дэмжиж байгаа билээ.

Тэгэхээр үнэндээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хэмээх энэхүү цэрэг, улстөр, эдийн засгийн хамтын ажиллагааны Евразийг холбосон байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэх цаг нь арай л болоогүй мэт санагдана.

Хэрвээ жаахан эдийн засгийн ашиг олох санаатай элсээд орсон чинь өнөөдүүл буюу Евразийг холбосон ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Казакстан, Укбекстан зэрэг товаришууд маань тас тэвэрчихээд янз бүрээр оролдоод унавал яах вэ, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга аа. Харин бүр эдийн засгийн бага сага ашиг олох гэсэн биш цэрэг, улстөрийн эвгүйхэн шахалт, хавчлагад тас тэврүүлчихээд салахгүй зууралдаад унавал яах вэ. Гишүүнээр элссэн биш “Танайх манай бүрэн эрхтэй гишүүн учир одоо танай нутагт цэргийн сургууль хийнэ” гээд л жил өнжихгүй шахам ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Энэтхэг, Пакистаны хэдэн арван мянган цэрэг, баахан танк, байлдааны зэвсэглэлээ хангинуулан орж ирээд говь, хангай нутгийг маань талхлаад унавал яах вэ. Ер нь ч тэгээд “Энэ Монгол чинь асар уудам нутагтай юм байна. Тэгээд ч эднийд байнга шахуу цэргийн хамтарсан томоохон хээрийн сургууль хийж байхад эрх мэдэлтэй дарга нар нь ихэд дуртай юм байна” хэмээн буруугаар сэтгээд ёстой л “Гар барингуутаа бугуй барьж” дайраад унавал яах вэ. Хамгийн гол нь их Д.Нацагдоржийн

“Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө

Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж

Хойчийн шинэ ертөнц  дээр  хөдэт гавьяаг байгуулая” хэмээн шүлэглэсэн Монгол нутагт байсхийгээд л хэлэн арван мянган цэрэг, баахан танк, бусад техникийн дуу хяхтнуулсан хамтарсан хээрийн сургууль хийж бусниулаад унавал яах вэ.

Мэдээж тэрхүү хамтарсан цэргийн хээрийн сургууль хийхийн тулд хээл хахууль, хөрөнгө мөнгөнд толгойгоо тавиад өгөхөөс буцахгүй Монголын улстөрчдийн бугуйг базаж, байсхийгээд л хахуульдаад унавал эрхэм дээдсүүдэд л ашигтай, хэрэгтэй болохоос биш Монголын ард түмэнд огтхон ч хүртээлгүй, ямар ч үр ашиггүй, харин ч бүр эх сайхан орныг минь эзэрхийлэн түрэмгийлэх эхлэл болохыг үгүйсгэх аргагүй юм. Нэгэнт байдал учир иймд эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх асар их дур сонирхолоо түр зууртаа хазаарлан татвал Монголын ард түмэнд л хэрэгтэй, тустай санагдана. Мөн эх орны маань бүрэн бүтэн байдал, газар нутгийн маань үржил шимтэй байгаль орчинд ч тун чиг хэрэгтэй бус уу.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jiriin Irgen

      (107.77.104.35) 2019-02-20 21:55
      • 0
      • 1

      Bid erh choloogoo Hyatadyydad aldana Yaj ch bodson erohiiloch maani hahuulduulsnaas zailahgyi Herve ard tymenee boddog bol ingej yrihgyi baisan

      Хариулах

    • око

      (202.9.44.138) 2019-02-20 15:21
      • 0
      • 1

      Ахмадуудынхаа үгийг сайн бодох хэрэгтэй. яарвал даарна гэдэг шүү ерөнхийлөгч өө,ерөнхий сайд аа

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.38) 2019-02-20 13:11
      • 0
      • 1

      Баттулга Хүрэлсүх хоёр муу Энхболдыг ад үзэж замаас нь зайлуулсан гол шалтгаан нь энэ байх. муу нэрт Энхболдыг хятадаар нь дуудаад өөрсдөө монголыг хятадын халаасанд хийж өөрсдөө халаасаа түнтийлгэх бодол тээж яваа хулхи эх орончид

      Хариулах