2020 он гэхэд 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажлыг хийнэ

Twitter Print
2019 оны 02-р сар 20-нд 07:45 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ.

2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн.

Хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх юм.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдлаа.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг санууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Төсөл хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын талаар ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг шинээр барих асуудлууд тодорхой шалтгаануудын улмаас саатсан. Тухайлбал газрын асуудал шийдэгдээгүй, тендерийн хугацаа хойшилсон, маргаан үүссэн гэх зэрэг зохион байгуулалтын олон асуудлаас үүдэн ажил хоцорч, зарим сургууль цэцэрлэгийн төсөв татагдсан.

Тиймээс 2019 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эртнээс тал талын оролцоотой зохион байгуулах үүднээс өнгөрсөн 7 хоногт Боловсролын сайдын тушаал гарсан. Өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдол байна. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ойрын хугацаанд энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргана” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.