Тэргүүн өндөр уул

Twitter Print
2019 оны 02-р сар 17-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Тэргүүн өндөр уул нь Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн нутагт сумын төвөөс зүүн тийш 3 км-т оршдог.

Уулыг нэрлэдэг байсан тухайд:

1990 ээд онд тухайн үед Монголын нууц товчоонд нэр дурьдагдсан газрын нэр байршлыг тогтоох Чингисийн онгоныг эрж хайх Монгол, Японы хамтарсан “Гурван гол” экспедицийн хамт олон судалгаа хийж тогтоосон байдаг.

Тэргүүн өндөр уул нь далайн түвшнээс дээш 1448,8 метрт оршдог. 696 га талбайг хамарсан ойн сантай. 2009 онд ойн түймрийн улмаас ойн сан шатсан. Түүнээс хойш ойжуулалтын ажил тогтмол хийгдэж байгаа ба сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

Тэргүүн өндөр уулын талаар Монголын нууц товчоо /МНТ/-ны 2-бүлгийн 79-р зүйлд:

· Тайчуудын Таргудай хирилтуг турхагуудаа удирдаж

· Төлөгний үс төлжиж

· Хурганы бие гүйцэв

хэмээн довтлон ирэх ахуйд Өэлүн эх Тэмүжинийг буруулан гаргаж ойд дутаан оруулав. Тайчууд түүнийг үзэж хөөхөд Тэмүүжин Тэргүүн өндөрийн шугуйд шургаж оров. Тайчууд шугуйд орж чадалгүй гэдрэг эрэн сахив.

Тэмүүжин Тэргүүн өндөрийн шугуйд гурав хоноод гарах гэтэл олом жирэм нь татаатай хэрнээ эмээл нь холбирон унав. Түүнийг бодоод тэнгэр надад дохио илгээв хэмээгээд гэдрэг буцаж ахиад гурав хонов.

Гурав хоноод гарах гэтэл зам дээр нь үхрийн чинээ том цагаан чулуу унасан байхыг хараад ахин гэдрэг буцав. Ес хоносны эцэст ундаасаж харангасан үхвэл үхье, баригдвал ч баригдая хэмээн гарч ирвээс Тайчууд үзэн барьж авав хэмээсэн байдаг.

Тайчуудаас Тэмүүжинийг ес хоног халхалсан түүхт уул Онон, Эг голуудын бэлчирт оршдог болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.