Хонконгийн хилээр 40 кг хирсний эвэр гаргахыг оролджээ

Twitter Print
2019 оны 02-р сар 18-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Хонконгийн гаалийн ажилчид Өмнөд Африкийн Йоханнесбургээс Вьетнамын Хо Ши Мин руу нисч байсан онгоцны тээшнээс 1 сая ам. долларын үнэд хүрэх хэмжээний 40 кг хирсний эвэр илрүүлжээ.

Хонконгийн эрх баригчид Хятадын нутаг дэвсгэр дээгүүр ховор ан амьтад болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг зөөвөрлөх явдал ихэсч байгаатай холбогдуулан гаалийн хатуу хяналт шалгалтыг явуулж байгаа гэнэ. Өнгөрсөн сард л гэхэд Хонконгийн гаалийн албаныхан хуягт гүрвэлийн хайрс болон зааны соёог Африкаас их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

Хоёр цаасан хайрцганд хуваан хийсэн 40 кг хирсний эврийг Хонконгийн хилээр гаргах гэж оролдсон 2 эрэгтэйг баривчилжээ. Ан амьтдыг хамгаалах WildAid (Вайлд Эйд) байгууллагаас гаргасан мэдэгдэлдээ дээрх хоёр этгээдийн зөөж явсан хирсний эврийн хэмжээ нь 2013-2018 оны 10-р сар хүртэл Хонконгийн хил дээрээс хураагдсан нийт хирсний эврийн хэмжээний 20 хувьтай тэнцэж байгаа нь сэтгэл цочирдуулам байсан болохыг онцолжээ.

Британийн колони байсан Хонконг нь хулгайн ан амьтад болон тэдгээрийн түүхий эдийг авч яваа этгээдүүдийн дамжин өнгөрөх гол цэг болдог ба эдгээрийн дийлэнхийг Ази руу тэр дундаа Хятадын их газар луу тээвэрлэдэг байна. Ховор ан амьтдын түүхий эдийг голчлон Хятадын уламжлалт эмчилгээний эм танд ашигладаг аж.

Жишээ нь хирсний эвэр нь хавдрын эмчилгээ, биеийг хоргүйжүүлэх, архины хордлогын эмчилгээнд маш үр дүнтэй гэж үздэг байна. Хирсний бүх төрөл нь нэн ховордсон амьтны төрөлд багтдаг учраас тэдгээрийг олон улсад худалдаалах, агнах зэрэг нь хуулиар хориотой юм.

Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 29 мянган хүрэхгүй тооны хирс амьдарч байгаа аж. Хонконгийн эрх баригчид ховордсон ан амьтад болон тэдгээрийн түүхий эдийг хулгайгаар зөөвөрлөсөн этгээдүүдэд 10 сая хонконг долларын торгууль, 10 жилийн хорих ял өгдөг ч ан амьтан хамгаалах байгууллагууд Хонконгийн эрх баригчид эдгээр гэмт хэрэгт чухал ач холбогдол өгдөггүй хэмээн шүүмжилж байна.

Эх сурвалж: www.reuters.com

С.Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.