Дайны цагийн Баянтүмэн

Twitter Print
2019 оны 02-р сар 15-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

“Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-т Чойбалсан хот нь Халхголын дайны ялалтанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн баатарлаг үйлст хот бөгөөд тухайн үед Баянтүмэн хэмээн нэрлэгдэж байсан билээ. Хотын иргэд дайны фронтод тулалдаж буй цэрэг эрсэд зориулан хоол хүнс, түлээ түлш, эсгий гэр, барилгын материалыг бэлдэж дайны талбарт хүргэж байснаас гадна Монгол - Зөвлөлтийн цэрэг армийг угтан авч байрлуулах, сайн дураараа цэрэгт элсэх, дайны талбарт шархадсан цэргүүдийг асарч сувилах зэргээр Халхголын байлдаанд гар бие оролцож байв.

Чойбалсан хот 1935 оноос эхлэн дайны бэлэн байдалд шилжсэн бөгөөд Зөвлөлт, Монголын цэргийн анги нэгтгэл, дивизүүд байрлаж байсан. 1939 оны 4 сараас эхлэн Японы Кавантуны арми Баянтүмэн хотын дээгүүр тагнуулын нислэг хийж, улмаар 6 сарын 27-нд 20 гаруй онгоцтойгоор агаараас довтлон 120 гаруй бөмбөг хаяснаар 5 хүний амь эрсдэж, олон арван байшин барилга сүйдэж багагүй хохирол учирчээ. Баянтүмэн хотын албан газрууд, айл өрхийн байшингуудыг хар эрээн өнгөөр будаж өнгөлөн далдлалт хийснээр энэ бөмбөгдөлтөд учрах хохирлыг харьцангуй хөнгөвчилж байв.

Хотын иргэд Улаан армийн дайчдын хамтаар хотыг тойруулан 8 метр өргөн, 4 метр гүн, 100 км урт шороон жалга бүхий саад байгуулж дайсны танк орж ирэхээс хамгаалж байсан нь одоо ч Чойбалсан хотноо үлдсэн байдаг. Дайны үед ЗХУ-ын тусламжаар тавигдсан Соловьевск-Баянтүмэний төмөр зам нь цэрэг дайны зориулалтаар ашиглагдаж байсан бол эдүгээ хотын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг УБТЗ-ын харъяа Баянтүмэн тасаг болж өргөжөөд байна.
Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 7 сарын 20-ны 44 дүгээр тогтоолоор, Ардын хувьсгалын удирдагч, хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгосноор “Баянтүмэн” хотын нэр Чойбалсан хот хэмээн нэрлэгдэх болжээ.

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.