“ХӨӨГДСӨН” бүсгүй болон өвгөн рокерын дуу

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

Хачин гарчиг уншчихав уу?

Одоо таны сонсох дуу яг ч рок баллад биш л дээ. Залуудаа, японы рок хамтлагийн гишүүн асан, ая зохиогч, дуучин, хөгжимчин өвгөний дуулсан, жирийн нэгэн, гунигтай “шансон”. Өвгөнийг Кожи Тамаки гэдэг. “Икинайдэ” хэмээх энэ хитийг залуудаа зохиож, өөрөө дуулсан юм. Уг дууг зориулсан хүний намтар их сонирхолтой санагдлаа. Япон, Хятадын супер од, үзэсгэлэнт бүсгүй Ёшико Ямагучийн тухай дуу гэнэ дээ.

Ёшико япон хүн ч гэлээ Хятадад бага, залуу нас нь өнгөрчээ. Үзэсгэлэнт төрх, сопрано хоолой, жүжиглэх авьяас билгийнхээ хүчээр цэл залуудаа алдаршиж, дэлхийн II дайны үеийн Хятадад жинхэнэ супер од болж, бишрүүлж явсан эмэгтэй аж.

Дуулж, кинонд тоглож, шүтээний хэмжээнд залагдаж явсан тэрээр хятад хүн биш болох нь гэнэт илчлэгдсэнээр “баларсан” түүхтэй. Дайнаас болж япончуудыг үзэн ядаад байсан хятадууд өөрсдийг нь хуурлаа хэмээн ШҮТЭЭН-дээ асар их хилэгнэжээ. Талархал магтаалын үгээр “үнсдэг” асан тэр л амаараа үзэн ядалт, зэвүүцлийн үгээр булж, хараан зүхэж, хөөж явуулахыг шаардан, төр засгийн зүгээс ч байцаан шалгаж, шоронд хорьсон байна. Амьдралын олон эргэлт, хүмүүний олон аашийг яалтай ч билээ. Цаазаар авахуулдгийн даваан дээр багын найз орос эмэгтэй нь тусалснаар амьд үлдэж чаджээ.

Ингээд тэр Америк, Японд амьдрах болов. Японд л гэхэд Акира Курасаватай хамтарч ажиллах хэмжээнд хүртлээ алдаршиж, Америкт амьдрах хугацаандаа Холливудын хэд хэдэн кинонд тоглоод амжсан байх юм.

Ямагучи хожим улс төрд хөл тавьж, нийгмийн нэртэй зүтгэлтэн болжээ. Намтар нь үнэхээр сонирхолтой. Li Hsiang гэдэг нь хятад нэр, Ёшико Ямагучи бол япон нэр нь. Мөн Холливудын кинонд тоглохдоо Ширли Ямагучи, Жүди Гарлан гэх мэт нэрийг хэрэглэдэг байж. (Уран бүтээлийн 10-аад нэртэй) 

Өсөж торнисон, хайртай хүмүүсээ орхисон нутгаа их л санадаг, үгүйлдэг байсан ч түүнийг үзэн ядагчид Хятадад нэмэгдсээр, Японы эсрэг суртал ухуулгууд идэвхжсээр асан тул буцаж очихоос эмээдэг байж. Ямагучийн тухай нэг баримтат кинонд бүр “дайны үед цэргийн ангиар явдаг биеэ үнэлэгч байсан” мэтээр үзүүлсэн ч удаатай. Бурханаас чөтгөр болтлоо хувирч харагдсан хүний түүх!

Алс байгаа хайртаа хүнээ санагалзсан, гунигтай үг бүхий энэ дууны зориулагдсан эзний тухай цухас дурдвал ийм.

...Залуудаа нэртэй рокер байсан Кожи Тамаки буурал үстэй болчихоод, Гонконгийн тайзнаа, симфони оркестртой дуулж байна. 20 эсвэл 30 настай залуус ингэж дуулахгүй. 40 настай эрчүүд ч үүнээс өөрөөр л дуулна. Нас насанд өөрийн үзэсгэлэн бий. Энэ бичлэгээс өтөл насны гоо сайхан үзэгдэж, сонсогдох болов уу.

ЖИЧ: Өө тийм, өнөөдөр Ёшико Ямагучийн төрсөн өдөр.

Лувсандоржийн Өлзийтөгс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.