Азийн наадмын аварга Рикако Икээ цусны хорт хавдар тусжээ

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Японы усанд сэлэлтийн тамирчин, Жакартагийн Азийн наадмын 6 алтан медальт, ДАШТ-ий 3 хүрэл медальт, 18 настай Рикако Икээ хүнд өвчин туссанаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Япон тамирчин цусны хорт хавдартай болжээ.

Рикако өнгөрсөн жилийн Азийн наадамд 6 алтан медаль хүртэж, наадмын шилдэг тамирчнаар шалгаран, спортын ертөнцийг шуугиулсан билээ. "Токио 2020" олимпийн наадмын гол итгэл найдвар гэгдэж байсан тэрбээр цусны хорт хавдар буюу цусны цагаан эсийн өмөн хэмээх өвчин туссан байна.

Австралид шигшээ багийн цугларалтад хамрагдаж байсан Рикако биеийн байдал муу хэмээн Японд буцан ирж, эмнэлгийн шинжилгээ хийлгэтэл ийм аймшигтай онош гарчээ. Тэр Австрали явахаасаа өмнө "Бие нэг л хүнд байна" гэж ярьж байжээ.

Рикако Икээ твиттертээ "Би одоо болтол итгэхгүй байна. Гэхдээ сайн эмчилбэл эдгэдэг өвчин гэсэн. Энэ жилийн УАШТ-д оролцож чадахгүй боллоо. Амралт авч, эмчилгээндээ орно. Өвчнөө ялан дийлээд улам хүчтэй болоод эргэн ирэх болно" гэж бичсэн байна.

Түүний хувьд азийн наадмын 8 төрөлд өрсөлдөж, 6 алт 2 мөнгөн медаль хүртснээс гадна Азийн аваргын 4 алт, 3 мөнгө, залуучуудын азийн аваргаас 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлээд байлаа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.