БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын албанаас хууль бусаар оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн шалгалт, хяналтыг эрчимжүүлнэ

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын газраас 2019 онд авч хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсныг хүргэж байна.

1. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогын хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнээс гадна түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүдэд оршин суух зөвшөөрөл олгох хүрээг нэмэгдүүлнэ.

2. Хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг улирлын чанартай хөдөлмөрийн салбарт гадаадын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ.

3. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ өмнөдийн бодлого”-ын дагуу Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд удаан хугацааны оршин суух зөвшөөрөл, олон удаагийн виз олголт зэрэг хөнгөлөлт үзүүлнэ.

4. Цагдаагийн газартай хамтран хууль бусаар оршин сууж байгаа болон хөдөлмөр эрхэлж буй иргэдэд тавих хяналтыг нэмэгдүүлнэ. Шөнийн цэнгээний газар зэрэг үйлчилгээний газруудад шалгалтыг чангатгана. Хууль бус гадаадын оршин суугч болон хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан иргэдэд торгууль ногдуулна.

5. БНСУ-д оршин сууж байх хугацаандаа олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд оршин суух эрхийг хязгаарлах, эрүүл мэнд болон бусад төрлийн даатгал, татварын төлбөр төлөөгүй тохиолдолд оршин суух эрхийг сунгахгүй байх, согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авна.

6. Цагаачлалын хуулийг бусад зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлж холбогдох хууль, дүрэмд өөрчлөлт оруулна.

7. БНСУ-ын үндэсний тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн ОХУ, БНХУ-д оршин суугаа солонгос үүсэл гаралтай иргэдэд тусгайлан оршин суух зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Мөн БНСУ-ын ХЗЯ-ны харьяа Гадаадын иргэн харьяатын албанаас 2019 оны 2 дугаар сараас эхлэн хууль бусаар оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн шалгалт, хяналтыг эрчимжүүлж, албадан буцаагдсан иргэдэд тавигдах хуулийн хариуцлагыг чангатгах арга хэмжээг авах шийдвэр гаргасан болохыг мэдэгдэж байна гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.