Автобусны зогсоолд автомашинаа байрлуулсан тохиолдолд хуулийн дагуу жолоочийг торгодог

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Замын хөдөлгөөний хуучин дүрмээр суудлын автомашин автобусны зогсоолд түр хугацаанд зогсч болдог байсан. Харин шинэчилсэн дүрэмд заасны дагуу 06.00-22.00 цагийн хооронд чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу автобусны зогсоолд суудлын автомашиныг түр болон удаан хугацаагаар зогсоох ёсгүй. Зогссон тохиолдолд хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авдаг.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд 2-3 автобус зогсох боломжтой. Гэтэл тухайн зайд суудлын автомашин зогсч, хөдөлгөөнд нь саад учруулдаг. Үүнээс болж автобус хоёрдугаар эгнээнд зогсч, зорчигчоо буулгаж байгаад хүн гэмтэж бэртсэн тохиолдол гарч байсан.

Нийслэлчүүдийн 70-80 нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог. Тиймээс зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс энэ талаар Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой тусгасан нь давуу тал болж байна.

Хэрэв автобусны буудал дээр зогсвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арван нэгжээр торгож, нэг оноо хасдаг. Зөрчил гаргасан тухайн жолооч нэг оноотой байсан тохиолдолд оноо нь дуусч, жолоодох эрхгүй болно гэсэн үг. 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд автобус болон суудлын автомашины жолоочийн эрх, үүргийн талаар тодорхой тусгасан. Тодруулбал, чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч зорчигчийг буулгаж, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү ойртож хашлагад 0.5 метрээс илүүгүй зайд шахаж зогсох ёстой.

Мөн чиглэлийн тээврийн хэрэгсэл байр эзлэх эсвэл саад тойрохоос бусад тохиолдолд хоёр, гуравдугаар эгнээгээр зорчихгүй. Харин чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад нь байр эзлэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй. Үүний хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллаж байна. Ирэх намар автобусны буудал бүрт хяналтын камер байршуулах шийдвэр гарчээ.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсч байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 43.2-д заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээ /24000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулдаг байна.

Шалгалтын хүрээнд өнгөрсөн жил нэг улиралд л гэхэд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 649 жолоочид 12.980.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг авч байжээ.

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.