Нярайн асаргаа

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 20:14 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ асарч халамжлах сайхан

Хүүхдээ арчлах цаг нь хүүхэдтэйгээ хүрэлцэж, харилцах цаг юм. Эхэндээ дасаагүй байдаг учир бага зэрэг хэцүү байх боловч аажмаар маш сайн арчилдаг болно. "Ээж нь сайхан цэвэрхэн болгоод өгье", "ингээд л сайхан болчихлоо" гэх зэргээр ярилцангаа эелдгээр асраарай.

[Хүүхдэд бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас гарын хумс, чих, хамар зэрэг нарийн хэсгүүдэд арьс болон хир бөөгнөрөхдөө амархан байдаг]

Хүүхдийн үндсэн асаргаа

Ээж та өөрийнхөө тохиромжтой цагт хүүхдийнхээ арчилгаа, асаргааг хийгээрэй. Хүүхдээ усанд оруулсны дараагаар хамар, чихний доторх чийгтэй байх үед цэвэрлэхэд хялбар байдаг. Хүүхдийнхээ хувцас болон живхийг солих үед, биеийн халууныг хэмжих үедээ ч арчилж цэвэрлэж болно. Хүүхэд дургүй байх тохиолдолд хүүхдээ унтаж байхад нь цэвэрлээрэй.

Айж сандрахгүйгээр сайтар асрах

Ээж айж сандрахад тэрхүү сэтгэгдэл хүүхдэд мэдрэгддэг тул хүүхэд таагүй болж дургүйцэж эхэлдэг. Хүүхэд хөдөлчихвөл аюултай гэж бодоод хүч ашиглаж болохгүй. Айж сандралгүй тайвнаар хүүхдээ арчлаарай.

Төгс хийе гэж хичээхгүйгээр хийх

Хүүхдийн арьс болон салст нь эмзэг тул хэт их цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхэд удаан хөдөлгөөнгүй байхад дургүй байдаг. Хүүхдээ арчилж цэвэрлэхдээ нэг дор бүх биеийг цэвэрлэх хэрэгтэй гэж бодож болохгүй. Бага багаар боломжтой хэсгийг цэвэрлэж арчлахад хангалттай. Биеийн хэсэг тус бүрийг цаг, өдөр товлон арчилж ч болно шүү дээ.

Гэрэл сайтай газар хүүхдээ шалгах

Хүүхдийн асаргаа цэвэрлэгээг хийх газар нь нарийн жижиг хэсгүүд сайн харагдахаар гэрэлтэй байх ёстой. Эхлэхийн өмнө бохирдлыг сайтар шалгаж үзээд хаанаас цэвэрлэж эхлэхээ бодсоны дараа арчилж цэвэрлэвэл хурдан дуусна.

Асаргаа цэвэрлэгээний бүтээгдэхүүн бүгд нэг дор

Хүүхдийн асаргаа цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь том хүнийхээс тусдаа. Хүүхдийн бяцхан хумс, чих, хамарт тохирсон, хэрэглэхэд аюулгүй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.

Хумсны хайч (сарын онцлогт тохирсон), хөвөнтэй мод, хүүхдийн тос, бие угаагч гэх мэт олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн байдаг. Хэрэгцээтэй зүйлсээ бүгдийг нэг дор цуглуулан хадгалбал санасан үедээ авч ашиглахад хялбар байдаг.

Жижиг хэсгүүдийн арчилгааны онцлог

Хумс

Ойролцоогоор 1мм орчим ургахаар нь долоо хоногт 1 удаа авахад болно. Хумс ургаснаар нүүрээ урж гэмтээдэг учир даруй авах хэрэгтэй. Усанд оруулсны дараа хүүхдийн хумс зөөлөрдөг тул лав авах магадлал өндөр болдог. Тиймээс усанд оруулахын өмнө, эсвэл бусад үед өглөө болон өдрийн цагаар авч байгаарай.

Мөн нэг дор бүх хумсыг нь авах гээд лав авах тохиолдол гардаг тул цөөн цөөнөөр хэд хэдэн удаа, хумсны өнцгийг нь дугуйруулан авч өгөөрэй.

Гарын хумсыг авахдаа

Хумсыг нь авах гэж байгаа хурууг эрхий болон долоовор хуруугаараа сайтар барьж авна.

Хөлийн хумсыг авахдаа

Хөлийг нь атган эрхий хуруугаараа хумсыг нь авах хурууг өргөн авахад аюулгүй.

Нүд

Нүд нь нянгаар халдварлагдахдаа амархан байдаг учраас нүүр арчилгааны хамгийн эхэнд цэвэрлэнэ. Нүдэнд нуух байвал цэвэр даавуугаар арчиж цэвэрлэнэ. Бүлээн усанд норгосон даавуугаар ээж хуруугаа ороож арчиж авна. Арчихдаа нүдний дотор булангаас гадагш чиглэлээр зөөлөн дарж арчина. Нөгөө нүдийг арчихдаа даавууныхаа цэвэр хэсгээр арчина.

Хамар

Хүүхдийн хамрын салст амархан гэмтдэг учир хамрын нүхний өнгөц харагдах хэсгийг цэвэрлэнэ. Хөвөнтэй савхаар удаан эргүүлж цэвэрлээрэй. Том хатуу нусыг цэвэрлэхдээ чимхүүр хэрэглэж болно. Хамрыг цэвэрлэхдээ хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байлгаж хамрын угруу оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хамар нустай байвал хамрын нус сорогчоор авч өгөөрэй. Хатуу нустай байвал халуун бүлээн алчуураар хамарт жин тавихад хамрын нус зөөлөрч авахад хялбар болдог.

Хөвөнтэй мод хэрэглэх арга:

1. Үзэг барьж байгаа юм шиг модны үзүүрээс барина.

2. Хүүхдийн хамар, чих, хүйсэнд хүрэхдээ сайтар тогтвортой барих хэрэгтэй.

Чих

Чихний гэдэс болон дэлбэнг цэвэрлэхдээ зөөлөн даавуу хуруундаа ороож арчина. Усанд оруулж байхдаа ч цэвэрлэж болно. Чихэн доторхыг уснаас гарсны дараа хөвөнтэй савх модоор арчих хэрэгтэй. Чихний хулхи аяндаа өөрөө гарч ирдэг тул чихний наад хэсгийн бохирдлыг хөвөнтэй модны үзүүрээр эргүүлж арчиж авна. Хүүхдийнхээ толгойг хөдөлгөөнгүй болгож наад хэсгийг л цэвэрлэнэ.Хөвөнтэй модоо норговол нян үржих учраас хуурай чигээр нь хадгалах хэрэгтэй.

Хүйс

Хүй цөглөөгүй үед өдөр бүр усанд оруулахдаа цэвэрлэнэ. Хуруугаараа хүйсийг нээж байгаад хөвөнтэй модыг ариутгагч шингэнд дүрж хүйг ариутгаарай. Нэгэнт хүй цөглөж хатсан бол усанд оруулсныхаа дараа хөвөнтэй модоор нүдэнд харагдах хэсгийг арчихад болно. Хөвөнтэй модоороо хүйсний нүхлүү гүн хийхгүй байх хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.