Цагаан баавгайнууд суурин газар олноороо орж иржээ

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Архангельск мужийн удирдлагууд суурин газруудын ойр орчимд цагаан баавгайнууд олноороо орж ирсэнтэй холбоотойгоор Новая Земля арал дээр онц байдал зарлажээ.

Тус арлын захирагч Жиганша Мусины хэлж байгаагаар онц байдлыг орон нутгийн иргэдийн аюулгүй байдал хангагдах хүртэл зарлах гэнэ.

Новая Земля арал руу эрдэмтэн мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай баг илгээсэн ба тус багийнхан цагаан баавгайнууд иргэд рүү дайрахаас сэргийлж, тэдгээрийг гэмтээж бэртээлгүйгээр суурин газраас хөөх арга хэмжээ авах гэнэ. Тус арлын захирагч Жиганша Мусины хэлж байгаагаар суурин газруудын ойр орчимд сүүлийн 3 сарын хугацаанд 50 орчим цагаан баавгай цугларсан ба 6-10 цагаан баавгай суурин газар тогтмол эргэлдэж, иргэд рүү дайрах, байр орон сууц, албан байгууллагууд руу орсон тохиолдлууд ч гараад байгаа аж.

Новая Земля арлын оршин суугчид гэрээсээ гарч, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд явуулахаас айж байгаа ба иргэдийн өдөр тутмын амьдралын хэмнэл алдагдаж байгааг ч онцолжээ. Орон нутгийн удирдлагууд цагаан баавгайнууд суурин газарт орж ирсэн эхний өдрөөс эхлэн шаардлагатай арга хэмжээ авсан ч ямар нэг үр дүнд хүрээгүй байна.

Цагаан баавгай нь хуурай газрын хамгийн том махчин амьтдын нэгд тооцогддог ба хулгайн ан, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж тоо толгой нь цөөрөх өндөр эрсдэлтэйд тооцогддог. ОХУ-д цагаан баавгай агнах хуулиар хориотой байдаг байна. Намрын сүүл үе, өвлийн улиралд өлссөн цагаан баавгайнууд суурин газрын ойролцоох хогийн цэг дээрх хоол хүнсний үлдэгдэл, загас зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүн цэвэрлэж янзалдаг газруудын үнэрийг дагаж ирдэг гэжээ.

Эх сурвалж: BBC

С.Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.